Турк улсын засаг захиргаа тус улсад суугаа Голландын дипломат төлөөлөгчийн газрын орох, гарах эрхийг хязгаарлаж, Нидерландын Элчин сайдыг амралтаа дуусгаад, тус улсад орж ирэхгүй байхыг хүсчээ.
Энэ нь Нидерланд, Туркийн хоорондын харилцаа огцом хүйтэрснийг илтгэж байна хэмээн олон улсын шинжээчид үзэж байна. Үүнээс өмнөхөн Голландын засаг захиргаа Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглуг туркуудтэйгээ уулзалт хийхийг таслах зогсоох зорилгоор онгоцыг нь газардахыг зөвшөөрөөгүй билээ.
Бямба гарагт болсон энэ үйл явдлаас л Нидерланд, Туркийн зөрчилдөөн эхлээд байна.
Нидерландын засаг захиргаа Туркийн ГХЯ-ны тэргүүнийг оруулахаас татгалзсан шалтгаанаа “нийтийн эмх замбараа, аюулгүй байдлыг алдагдуулах” аюул заналхийллээс сэргийлж авсан арга хэмжээ гэжээ.
Мөн Голландын цагдаагийн газар Туркийн Гэр бүл, нийгмийн бодлогын асуудал эрхэлсэн сайд Фатма Бетюль Саям Кайяг улсад нь машинаар орж ирэх үед нь саатуулсан байна. Тэрбээр Нидерландад төлөвлөсөн уулзалт, арга хэмжээг нь цуцалсан байсан ч Роттердам руу орохоор явж байжээ. Түүнчлэн Туркийн сэтгүүлчдийг улс руугаа орж ирэхийг хориглосон байна.
Т.Хэрлэн
Сэтгэгдэл бичигдээгүй байна