Ж.Золжаргал: Алим, банана ярьсаар хүний амь эрсэдчихлээ. Цаашид ийм зүйл болгохгүйн тулд Амьтны тухай хуульд өөрчлөлт оруулна

С.Гандэлгэр
1 цаг 29 минутын өмнө

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал Амьтны тухай хуулийн 25.7-д нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан боловсруулснаа мэдэгдлээ.

Уг хуулийн 25.7-д “Иргэн өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, мал сүргээ хамгаалах зайлшгүй шаардлагаар саарал чоно агнасан бол энэ хуулийн 25.1 дэх хэсэг хамаарахгүй” гэсэн заалтад “хүрэн баавгай” хэмээн нэмэх хуулийн төслийг санаачилж байгаа аж. 

Тэрбээр "Ховор амьтны агнууртай холбоотой заалтыг шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаанд тулгуурлаж боловсруулан өргөн барих ажлын салбарын яам хийх нь илүү оновчтой. Гэтэл бид алим, банана ярьсаар цаг алдаж, хүний амь нас эрсэдсэн, цаашид эрсдэх эрсдэлтэй тул энэхүү нэмэлт өөрчлөлтийг УИХ-ын гишүүний хувиар иргэдээс гарч буй санал гомдолд хариу болгон боловсруулав.

Онцгой комиссоос мэдээлснээр суурин газарт баавгай үзэгдсэн 550 гаруй тохиолдол бүртгэгдэж, 9 баавгайг агнаж устгасан байна.

Баавгай ямар шалтгаанаар олноор үзэгдэх болсныг судалж тогтоох, түүнд тулгуурласан арга хэмжээ авах, хүнээ хамгаалах, ховор амьтнаа ч хамгаалах нь зүйн хэрэг. Гагцхүү ийм шалтгаанаар паникт орж, саажилттай мэт үйлдэл хийх чадваргүй байх нь төрийн хувьд ичгэвтэр асуудал юм. Хүний эрхийг хамгаалахын тулд төр байдаг.

Гэтэл баавгайд хариуцлага тооцох эрх зүйн орчин хангалтгүй байна гэж мэдэгдээд үйлдэл хийхээс айгаад байж болохгүй. Баавгай байгалийн хуулиа дагана, хүний зохиосон хуулийг дагахгүй гэдгийг ойлго.

Төрийн зорилго эрхийг хамгаалах. Төр үгүй газар бол хүн эрхээ өөрөө хамгаална. Хэнээс ч асуухгүй. Төрийн харуул бүх айл амьтныг тойрч зогсоод байнга хамгаална гэж байхгүй. Иймд иргэд өөрийгөө хамгаалах эрхийг нь ойлгомжтой болгож өгөх хэрэгтэй. Эрсдэл улам нэмэгдэнэ. Намар ичээндээ ортлоо идэвхждэг гэсэн. Өлсгөлөн ичээндээ орвол хавар эрт сэрнэ. Гарч ирээд ахиад түйвээх эрсдэлтэй юм байна. Иймд энэ удаад аргалах биш байнгын зохицуулалт хэрэгтэй. Нэгд, хүнээ хамгаал. Хоёрт, ховор амьтнаа хамгаалах бодлого хэрэгжүүлье.

Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан хүний амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн. Мөн Амьтны тухай хуулийн 37.5, Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйл, Зөрчлийн тухай хуулийн 7.6, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасан амьтан хамгаалах, түүнтэй холбоотой эрүүгийн ба зөрчлийн хариуцлагын хамрах хүрээг оновчлохтой уялдаа холбоотой болно" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна