"Монсудар" ХХК: Сурах бичгийн тендер мэргэжлийн түвшинд явагдсан эсэхэд эргэлзэж байна

Т.Отгонсувд
1 цаг 33 минутын өмнө

Монсудар хэвлэлийн газар уг тендерт оролцсон бөгөөд шалгаруулалт мэргэжлийн түвшинд явагдаагүй, ашиг сонирхлын зөрчил байж болзошгүй гэж үзэж, мэдээлэл хийлээ. 

Монгол Улсад хэвлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 120 гаруй байгууллага байдаг. Гэтэл нэгдүгээр ангийн сурах бичгийг зохиох, хэвлэх тендерийн шалгаруулалтад цөөн тооны компани давамгайлан шалгарсан нь хэвлэлийн салбарын мэргэжлийн байгууллагуудын дунд эргэлзээ, гомдол үүсгээд байна. 

Монсудар хэвлэлийн газрын төлөөлөгч: Монгол Улсад хэвлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 120 гаруй байгууллага байхад энэ тендерт хоёр хэвлэлийн үйлдвэр давамгайлан шалгарч, үндсэн захиалгуудыг авсан нь мэргэжлийн байгууллагуудын оролцоог хязгаарласан гэж бид үзэж байна.

Боловсролын салбарыг мэргэжлийн байгууллага, мэргэжлийн хүмүүс хөгжүүлэх ёстой. Гэтэл эрх мэдэл, мөнгөний нөлөө давамгайлж, мэргэжлийн байгууллагуудын олон жилийн турш хуримтлуулсан туршлага, бүтээлийг үнэлэхгүй байгаа нь харамсалтай.

Бид сурах бичгийг зүгээр нэг бизнес гэж хардаггүй. Монсудар сүүлийн гурван жил нэгдүгээр ангийн сурах бичгийг боловсруулж, Монголын сурах бичгийн тогтолцоонд шинэчлэл авчрахуйц бүтээл хийхээр ажилласан. Үүнээс гадна хүүхдийн контент бүтээх чиглэлээр олон жил ажиллаж ирсэн.

Бидний зорилго сурах бичгээр дамжуулан чанартай контентыг Монголын бүх хүүхдэд хүргэх байсан. Учир нь чанартай хүүхдийн контент бүтээх мэргэжлийн хүмүүс цөөн, бүтээлийн үнэлэмж өндөр байдаг учраас нийт хүүхдэд хүртээмжтэй болгоход хүндрэлтэй байдаг.

Гэтэл сурах бичгийг зөвхөн их хэмжээний мөнгө эргэлддэг бизнес гэж ойлгож байгаа нь туйлын харамсалтай. Сурах бичиг бол хүүхдийн боловсрол, сэтгэхүй, цаашлаад улс орны оюун санааны хөгжилд нөлөөлөх чухал бүтээл. Тиймээс хэвлэлийн үйлдвэр болон мэргэжлийн хэвлэлийн газрын ялгааг харгалзан үзэж, энэ салбарын мэргэжлийн байгууллагуудын оролцоог хангах ёстой.

Мөн тендерт шалгарсан зарим компанийн хувьд ашиг сонирхлын зөрчил байж болзошгүй нөхцөл үүссэн гэж бид үзэж байна.

Тухайлбал, “Соёмбо принт” компанийн хувьд УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан 2007 онд тус компанийн ерөнхий менежер, захирлаар ажиллаж байсан гэх мэдээлэл бий. Мөн түүнтэй хамаарал бүхий этгээдүүд тус компанийн өмчлөгч, удирдлагын түвшинд ажиллаж байсан талаарх мэдээлэл байна.

“Мөнхийн үсэг” компанийн хувьд Гадаад харилцааны сайд, Б.Батцэцэг 1996-2005 онд тус компанийн ерөнхий захирлаар ажиллаж байсан. Мөн түүнтэй хамаарал бүхий этгээдүүд тус компанийн эзэмшил, удирдлагатай холбоотой байсан талаарх мэдээлэл бий.

Эдгээр компаниудтай холбоотой ашиг сонирхлын зөрчил, тендерийн хориг, хязгаарлалтын асуудал өмнө нь яригдаж байсан бөгөөд зарим маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад дахин төрийн тендерт шалгарч байгаа нь анхаарал татаж байна.

Бид хэн нэгнийг үндэслэлгүйгээр буруутгахгүй. Харин төрийн өндөр албан тушаал хашиж байсан болон хашиж байгаа хүмүүс, тэдгээртэй хамаарал бүхий этгээдүүдийн эзэмшил, удирдлагатай холбоотой компаниуд төрийн худалдан авалтад оролцож байгаа бол ашиг сонирхлын зөрчил байгаа эсэхийг хууль, журмын дагуу нягтлах шаардлагатай.

Түүнчлэн боловсролын салбарт хэрэгжүүлж буй томоохон ажлуудын үр дүн, төсвийн зарцуулалтыг бодитоор үнэлдэг тогтолцоо хэрэгтэй. Үр дүнг нь тооцохгүйгээр төсөв нэмэгдэж, томоохон ажлууд үргэлжилсээр байх нь зөв тогтолцоо биш.

Тиймээс бид энэ асуудлаар УИХ-д хандаж, төсөв хэлэлцэж буй энэ үед боловсролын салбарын төсвийн зарцуулалт, тендерийн шалгаруулалт болон хэрэгжүүлсэн ажлын үр дүнг нягтлан үзэхийг хүсэж байна.

Монгол Улсын Үндсэн хуульд төр хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зарчим бий. Тиймээс төр зөвхөн өөрийн хүүхдийн бус, Монголын нийт хүүхдийн чанартай боловсрол эзэмших эрх, ашиг сонирхлыг хамгаалах ёстой" гэв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна