Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр өнөөдөр гурван асуудлаар мэдээлэл хийлээ. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тэтгэврийн зээлийн хүүг бууруулах ажлыг шат дараатайгаар авч хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 10-ны хуралдааны үеэр Ерөнхий сайдаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад өгсөн чиглэлийн дагуу тэтгэврийн богино хугацаат зээлийн хүүг бууруулах ажил хэрэгжиж эхэллээ.
Өнөөдрийн байдлаар ХААН болон Төрийн банкаар дамжуулан тэтгэвэр авагчдад бага хүүтэй зээл авах бололцоо нээгдэж байгаа юм. Тодруулбал, ахмад настны тэтгэврийн зээлийн хүү жилийн 18 хувийн хүүтэй байсныг 15 хувь болгож буурууллаа. Ингэхдээ богино хугацаат буюу 6 сар хүртэлх зээлийн хүүг л бууруулсан бөгөөд урт хугацааны зээлийг банкны хүүгээр олгох юм байна. Харин өмнө зээлээ авчихсан иргэд зээлээ төлж дуусгаж байж 15 хувийн зээлийн хүү рүү шилжинэ.
Тэтгэврийн зээлийн хүүг гурван хувиар бууруулсан нь зөвхөн эхлэл бөгөөд ХНХЯ-наас цаашид хүү бууруулах асуудлаар шат дараалсан ажил хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Мөн цаашид бага хүүтэй зээлийг бусад арилжааны банкуудаар дамжуулан авах боломжийг судалж байна. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл (НДҮЗ)-өөс тэтгэвэр авах иргэн өөрсдөө үйлчлүүлэх банкаа сонгодог болох шийдвэр гаргасан. Одоогийн байдлаар 11 мянган иргэн тэтгэвэр авах банкаа сонгосон.
Манай улсад нийт 378 мянга орчим тэтгэвэр авагч байгаагийн 91 хувь нь дээрх хоёр банкаар дамжуулан тэтгэврээ авдаг байна. Сайд Н.Номтойбаяр өнөөдрийн мэдээллийнхээ төгсгөлд улсын хэмжээнд тэтгэвэр дахин тогтоох аян энэ долоо хоногт эхэлснийг дуулгалаа. Иргэд тэтгэврээ үнэн, зөв тогтоолгосон эсэхээ нягтлуулахын тулд харьяа газрын Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар, хэлтсүүдэд очоорой хэмээн Н.Номтойбаяр сайд хэллээ.
ЭХ СУРВАЛЖ: ZASAG.MN
Сэтгэгдэл бичигдээгүй байна