Жаргал, зовлон сүлэлдсэн хорвоод уужуу сэтгэлээр урам хайрладаг эрхэм нандин чанаруудыг тоочоод дуусашгүй. “Хүн хүнийхээ хүчинд, загас усныхаа хүчинд” амьдарч хорвоог туулдаг гэдэг. Бусдын тусыг хүртэлгүй зөвхөн өөрийн хүчээр яваа нэгэн үгүй гэвэл үнэнээс хол зөрөхгүй л байх. Бид алхам тутамдаа тусламж, дэмжлэгтэй тулгардаг.
Гэвч өөртөө авахыг л хүсээд байхаас, өрөөлд туслахыг барагтай бол хүсдэггүй. Магадгүй энэ чанар монголчуудад байдаг өвөрмөц онцлог ч байж мэднэ. Учир нь хилийн дээс алхаад л гаднын иргэдийн нүүрэнд тодрох инээмсэглэл, тусч зөөлөн зан чанарууд алхам тутмын харилцаанд мэдрэгддэг. Гэтэл бид яадаг билээ. Хөмсөгөө зангидаж хөмхийгөө зуучихаад хэнээс юу хожчих уу гээд өдрийн бодол, шөнийн зүүдэнд автсан хүн олон байх шиг. Үүнд дутуу гуцуу, амьдралын төлөөх тэмцэл нөлөөлсөн гэж болох ч угтаа бол хүмүүний сэтгэлийн л илэрхийлэл. Ямар ч эдийн засгийн зарлагагүй байтал өчүүхэн тус хүргэх сэтгэл биднээс гаргадаггүй гэвэл товчхон бөгөөд оновчтой байх.
Өгөөмөр сэтгэл төлбөр шаарддаггүй өөрийгөө шагнадаг
Тус болох нь хэмжээлшгүй томдоо бус. Өчүүхэн жижиг төдий ч нөлөөллөөрөө агуу. Өгөө, аваа тэнцэж байдаг энэ хорвоод өгөх туслах сэтгэлээ хав дарчихаад, авах завших хүсэлдээ идэгдсэн хүмүүс өнөө цагт үй олон болсон юмдаг уу. Тэдний хэрэг хоромхон зуур бүтэх ч хойших хэрэг нь үл бүтдэг жамтай хэмээн өвгөд өтгөс захидаг эртний сайхан үг өнөө үед оргүй арилжээ. Ялангуяа залуу хойч үеийнхэн ийм үг байдгийг ч мэддэггүй байх.
Тэднийг өсөж хүмүүжихэд нь бусдад тус дэм болох, олонтой хөл нийлүүлж амьдрахад нь чиглүүлэх бус ашигтай амьдарч сур хэмээн багаас нь хэт хэлбийлгэснээс нийгмээрээ хувиа хичээсэн залгамж үүсгэсэн болов уу. Уг нь туслах сэтгэлтэй байна гэдэг нь хүнээрээ байгаагийн хамгийн сайхан өнгө. Хүний эрхэм нандин чанарууд дотроос өгөх, туслах өгөөмөр сэтгэл нь нэн буянтайд тооцогддог тул “Өрөөлд тусалснаар өөрт буян хурж, амны хишиг арвижна” хэмээн бэлгэшээдэг байж билээ.
Гэвч өнгө мөнгөөр хэмжигддэггүй атлаа тусч сэтгэл улам үгүй болж буй нь хувь хүний хүмүүжил, сэтгэл зүрхтэй яахын аргагүй холбоотой. Үнэндээ нийгмийг нөмөрсөн ядуурал, ажилгүйдэл хоосон халааснаас үүдсэн гэвэл эндүүрэл. Адаглаад л хальтирч унасан нэгнээ харсан атлаа өндийлгөөд босгох сэтгэлгүй залуус хотын гудамжаар гунхана. Нийтээрээ биш ч, ихэнхи нь ийм дүр зурагтай. Бас аваад давхичихдаг автобусанд тогтож ядсан өндөр настан, жирэмсэн эмэгтэйд нинжин сэтгэлээр суудал тавьж, уриалгахан босоод өгөх хүн ч үгүй. “Адилхан мөнгөө төлчөөд суух эрхтэй би” гээд хээв нэг өөдөөс нь жигшмээр араншин гаргадаг юуны гунигтай.
Ан амьтад хүртэл бие биендээ туслах сэтгэлтэй байхад ухамсарт хүн атлаа монголчууд биднийх яагаад алга болчихов оо. Хий хоосон л бие биенийхээ тусгүй, мууг гайхаж ам булаалцалдаад байна уу гэхээс биш өөрөө би тус хүргэдэг үү гэдгийг анзаарч бодолхийлсэн удаагүй л байх. Хэн нэгний тусламж дэмжлэгт найдах мөч алхам тутам хүн бүхэнд нэгэн адил тохиолдож байдаг. Тэр агшинд л тусламж дутагдаж буйг мэдэрнэ.
Тэгвэл өөртөө тус авдаг болохын тулд өрөөл бусдад тусалж явахыг хүн та өөрөөсөө эхлүүштэй. Удахгүй монголчуудын тусч сэтгэл нийтээрээ сэргээд л ирнэ байх. “Алсыг бодвол аминд тустай, өрөөлийг бодвол өөрт тустай, холыг бодвол хожим тустай” гэж ярьдаг нь зүгээр ч нэг үг биш гэдгийг эртхэн ухаарч, үр хойчдоо багаас нь захиж сургавал зөв хүн болж хүмүүжихэд нь нэмэртэйсэн.
Зовлон хэлж ирдэггүй тул гэнэтийн гэмээр явдал олонтаа тохиолдоно. Хамгийн энгийн жишээ гэхэд л чихрийн шижин өвчтэй болон эпилепси гэдэг ухаан алдаж унадаг өвчтэй иргэдэд халуун дулаан сэтгэлээр хандаж, анхаарч явахад илүүдэхгүй. Манай улсад гэхэд л эпилепситэй иргэд 30 мянга гаруй байдаг гэх судалгаа бий. Ийм өвчтэй хүн гэнэт ухаан алдаад сэргэдэг ба зарим тохиолдолд нас барах үзэгдэл ч гардаг тул хаа нэгтээ унасан, хэвтсэн нэгэн байх аваас очиж тусалж баймаар байна. Мөн чихрийн шижин өвчний хүнд шатанд орсон хүмүүс ч гэнэт ухаан алддаг тул хүний жудаг зааж, тусалж дэм болох зүрх сэтгэлтэй баймаар.
Сэтгэлийн баясал эдлүүлдэгт тусч сэтгэлийн гайхамшиг оршино
Гэтэл бид яадаг билээ. Харсан ч хараагүй царайлж хажуугаар нь гарахдаа “өвгөнтийнх” гэхчлэн бодож, тааруулж уухад яадаг байна аа гээд тоохгүй өнгөрдөг зантай ихэнх нь. Хэн биднийг ийм болгов. Хэн ч биш, юу ч нөлөөлөөгүй. Ердөө хар амиа боддог зан. Гэтэл жуулчид, гадаадын иргэд хүний газарт явж байна гэлгүй гүйж очоод тусалж, өндийлгөж харагддаг. Бас хүний унагасан эд зүйлсийг харангуутаа цааргалалгүй аваад өгдөг хүмүүс. Энэ бол тэдний соёл, хүмүүжлийн хэмжүүр. Уг нь монголчууд ч гэсэн нүүдэл суудал хийж буй нэгэндээ цай, идээгээ холоос барьж очдог, хонь малыг нь хариулах, сүү саальд нь туслах гээд аахар шаахар гэлтгүй аль болох тус дэм болж амьдарсаар ирсэн өгөөмөр сэтгэлтэйсэн.
Тэгвэл сүүлийн үеийн сургуулийн ахлах ангийнхан болон оюутан залуусаас хүний мөс, жудгийг мэдрэнэ гэдэг бараг л үгүй. Өрөөл бусдад туслах сэтгэл байтугай өөрийн найзаа сонгохдоо хүртэл ашиг хонжоо харж үерхэх, аль амар хялбар аргаар амьдрах ядарсан сэтгэхүй тэднийг аадрын өтгөн хар үүл мэт хэднийнэ нөмөрчээ. Хүн болох багаасаа ийн зэвэрсэн нь хожим туслах сэтгэлгүй нийгмийг бүрдүүлнэ.
Тус болох нь хэмжээлшгүй томдоо бус. Өчүүхэн жижиг төдий ч нөлөөллөөрөө агуу.
Ашигтай амьдарч сур хэмээн багаас нь хэт хэлбийлгэснээс нийгмээрээ хувиа хичээсэн залгамж үүсгэсэн.
Амар хялбар аргаар амьдрах ядарсан сэтгэхүй аадрын өтгөн хар үүл мэт хэднийнэ нөмөрчээ.
Адаглаад эцэг, эх бид хүүхдэдээ олонд тустай явахыг захихаасаа илүү болгоомжилж явахыг ямагт чихэнд нь уядагаас энэрэнгүй сэтгэлээ гээхэд нь шууд нөлөөлсөн байх. Нөгөөтэйгүүр ингэхээс ч бас аргагүй гэлтэй. Цаг цөвүүн болж тусын хариуг усаар хариулах тохиолдол байдаг. Хүнд тус болох гээд өөрөө хэрэгт орооцолдчих гээд байдаг болсоноос тэр. Наанадаж л найзынхаа дайсан ачааг хилээр гаргах гээд хар тамхи хууль бусаар тээвэрлэсэн хэрэгтэн босон тохиолдол цөөнгүй бий.
Уг нь тусч сэтгэлтэй байх чухлаас чухал. Даанч харамч хийгээд сувдаг хүнээс тус дэм хүлээх нь үүлгүй тэнгэрээс бороо хүлээхтэй адил. Заавал байдгаа бараад өөрөө хоосорч үгүйртлээ зориулахдаа бус, дэм болох төдийд сэтгэлийн баясал эдлүүлдэгтээ л тусч сэтгэлийн гайхамшиг оршино. Бүдрээд унахад дэм болоод өргөх нь өчүүхэн тус мэт боловч баярлах сэтгэл төрдөг нь үнэн.
Тэгвэл бусдад ч гэсэн чимхийн төдий туслахад сэтгэлийн баясал төрж, мянгантаа амарлангуй болж байгаа. Бас тусыг хүлээж авах сэтгэл ханамжийн мэдрэмжтэй байх нь түүнээс дутуугүй чухал. Нөгөөтэйгүүр, өөрийн боломж бололцоо шавхагдаагүй цагт хөндлөнгөөс туслалцаа горьдож, гар сарвайж суух эвгүй. Өгөх тусам авч байх ёстой юм шиг улам цааш ахиж, сэтгэл ханамжгүй байх аваас хэн дахин тусалж дэмжихийг бодох билээ. Гэхдээ өгөөмөр сэтгэл төлбөр шаарддаггүй өөрийгөө шагнадаг гэдэг.
Эх сурвалж:Засгийн газрын мэдээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна