Рондо сэтгэл дундуур байна

2017/01/19
Чикаго Буллз багийн Ражон Рондо багийн гарааны тавтаас хасагдчихаад байгаа. Сүүлд бүр 5 дараалан талбайд гараагүй. Одоо эргээд бага сага тоглож байгаа ч nba.com-d ярилцлага өгөх үеэрээ тэр нэлээн сэтгэл дундуур байгаа тухайгаа ярьжээ.

Тэр шинэ багтаа ирээд дөнгөж 7,2 оноо, 7 дамжуулалт, 6 самбар гэсэн үзүүлэлтийг харуулаад байгаа. Дуэн Вэйд болон Жимми Батлер нартай гар нийлж нэг л чадахгүй байгаа тул дасгалжуулагч Фрэд Хойберг түүнээс гарааны эрхийг хураачихаад байгаа. Тэр ч бүү хэл заримдаа талбайд огтхон ч гаргахгүй байгаа.



Бүтэлгүй улирлыг үдэж буй Рондо нэг удаа талбай дээр “Энэ бүхэн бол новш” гэж бухимдсаны дараа Хойберг түүнийг ийнхүү “чангалах” болсон. Тэрээр үүнийгээ тайлбарлахдаа “Энэ бол Рондог өөрийг нь хамгаалж байгаа хэрэг” гэж хэлсэн. Рондогийн үзэж байгаагаар энэ улирал түүний 11 жилийн карриерын турш дахь хамгийн тааруу улирал болж байгаа аж. “Өнгөрсөн жилийг би дурсах дургүй. Та нар манай багаас 3 тоглогчийн нэр ч бүтэн хэлж чадахгүй тийм багт байхдаа би лигийг дамжуулалтаараа тэргүүлсэн. Зөв байрлалаа олох юм бол би тун үр ашигтай тоглож чадна” гэж тэр хэлжээ.

Тэр өнгөрсөн жил Сакраментод байхдаа 11,7 дамжуулалтаар лигийг тэргүүлсэн бөгөөд өмнө нь мөн 2 удаа лигийг дамжуулалтаар өнгөлж байв. Гэсэн хэдий ч Кингз түүнтэй гэрээгээ сунгаагүй юм. Ингээд тэр 14 сая доллараар Чикаготой 1 жилийн гэрээ байгуулсан. 2 тал сэтгэл хангалуун байвал дахиад 1 улирал сунгах нөхцөлтэй ч одоогийн энэ байдлаас харахад магадлал маш бага. Дараагийн багаа сонгохдоо тэр илүү хянамгай байхыг хичээх гэнэ.

“Уг нь би гэрээний өмнө тун хянуур байсан. Гэхдээ хэд хэдэн удаагийн уулзалтын явцад Чикаго надад Вэйдээс гадна дахин нэг топ тоглогч авна гэж амалсан” гэжээ. Тэрээр мөн “Тэд эхлээд надад багийн системийг сурах, дараа нь өөрийн юу чаддагаа үзүүлэх гэсэн нөхцөл тавьсан. Би зөвшөөрсөн. Би Бостонд байхдаа Алдрын танхимын 3 гишүүнд бөмбөг өгдөг байлаа. Одоо бол энд ердөө 2 л байна, энэ л гол шалтгаан” гэж хэлжээ.


 
Л.ОЛОНБАЯР 

Эх сурвалж: www.sbnation.com


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна