"Их 20" нээлттэй худалдааг эрхэмлэнэ

2017/03/07

"Европын Холбоо BREXIT-ийн нөлөөг бууруулах чиглэлд хамтарч ажиллана. Энэ хүрээнд гишүүн орнуудад нэг нэгнээсээ харилцан хамааралгүйгээр өсөж хөгжих боломж өгөх хэрэгтэй" гэж Европын орнуудын эрх баригчид уриаллаа. Даваа гарагт Францын Версальд болсон Европын орнуудын эрх баригчдын уулзалтын төгсгөлд Франц, Герман, Испани болон Итали улс хамтарсан мэдэгдэл хийсэн байна. Үүнээс гадна "Их 20"-ийн Сангийн сайд нар "Дотоодын худалдааг хамгаалахад чиглэсэн протекционист бодлогын эсрэг амлалтаасаа буцаж магадгүй" гэсэн хамтын мэдэгдлийн төсөл танилцуулсан байна. Хэдий тийм боловч "нээлттэй худалдаа"-г эрхэмлэж ажиллана гэдгээ онцолжээ. Өөрөөр хэлбэл "Их 20"-ийн улс орнууд нээлттэй, эрх тэгш олон улсын худалдааны системийг хэвээр үлдээнэ. Үүнээс гадна олон улсын хэмжээнд тэнцвэргүй байдлыг бууруулах, нягт хамтын ажиллагааг дэмжих, мөн эдийн засгийн өсөлтийн хүрээнд тэгш бус байдлыг хязгаарахад анхаарна гэдгээ мэдэгдээд байна.

Энэ нь өнгөрсөн оны долоодугаар сард БНХАУ-ын Ченду хотод болсон уулзалттай харьцуулахад талуудын байр суурь өөрчлөгдсөнийг харуулж байна. Тухайн үед "Их 20"-ийн Сангийн сайд, Төв банкнуудын тэргүүнүүд "Протекционист бодлогын бүх хэлбэрийг эсэргүүцнэ" гэсэн амлалт өгч байсан юм. Харин АНУ-ын шинэ засаг захиргаа болон Ерөнхийлөгч Дональд Трамп үндэсний эрх ашгийг урьтал болгож, Транс-Номхон далайн түншлэлийн гэрээнээс авхуулаад нээлттэй зах зээлийн санаачилгуудаас татгалзаж эхэлсэн нь дэлхийн худалдааны чиглэл, төлөвийг өөрчилсөн гэж шинжээчид тайлбарлажээ.

"Их 20"-ийн уулзалт энэ сарын 17-18-ны өдрүүдэд Германы Баден-Баден хотод болох бөгөөд энэ үеэр Сангийн сайд нар эцсийн дүгнэлт мэдэгдлээ хийнэ гэсэн хүлээлттэй байна.

А.Хатангоо



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна