"Улаан тутарга" Мо Янь "Red sorghum" Mo Yan

19 цаг 30 минутын өмнө
Нобелийн шагналт, Хятадын зохиолч Мо Янийн "Дарсны орон" романыг өмнө нь танилцуулсан. Энэ удаад "Улаан тутарга" романыг нь танилцуулах гэж буйдаа баяртай байна. Англи хэлээр "Red sorghum" гэж буй. Sorghum гэдгийг манай нэгэн толь бичигт "Жирийн сорго" гэж орчуулсан байна лээ. Үүгээр бол "Улаан сорго" гэж орчуулмаар. Гэхдээ sorghum нь нэгэн төрлийн буудайн ургамал юмсанж. Онцлог нь түүгээр гурил хийдэг бус дарс гарган авдаг юм. Энэхүү тутарга нь 2м гаруй өндөр ургадаг, үйл явдал өрнөх Гаоми тосгоны нэрийн хуудас, амьжиргааны гол эх үүсвэр, амь амьсгал нь юм. Романд хэдэн удаа тутарга гэдэг үг орсныг тоолох аргагүй. Учир нь түүний хэрэглээ зөвхөн дарс хийснээр зогсохгүй (дарс, хоол унд, ариутгал цэвэрлэгээ гм) баялаг учир үүгээр дамжуулан Японы түрэмгийлэгчдэд эзлэгдсэн хятад орны тухайн үеийн нөхцөл, үүнийг Хар усан голын дэргэд орших Гаоми тосгоны эгэл жирийн хүмүүсийн амьдралаар гайхамшигтай харуулжээ. 

Киног нь үзсэн зарим нь "Кино нь их гоё" гэж ярих. Романыг уншсаны дараа киног нь зориуд үзлээ л дээ. Номынхоо хаана ч нь хүрэхгүй юм. Уг романаар нэг ангит нэг, олон ангит нэг кино бүтээсэн юм байна, хятадууд. Магадгүй, олон ангит кино нь нэг ангитаасаа илүү дээр болсон байж магадгүй. Учир нь гарах үйл явдал нь нэг ангид багтаахад хэцүү учраас тэр л дээ. Романаас олон үйл явдлыг хүчээр ханаж танасан нь уншихад ойлгогдоно. 

1920-30 оны үйл явдал өрнөнө. Японы эзлэн түрэмгийлэгчид Хятад орныг эзэлсэн байсан үе. Энэ бүхнийг хүү нь аав, ээж, улмаар өвөө, эмээгийнхээ амьдралаар дамжуулан өгүүлнэ. 

Өвөө, эмээ хоёр нь ингэж танилцжээ. 

Ядруухан амьдралтай айлын охин болж төрсөн эмээг нь аав, ээж нь ятгаж байгаад уяман өвчтэй нэгэн баян айлын бэр болгохоор зөвшөөрүүлнэ. Уг айл улаан тутаргаар дарс нэрдэг тосгонд томоохонд орох үйлдвэртэй айл юм. Бэрийн сүйх тэрэг ирэн түүнийг авч явна. 

Сэтгэлгүй хүнтэй нэгэн насыг барна гэдэг ямар сайн байх вэ. Тэрээр замын турш гуниглах үедээ гуниглан, уйлах үедээ уйлж явлаа. 

Ийн тутаргын талбайн дундуур гарсан замаар явж байтал их замын дээрэмчид гарч ирнэ. Тухайн үед Гаоми орчим дээрэмчдийн үүр уурхай болоод байв. Гэтэл тэр нь олон хүн биш, нэг хүн болох нь бэрийг хүчирхийлэхээр сүйх тэрэгнээс буулгах үед тодорхой болно. Дамнуурчны нэг болох булиа биетэй залуу уг дээрэмчнийг нүд ирмэхийн зуурт алж орхидог. Чингээд сүйх тэрэгнээс цухуйсан бяцхан лянхуа хөлийг (багаас нь охидын хөлийг давстай усаар боон жижигрүүлж "хөөрхөн" болгодог байсан) буцаан тавьснаар тэдний хувь тавилан нэгдэж байгаа юм. Үүнийг өгүүлэгч хүүгийн хэлснээр "Цухуйсан хөлийг буцаан тавьснаар эмээ, өвөө хоёрын минь дэр нэгтгэх тавилан нээгдсэн юм" хэмээн өгүүлсэн байдаг. 

Их замын дээрэмчнийг алж орхисон Ю Зан ао (өвөө) бол орчин цагийнхаар бол зүгээр л хүнд гарын эр. Ээжтэй нь явалдаад сахил санваараа умартсан ламыг тэрээр 19 насандаа алж байлаа. Хүн алах, архи уух, танхайрах бол түүний хувьд өдөр тутам хийдэг ажил нь шахуу. Дамчуурны хөлс өндөр ажлыг бол голохгүй хийнэ. Ингэж явж байгаад ирээдүйн эхнэртэйгээ учирсан нь энэ л дээ. 

Сэтгэлгүй хүнтэйгээ суух гэж байгаа бүсгүйд сэтгэл алдрахдаа Ю Зан ао "Бэр гурав хоногтоо буцвал хүнтэй суугаагүйд тооцдог. Би чамайг гурав хоног эндээ хүлээж байна" гэж хэлдэг. 

Эмээ нь нөхөр болох хүн дээрээ очсон боловч хайч тэвэрч хэвтээд нөхөр болох хүнээ үл ойртуулна. Нэгэн шөнө царайг нь харж орилсноор гурав хоноод гэр рүүгээ буцна. Охиноо аваад буцаж байгаа өвгөн замын турш үглэнэ. Бэр буцна гэдэг хорвоогийн хамгийн ичгүүртэй зүйл байхаас зайлахгүй. "Хэрэв чамайг бэр болгож өгвөл тэднийх надад хоёр муйл өгнө гэсэн юм. Би муйлаа авч чадахгүй юм байна л даа" хэмээн үглэх аавынхаа үгэнд залхсан охин (эмээ) нөхөр болох хүнийхээ гэр рүү буцна. (муйл - морь, илжигний эрлийз)

Хүн алж сурсан Ю Зан ао нэгийг сэдэж, хоёрыг бодон шөнө дүлээр уг уяман өвчтэй айлд очно. Ингээд хашааны нэг хэсгээс галдаж орхиод, дарсны ажилчдыг унтраахаар бужигнаж байх хооронд уяман өвчтэй аав, хүү хоёрыг хоёуланг нь алж орхидог. Алаад хооронд нь холбож хүлээж, Хар усан гол руу шидчихдэг. 

Хэдий дэр нэгтгээгүй ч гэсэн нэгэнт хадам аав болон нөхөр нь цаг бусаар хорвоог орхисон учир бүсгүй (эмээ нь) дарсны бизнесийг нь хөтлөн явуулахаар шийднэ. Энэ нь тус мужийг хариуцдаг шүүгч Цаод сэжигтэй санагдсан учир эзэн авхайг дуудан авчирч, банзадна. 

Нэгэн өдөр гадаа танил дуу гарч бүсгүй гартал дамнуурчин Ю Зан ао байж байдаг. Хэдийгээр дарсны үйлдвэрийг хариуцсан даамал түүнийг ажилд авах дуртай биш байсан ч эзэн авхай "Ажиллаад байж байг" хэмээдэг. 

Ю Зан ао шөнө дүлээр эзэн авхай рүү очихоор хашаа давж яваад нохойд ээрэгдэн баригдана. Хэдэн удаа ингэж бүтэлгүйтсэн юм бүү мэд, нэг мэдэхэд эзэн авхай хөл хүнд болно. Нэг өдөр тэр үйлдвэрлэл хэрхэн явагддагтай танилцдаг ба энэ үеэр Ю Зан ао (тэр угаас юу ч хийдэггүй, хэн ч түүнд юм хэлж чадахаа больсон байв) дарс дүүрэн торх руу хүн бүрийн нүдэн дээр шээнэ. Ингээд тэрээр "Миний хүүхэд шүү дээ" хэмээн ха ха хэмээн байшин доргитол инээн гэдсээ илэн хэвтэж байдаг. 
Гайхалтай нь, ингэж шээс нэмснээс хойш эзэн авхайн дарс нутаг орон даяар алдаршив. Амтай болгон улаан тутаргын дарсыг нь амсахыг хүсэн, амссан нь амаа олохгүй магтана. Иймд дарс дүүрэх торх руу бүгд шээдэг боллоо. 

Ингэж эмээ, өвөө хоёр нь дэр нэгтгэсэн юм. Удалгүй аав нь (Доүгуан) төрлөө. Аавыг нь 15 орчим настай байхад япончууд халдан орж ирсэн билээ. 

Ю Зан ао нэгэн өдөр нэгэн дарсны газарт нохойн мах, дарс уухаар оров. Тогоо дүүрэн мах чанах хэрнээ мухлагийн эзэн түүнд нохойн толгойноос өөр юм өгөхгүй гэж уурсав. Учир нь энэхүү чанаж буй мах бол Их замын дээрэмчин Есөн мэнгэтийнх гэнэ. Есөн мэнгэт бол тэр хавиар алдаршсан алдартай дээрэмчин билээ. Ю Зан ао тэр мухлагт Есөн мэнгэтийг анх удаа хардаг. 

Ганц охин нь гэрээсээ дайжин дарсны үйлдвэрийн эзэн болсонд итгэж ядах эцэг нь охин дээрээ ирээд нохой шиг хөөгдөж явав. Шүүгч Цао бол түүний өсгөсөн аав нь бөгөөд төрсөн аав, ээжээ тэр танихгүй хэмээн эзэн авхай хөөнө. Үүнд гомдсон эцэг нь шүүгч Цао очин "Эзэн авхайн гэрт дээрэмчин Есөн мэнгэт орогнож байгаа" тухай худал мэдээлэл өгдөг. Шүүгч Цаогийн үнэнч албатууд Гаоми тосгонд нууцаар ирэн эзэн авхайн дарсны үйлдвэрийг бүслэн дайрч, Ю Зан аог авч одно. Улмаар шүүгч Цаогийн өмнө түүнийг банзаддаг. Халуун наранд маанайсан Ю Зан ао өөрийгөө Есөн мэнгэт биш гэж хэлж чадахгүй баахан банздуулсныхаа дараа гэнэт ухаан орон "Би биш" гэдгээ хэлдэг. Буруу хүн занчсанаа ухаарсан шүүгч Цао ихэд гэмшин баахан мөнгөн зоос өгөн хүргүүлдэг. 

Хожмоо үүнд өс санасан Ю Зан ао шүүгч Цаогийн хүүг хулгайлдаг. Гэвч шүүгч Цао түүнээс илүү ухаан сийрэг тул хулгайлсан хүүхдээ тосгондоо аваачиж ч амжаагүй байхад нь албатуудаа илгээн эхнэр, хүүхэд (эзэн авхай болон Доүгуан) хоёрыг барьцаалдаг. Ингэж солилцоо хийснээр Ю Зан аогийн өс хонзон тайлагдана. 

Хүнтэй андуурагдаж занчуулсандаа уурссан Ю Зан ао нэгэн өдөр хотоос буу, баахан сум авчруулж байгаад гол дээр очин сургуулилт хийнэ. Тэр долоон сумаар долоон загас буудах гэж хичээнэ. Тосгоныхон түүний мэдрэл муудсан хэмээн даажигнаж байдаг. Гэвч Ю Зан ао мөн л нэгийг бодож, хоёрыг тунгаасан байжээ. Хангалттай туршлага хуримтлуулсан тэрээр улаан тутаргын дунд нуугдсан Есөн мэнгэтийг олж очно. Тэд түүнийг гол дээр бэлтгэл хийж байгаа тухай аль хэдийнэ дуулсан байжээ. "Би шүүгч Цаог алахаар бэлтгэл хийж байсан юм. Би түүнийг ална. Тэр намайг хэлмэгдүүлсэн" хэмээн үнэмшүүлнэ. Энэ үгэнд нь үнэмшсэн Есөн мэнгэт гол дээр авчран, голын усанд булхан байгаа дээрэмчдийг заан усанд ор хэмээдэг. Энэ мөчийг анаж байсан Ю Зан ао Есөн мэнгэт болон зургаан дээрэмчинд хормын зуурт нэг, нэг сум зоож орхидог. Тэр энэ мөчийн төлөө тэр олон өдөр сургуулилалт хийж байжээ. Их замын алдартай дээрэмчнийг тонилгосон нь түүнийг тосгон даяар хүндлэл хүлээсэн нэгэн болгоно. 

Япончууд тосгонд дайран орж ирнэ. Нэгэн тулаанаар (энэ тулааны тухай их дэлгэрэнгүй, нарийн өгүүлсэн нь бий) гэхэд тосгоноос зургаахан хүн амьд үлдэнэ. Айлгаж, тосгоныхны нуугдсан газрыг заалгах, хүч хэрэглэн, нэгийг нь амьдаар нь өвчүүлэх, нэгийг нь нэгийнх нь эсрэг тулалдуулах гээд дайн гэдгийг үзэн ядан олон үйл явдал энд өрнөнө. 

Ю Зан ао удалгүй хоёр дахь эхнэртэй болно. Эмээ нь түүнийг үл зөвшөөрнө. Уурсангуут нь тэрээр хоёр дахь руугаа яваад өгдөг. Хоёр сарын дараа эмээг нь санаад байхаар нь хүрээд ирж ч байх шиг. Өнөөх нь уйлаад дагаж ч байх шиг.

Хоёр дахь эхнэрийг нь (хүүрнэн өгүүлэгч хүүгийн хоёрдугаар эмээ нь) зургаан япон цэрэг хүчирхийлж, бяцхан хүүг нь ална. Үхлүүт хэвтээ хоёрдугаар эхнэрээ Ю Зан ао Гаоми тосгондоо авчирдаг. Гэвч хөөрхий бүсгүй нас барна. Нас барахын өмнө нь галзуурдаг. 

Үүний дараа болсон тулаанаар (зургаахан хүн үлддэг) эмээ нь алагддаг. Ю Зан аогийн хувьд түүний үхэл маш хүндээр тусдаг. Гэвч тэрээр нэгдүгээр эхнэрийнхээ үйлчлэгч Пассион гэгчийг дагуулаад явчихдаг. Энэ нь өгүүлэгч хүүгийн гуравдугаар эмээ юм (хэхэ). 

Аав, ээж хоёр нь хэрхэн танилцсан бэ гэж үү.

Тэд нэг тосгоны хоёр юм. Төөлбөл бие чацуу, тоолбол нас чацуу хоёр юм. Ээжийнх нь аав, ээж хоёр япончууд тосгон руу нь дайрсан үеэр дүүтэй нь хуучин худагт нууж орхино. Хэдхэн цагийн дараа эргэж авна гэж байсан улс хэдэн өдөр алга болно (нас барсан байдаг). Тэр хооронд дүү нь нас барж, чулуун доогуур ургасан мөөг идсэн охин амьд гарна. Дайны олз - зэвсгүүдээ хуучин худагт нуухаар ирсэн Ю Зан ао, Доүгуан хоёр тэднийг олдог. Үүнээс хойш тэд салахгүй. 

Тосгонд болсон дайны дараа сэгээр хооллодог ноход олширно. Тэдний тоо 600-д хүрч байлаа. Тэднийг нэгэн цагт гэрийн хоточ ноход нь байсан Улаан, Хар нар толгойлно. Хүний маханд улайрсан нохдын тоо хөрш зэргэлдээ тосгоны нохдоор нэмэгдсээр ийн олон болсон хэрэг. Энэ нохдын тухай бүхэл бүтэн нэг бүлэг уг романд бий. 

Тосгоны амьд үлдсэн хэд нохойн ангуучид болно. Ангууч болохгүй бол хэзээ нэгэн цагт өөрсдөө нохойн хоол болно. Нэгэн удаагийн амь өрссөн тулаанаар Доүгуан хүү галзуу нохойнд цавиа уруулна. Түүний нэг төмсөг нь тасран унана. Ю Зан ао улаан тутаргын навчаар хүүгийнхээ нэг төмсөгийг ороон нандиганаж, хамгийн сайн гэгдэх эмч дээр авч очно. Эмч хүүгийн ханзарсныг оёж чадсан ч нэг төмсөгийг нь буцаан хийж чадсангүй. "Нэг төмсөгтэй ч гэсэн хөнжлөөрөө дүүрэн хүүхэдтэй болж болно" хэмээн аавыг нь тайвшруулна. 

Харин ээжид нь нэг нь "Чи одоо нас биед хүрлээ. Нөхөртэй болж болох нь. Хэрэв эрхтэнг нь босгож чадах юм бол тэр эр чиний нөхөр болно" гэдэг. Тэрээр эрхтэнээ боолгосон Доүгуан дээр очиж байдаг... (арай эротик хэсэг рүү хадуурах гэж байна) 

Миний дээр дурдсан зүйлсийг кинон дээрээс нь болж олж үзэхгүй. Тэгэхээр нь уншсан нь дээр үү, үзсэн нь дээр үү? 

Эх сурвалж: http://amartuvshind.blogspot.com/


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна