​Forbes: Дэлхийн тэрбумтнуудын тоо анх удаа 2000 давлаа

Өчигдөр 14 цаг 24 минут
"Forbes" сэтгүүлээс жил бүр танилцуулдаг "Дэлхийн хамгийн чинээлэг эрхмүүд"-ийн жагсаалтыг Билл Гэйтс дахин тэргүүлжээ. "Microsoft"-ийн үүсгэн байгуулагч тэрбээр жагсаалтыг дөрөв дэх жилдээ тэргүүлж байгаа нь энэ юм. Түүний хөрөнгө 75 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байсан бол 86 тэрбум ам.доллар болж өсжээ. Харин жагсаалтад багтсан зарим эрхмийн хөрөнгийн үнэлгээ буурсан байна. Бизнесийн "магнат," хөрөнгө оруулагч Уоррен Баффет 75.6 тэрбум ам.долларын хөрөнгийн үнэлгээтэйгээр жагсаалтын хоёрдугаарт оржээ. Түүний хөрөнгийн хэмжээ нэг жилийн дотор 14.8 тэрбум ам.доллараар өссөн байна. Түүнчлэн "Forbes"-ийн онцолсноор энэ удаагийн жагсаалт өмнөх онтой харьцуулахад тэрбумтнуудын тоо 13 хувиар өсөж, 2043 хүрчээ. Ийнхүү дэлхийн тэрбумтнуудын тоо анх удаа 2000 давсан нь 31 жилийн дээд үзүүлэлт болж байна. Эдгээр тэрбумтнуудын нийт хөрөнгө 18 хувиар өсөж, 7.6 их наяд ам.доллараар хэмжигдэж байгаа нь мөн түүхэн дэх хамгийн өндөр дүн боллоо. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хөрөнгө нэг тэрбумаар буурч, 3.5 тэрбум ам.доллар болжээ. Ингэснээр Д.Трамп 220 байр ухарч жагсаалтын 544 дүгээрт бичигдэж байна. Түүний хөрөнгийн хэмжээ багассан нь АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн өсөлт тааруу байсантай холбоотой гэж "Forbes"-ийн шинжээчид тайлбарлалаа.

Улс орнуудаар нь ангилбал дэлхийн хамгийн олон тэрбумтантай улсаар АНУ харин дараа нь БНХАУ нэрлэгджээ. Хятадын тэрбумтнуудын тоо 319 болсон байна. Үүнээс гадна жагсаалтад шинээр 195 тэрбумтан эрхэм багтсаны дийлэнх нь Хятадын тэрбумтнууд байгаа юм. "Дэлхийн хамгийн чинээлэг эрхмүүд"-ийн жагсаалтад өөрсдийн хүч хөдөлмөрөөр тэрбумтан болсон 15 эмэгтэй багтжээ. Эдгээрийн 10 нь Хятадын иргэд байна. Мөн Вьетнамаас анх удаа эмэгтэй тэрбумтан төрөн гарсан нь санхүү, үл хөдлөх хөрөнгийн үйлчилгээ үзүүлдэг "Sovico Holdings"-ийн ТУЗ-ийн дарга байлаа. Тэрээр өнгөрсөн сард "Vietjet Air" нисэх онгоцны компанийнхаа хувьцааг биржид арилжаалж эхэлсэн нь хөрөнгийн үнэлгээ нь өсөхөд нөлөөлжээ. Харин жагсаалтад багтсан нийт 227 эмэгтэйн 10 нь бизнесээ гэр бүлийн гишүүдтэйгээ хамтран эзэмшдэг байна. Үүнээс гадна эмэгтэй тэрбумтнуудын дундаас АНУ-ын иргэншилтэй ч Тайландад төрсөн Тай Лийг онцолж болох юм. Тэрээр технологийн "Shi" корпорацийг удирддаг. Тус компани эмэгтэй захирлаар удирдуулсан Тайландын хамгийн том компани ажээ.
Э.Сугар


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна