Саудын Араб улс хууль бус цагаачдад хатуу арга хэмжээ авах тухай хэлэлцэж байна. Энэ дагуу Дотоод хэргийн яам /ДХЯ/-ны дэргэд комисс ажиллуулж, тус улсад хууль бусаар орж ирсэн таван сая хүнийг гаргахаар зэхэж байгаа аж.
Энэ нь тус улсын нийт хүн амын 20 орчим хувь юм. Хууль бус цагаачдыг үндэсний аюулгүй байдалд аюул заналхийлэл учруулна гэж үзэж байгаа гэнэ. Тэгвэл энэхүү хатуу арга хэмжээнд хэн өртөх, Эр-Риядын болгоомжлол хэр үнэнд ойр талаар “RT” агентлаг ийнхүү мэдээлжээ.
Саудын Арабын вант улсын хууль тогтоох байгууллага болох 150 гишүүний бүрэлдэхүүнтэй Межлис аш-Шурад хууль бус цагаачдын асуудлыг үр үндсээр нь арилгах тухай халуухан маргаан дэгджээ. Энэ дундаас Садка Фадель гишүүний гаргасан санаачилга хамгийн хатуу, эрс шийдвэрт тооцогдож байв. Энэ бол гадаадын таван сая иргэнийг бүрмөсөн гаргах юм.
Түүний хэлснээр тус вант улс Африк, Ази тивээс бөөн бөөнөөрөө хууль бусаар орж ирсэн хүмүүсийн урсгалд өртсөн гэнэ. Эдгээр цагаач Саудын Арабт байнга оршин сууж, цаашид эндхийн үндсэн иргэд болохыг эрмэлзэж байгаа гэжээ. Межлис аш-Шурын гишүүн ийм арга хэмжээ авах нь улс төрийн хамгийн бага эрсдэл гэж үзэж байна.
НҮБ-ын 2016 оны долоодугаар сарын мэдээгээр тус вант улс 28.16 сая хүн амтай. Харин хилийн чанадаас орж ирсэн хүмүүс нь 30 гаруй хувийг бүрдүүлж байгаа аж. Тэгэхээр тус вант улсад 10 сая орчим цагаач аж төрж байгаа юм. Харин Фаделийн хэлсэн үнэн бол эдгээр цагаачийн тал хувь нь хууль бусаар аж төрдөг, бараг бүгдээрээ араб бус гаралтай гэнэ.
Тагнуулын төв газрын баталж буйгаар Саудын Арабын нийт хүн амын 90 хувь нь арабын ард түмний төлөөлөгчид байдаг бол 10 хувь нь африкчууд болон азиуд (2.8 сая хүн) байдаг гэжээ.
Т.Хэрлэн
Сэтгэгдэл бичигдээгүй байна