“Багшийн тэтгэлэг”-ийг бодлого чигээр нь авч явах чадамж энэ Засагт байгаа юу

Х.Батсайхан
1 цаг 18 минутын өмнө

Эрэлттэй хичээлийн багш мэргэжлээр суралсан оюунтнуудад сургалтын 100 хувийн тэтгэлэг олгох шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар 2024 оны гуравдугаар сард 103 дугаар тогтоолоор анх гаргажээ.  

Шалтгаан нь жил бүр ёс юм шиг 3000-4000 багшийн дутагдалтай эхэлдэг хичээлийн шинэ жил, дээр нь нэмээд мэдээж, УИХ-ын сонгууль хамгийн гол шалтгаан байв. Журам ёсоор элсэлтийн шалгалтын оноо 480-аас дээш, голч дүн 2.7-гоос дээш байхад тэтгэлэгт хамрагдах бөгөөд суралцаж төгссөний дараа таван жил мэргэжлээрээ ажиллах үүрэг хүлээнэ.

Дарга, даргыг тойрон хүрээлэгчдийн үр хүүхдүүд БЗС-г цөлмөж, гаднын их сургуульд жилд 20-30 мянган ам.доллараар суралцдаг, эх орондоо ирсэн хойноо төрд таван жил ажилласан болоод зээлээ хаалгадаг, эс бөгөөс огт төлдөггүй алга болдог гэх дуулиан тухайн үед ид дэгдэж, улстөрчид нэгнийгээ намнах, нэр хүндээ өсгөх хэрэгсэл болгож байсан энэ үед БЗС-гийн үйл ажиллагааг дотоодод, ард иргэд рүү илүү хандуулах 103 дугаар тогтоол гарсан нь чухам нүдээ олсон шийдэл байсан юм.

Хийх ёстой, шаардлагатай ажлыг яаж ийж хойшлуулсаар сонгуулийн жил хийж ашиг хонжоо гаргадаг зангаа МАН энэ асуудалд ч гаргаж, 2024 оны сонгуульд 68 суудал авч ялсан.

Харамсалтай нь, сонгууль өнгөрсний дараа амлалтаасаа буцдаг луйварчин зангаа бас гаргажээ. Тодруулбал, сонгуульд ялсан хэрнээ 2025 оны төсвийг 40 гаруй тэрбум төгрөгөөр татуу баталсан. Улмаар 2026 оны төсвөөс тэр дутуугаа нэмж санхүүжүүлээд жилд 6 сая орчим төгрөгийн тэтгэлэг авч буй 3500 хүүхдийн тэтгэлгийг бүр хаяжээ.

БЗС-гийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Зохихсүрэн өчигдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд мэдээлэл өгөхдөө “2025 онд төсвийн гүйцэтгэл 41.7 тэрбум төгрөгийн дуу байснаас үүдэлтэйгээр 2026 онд энэ мөнгийг нөхөж санхүүжүүлсэн. Үүнээс үүдэлтэй төсвийн дутагдал нь асуудлын нэг шалтгаан нь.

Мөн 2026 оны төсөв батлагдахдаа хязгаарлагдмал буюу 3500 оюутны асуудал багтахгүй байхаар батлагдсан. Өөрөөр хэлбэл, 3500 оюутны тэтгэлгийг өөр зүйлд зарцуулсан биш, анхнаасаа төсөв дээр байгаагүй гэсэн үг.


Одоогоор Боловсролын зээлийн сан дээр 62 тэрбум төгрөгийн эх үүсвэр дутагдалтай байгаагаас 15 тэрбумыг нь өөрсдийн эх үүсвэр буюу  зээлийн эргэн төлөлтөөс санхүүжүүлэхээр төлөвлөж байна” гэж мэдээлсэн.

Өөрөөр хэлбэл, санхүүжилт дутагдалтай, нэмэлт санхүүжилт шаардагдаж байгаа гэдгийг УИХ-ын Эдийн Засгийн байнгын хороонд учирласан. Харамсалтай нь, салбарын сайд Л.Энх-Амгалан байсангүй. Орон нутагт томилолттой байгаа гэсэн тайлбарыг ТНБД нь өгнө лээ.

Дашрамд, эрх баригчид БЗС-гийн зээлийн эргэн төлөлтийг хэт өндрөөр тооцсон ч зээлдэгчид Шүүхэд хандан өр, төлбөрөөс олноороо чөлөөлөгдсөнтэй холбоотой төсвийн дутагдал үүссэн, түүнийх нь золиосонд багш мэргэжлээр суралцаж байгаа оюутнууд хохирч байгаа ч байж мэдэх дүр зургийг албаны хүмүүсийн өгсөн мэдээлэл харуулж байна билээ.

Эцэст нь хэлэхэд, Боловсролын яам  ахлах сургуулийн нэг сурагчийг нэг жил сургахад 5.5 сая төгрөг хувийн сургуульд төлж байгаа. Багш мэргэжлээр суралцагсдын сургалтын тэтгэлэг 6 сая орчим төгрөг буюу бараг ижилхэн. Гэтэл багш мэргэжлээр суралцаж байгаа оюутнууд төгссөнийхөө дараа төрийн яв гэсэн газарт явж, ажилла гэсэн газарт ажиллаж ачаа үүрэлцэх боловсон хүчин шүү дээ. Төр эдгээр оюутнуудынхаа өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, гэрээгээ хэрэгжүүлбэл төгсөж гарсан залуу боловсон хүчнээр боловсролын салбарыг тэтгэнэ. Харин биелүүлэхгүй бол багш гэдэг сайхан мэргэжил, иргэдийн итгэл сэтгэлийг сонгуульд ялах хэрэгсэл болгосон сонгуулийн луйвар л болно. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 173.32.84.21
    4 минутын өмнө

    Тэтгэлэг өгнө гэсэн бол өгөх хэрэгтэй, эдгээр оюутнууд бол ирээдүйн багш нар төр засаг нь молигдоод байхаар сайн багштай болох ирээдүй байхгүй болж таарна.

    Хариулах