Хуммэлс Дортмундаас яагаад явсныгаа тайлбарлав

2017/01/18
 Он удаан жилийг хар шаруудтай үдэхдээ тун чиг амжилттай байсан Матс Хуммэлс энэ улирлаас эхлээд төрөлх Байерн Мюнхен багтайгаа нэгдсэн билээ.

Өнгөрсөн 5-р сард түүнийг явах нь тодорхой болсны дараа Дортмундын фэнүүд түүнийг маш ихээр шүүмжилсэн. Тэр энэ бүхний эсрэг нэг ч үг унагаагүй бөгөөд харин саяхан Штерн сэтгүүлийнхэнтэй ярилцах үедээ өөрийнхөө тайлбарыг хэлжээ. “Би Дортмундад 8 жил болсон. Сайхан ч үе байсан. Гэхдээ миний дүү Жонас Мюнхенд байдаг. Тэр 7 удаа төрсөн өдрөө надгүйгээр тэмдэглэсэн. Түүнийг энд төрсөн өдрөө хийж байхад би тэнд бэлтгэл эсвэл тоглолтын дараа гэртээ ганцаараа уйтгарлан суудаг байлаа” гэжээ.

Энэ л түүний хамгийн том шалтгаан байсан гэнэ. Тэд багаасаа гэр бүлийн халуун орчинд өссөн болохоор нэгнээ их санадаг байсан аж. “Хүмүүс үүнийг онигоо мэтээр хүлээж авсан, гэхдээ үнэн хэрэгтээ байдал ийм л байсан. Би гэр бүлээсээ улам бүр алсарч байгаагаа мэдэрч тэр хэрээр тун их ганцаардаж шаналдаг байлаа” гэж тэр хэлжээ.

Түүний дүү Жонас мөн хөлбөмбөгч. 3-р лигт, Мюнхен хотын өөр нэгэн баг болох Унтэрхахинг багт тэрээр тоглодог байсан ч харьцангуй эрт зодгоо тайлчихсан. Хуммэлс дүүтэйгээ цаг үргэлж утсаар ярьж, хөлбөмбөгийн тухай ярилцдаг байсан аж. Тэдний нэгэн мөрөөдөл нь дүүгийнхээ багтай Холбооны цомд таарч, хоёулаа багийн ахлагчийн хувиар гар барин тоглолтыг эхлүүлэх байсан гэнэ. “Жонасыг зодог тайлахыг сонсох надад тун хүнд байсан. Бидний мөрөөдөл талаар болсон. Үүний хажууд дэлхийн аваргын цом ч юу ч биш” гэж тэр хэлжээ.

Зодог тайлсан нь дүүд нь ч хүнд тусаж байсан бөгөөд хөлбөмбөгөөс гадна хайртай ах нь хол байгаа нь улам ч шаналгадаг байсан бололтой. Тэр хэрээр тэр ахаасаа хөндийрч эхэлжээ. Хуммэлсийг дэлхийн аварга болсны дараа тэр нэг удаа “Тэр одоо бол Герман оронд аварга том од. Харин би 3-р лигтээ эргэлдсээр л. Хөөе Матс, хагас сайнд би Зонненхоф Гроссаспах багтай тоглоно гэж түүнд хэлэх гэж үү? Тун ичгэвтэр санагдаж байна” гэж ярьж байжээ. Харин Хуммэлсийг хүүхэд насаа өнгөрөөсөн Байерн багтаа ирсний дараа тэдний харьцаа эргээд сайжирсан гэнэ. Одоо тэд төрсөн өдрөө байнга хамт тэмдэглэх болжээ.




Л.ОЛОНБАЯР 
Эх сурвалж: www.stern.de


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна