Францын дунд сургуульд халдлага болж, гурван хүн шархаджээ

2017/03/17
Францын Грасс хотын нэгэн дунд сургуульд хүмүүс рүү буудсан хэрэг гарсны улмаас гурван хүн шархадсан тухай тус улсын Дотоод хэргийн яам мэдээллээ.

Энэ хэрэгт холбогдуулан 17 настай сурагчийг баривчлан саатуулаад байгаа бөгөөд тэрбээр сургууль дотор винтов, гар буу болон гранат барин явж байжээ.

Сэжигтэн өмнө нь цагдаагийн хяналтад байгаагүй тухай эх сурвалж ярьсан байна. Өөр нэгэн эх сурвалжийн ярьснаар, хоёр сурагч сургуулийнхаа захирлыг буудаж шархдуулсан бололтой.

Францын Дотоод хэргийн яамны төлөөлөгч Пьер-Анри Бранде "France Inter" радиостанцад мэдээлэл өгөхдөө “хүмүүс рүү буудах үед гурван хүн шархадсан” гээд байдал тогтворжих хүртэл тэвчээртэй, тайван байхыг багш, сурагчдын ар гэрийнхэнд зөвлөлөө. Тэрбээр өмнө нь  8 хүн шархадсан гэж BFM TV сувагт мэдээлж байсан юм. Одоогоор хэргийг хоёр хүн үйлдсэн эсэхийг шалгаж байгаа аж.

Өнгөрсөн онд Францад цуврал халдлагууд гарсны дараа тус улсад онц байдлын дэглэм үйлчилж байгаа юм. Францын Ерөнхийлөгчийн сонгууль хагас жил хүрэхгүй хугацааны дараа болох гэж байгаа энэ үед аюулгүй байдлын асуудал хурцаар тавигдаж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна