Ж.Батбаясгалан: Ний нуугүй хэлэхэд төр хувийн хэвшлийнхний итгэлийг алдчихсан байсан

15 цаг 13 минутын өмнө

Засгийн газар  “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг баталсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдол хариуцсан орлогч Ж.Батбаясгалантай ярилцлаа. 

-Гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах  асуудал Үндэсний хөтөлбөрт хэрхэн тусгагдсан бэ?
 

-Энэ асуудал ганцхан хотын асуудал биш. Үндэсний хөтөлбөрт Монгол Улсын Засгийн газраас Барилга хот байгуулалтын яам, Эрчим хүчний яамтай хамтарч хийх ажлууд  тусгагдсан. 2016 оны 12-р сарын 31-ний өдрийн байдлаар  Улаанбаатар хот  1.4 сая  хүн амтай болжээ.

Үүний 60 гаруй хувь нь гэр хорооллын буюу төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй  орчинд амьдардаг  гэсэн судалгаа гарсан. Агаар орчны бохирдлын эх үүсвэрийн   хамгийн том  шалтгаан нь   инженерийн шугам  сүлжээнд  холбогдоогүйтэй холбоотой.

Орон сууцжуулах  асуудал ярихаар дэд бүтцийн асуудал давхар хөндөгддөг. Ард нь дандаа хөрөнгө мөнгө  яригддаг.  Гэхдээ эдийн засаг хүнд байна, хөрөнгө санхүүжилт муу гээд энэ асуудлыг орхигдуулахгүй.  Бид төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд түшиглэж, олон улсын  байгууллагууд, зарим улс орнуудтай хийсэн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд   томоохон ажлууд хийнэ.

Тухайлбал Баянхошуу, Сэлбэ дэд төвийн ажил нэлээн эрчимтэй явж байна. Олон эх үүсвэрээс хөрөнгийн асуудлыг шийдэж хэрэгжүүлж буй ажил. Гэр хорооллын орчны бохирдлыг бууруулах,  дэд бүтцэд хэсэгчилж  холбох зорилт дэвшүүлж байгаа.  

Нэгэнт  хамгийн их хөрөнгө оруулалт хийж байгаа хэсгүүдээ төвийн дулаанд холбохоор болсон. Энэ бол агаарын бохирдолд маш том нөлөө үзүүлнэ. Баянхошууг төвийн системд холбохоор  20 гаруй том оврын  зуухуудыг төвийн системд давхар  холбогдчихно. Энэ бол Улаанбаатарын хэмжээнд агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн сайн ажил  гэдгийг хэлмээр байна. 

Үндэсний хөтөлбөрт   инженерийн дэд бүтцийн чиглэлээр бичил дэд төвийн тоог нэмэгдүүлэх, инженерийн  шугам сүлжээнд холбогдох боломжийг гэр хорооллын өрхүүдэд олгох ажлууд тусгагдсан.

 Гэр хороололд амьдарч буй иргэдийн дунд судалгаа хийхэд  иргэд өөрийнхөө амьдарч байгаа орчиндоо дэд бүтэцтэй болох  сонирхолтой гэж 70 орчим хувь нь хариулсан байна. Тэгэхээр иргэд  өөрийн гэсэн газар, байшин, өөрийн  бий болгосон орчиндоо амьдрах хүсэлтэй байнаа л гэсэн  үг. 

-Орон сууц олноор барьвал утаа арилна гэдэг ойлголт түгээмэл байдаг шүү дээ. Та болохоор орон сууц барих нь  гол ажил биш гээд хэлчих шиг боллоо? 

-Орон сууц дотроо  олон төрөл. Томоохон орон сууц ны урсгал зардал өндөр байдаг. Тэгэхээр айл өрхийн дийлэнх олонхын хүсч байгаа зүйл  орон сууцны хороолол  мөн үү гэх асуулт гарч ирнэ.  Судалгаагаар орон сууцанд  амьдрах хүсэлтэй иргэд 30 хүрэхгүй хувийг эзэлж байх жишээтэй.  Үндэсний хороо  судалгаанд түшиглэн иргэдийн хүсч буй чиглэлд ажлуудаа хийх бодлого барьж байгаа. 

-Аж үйлдвэр, технологийн паркийг  хөгжүүлэх асуудал Үндэсний хөтөлбөрт хэрхэн тусгагдсан бэ?

-НИТХ-аас баталсан Нийслэлийн Засаг даргын 2016-2020 он  хүртэлх үйл ажиллагааны  хөтөлбөрт дагуул хотууд  хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, хэт  төвлөрлийг сааруулах  ажлыг Засгийн газрын бодлоготой уялдуулж   хийхээр тусгасан. 
 Үйлдвэр технологийн паркийн асуудал Монгол Улсын хэмжээнд яригдаж байгаа.

Нийслэлийн хэмжээнд   Багануурын үйлдвэр технологийн парк,  Эмээлтийн аж үйлдвэр технологийн парк, Налайхын барилгын материал үйлдвэрлэл түүнийг ложистикийн  төвтэй нийлүүлэх гэсэн үндсэн гурван нэгж ажиллаж байгаа. Эдийн засгийн  нөхцөл байдлаас хамаараад дэд бүтцийн  зарим хэсгийг хэрэгжүүлээд байна.

Аж үйлдвэр технологийн паркыг төр, хувийн хэвшлийн хамтын  ажиллагаа, хамтын дэмжлэгээр хийх нь зүйтэй гэж үзэж байгаа. Зөвхөн  Эмээлтийн үйлдвэр технологийн паркын ТЭЗҮ-ээс харахад 10 мянган ажлын байр бий болохоор тооцоо харагдаж байна.  Эдийн засгийг  тогтвортой, аж ахуй нэгж иргэдийг орлоготой байлгах нь бидний яриад байгаа агаар, орчны бохирдлынг бууруулахад ихээхэн нөлөөтэй.  

-Гэр хорооллын айл өрхүүд  зуухны шинэ стандарт мөрдөхөөр боллоо. Өмнөх батлагдсан стандарт яагаад өөрчлөгдөв.  Стандарт баталж,  иргэдэд зуух олгох ажилд  их хэмжээний хөрөнгө   зарсан. Гэтэл дахиад  л шинэ  стандартын зуух хэрэглэх болох нь гэх асуудалд  хариулт өгөөч? 

-Нийслэлээс  захиалга өгсний үндсэн дээр өөрчлөгдсөн стандарт.  Өмнөх Засгийн газрын үед захиалга өгөөд өөрчилсөн стандарт.  Энэ стандартыг бид мөрдөх ёстой. 2017 оны 4-р сарын 1-нээс мөрдөгдөнө.  Өмнөх стандарт нь зөвхөн халаалтыг шийдэх зорилготой  байсан.

Одоогийн мөрдөх шинэ стандарт нь халаалт болон хоол  хүнсээ бэлтгэх нөхцлийг хамтад нь шийдвэрлэсэн. Дээрээс нь байгаль орчинд ээлтэй, бүрэн шаталтат,  агаарт очих дэгдэмхий бодисыг бууруулах  стандарт батлагдсан. 

-Гэрийн дулаалга, зуух гэх  зэргээр их хэмжээний хөрөнгө  зарсан ч үр дүн харагдаагүй нь төрдөө итгэх иргэд,  аж ахуй нэгжийн   итгэлийг алдсан.  Энэ ажлыг  цаашид хэрхэн үргэлжлүүлэх вэ? 

-Тэр үнэн. Төр өөрөө өөртөө итгэхэд ч хүнд болсон байсан. Саяхан Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өргөтгөсөн хурал хийлаа. Хурлаар биенээ шүүмжлэх, үгүйсгэх, итгэхгүй байх  биш нэг зүг рүү харах нь чухал гэдэг дээр санал нэгдсэн.  Нэг агаараар амьсгалж байгаа,  агаарын бохирдлыг үүсгэгчид өөрсдөө, хохирогч нь ч бас өөрсдөө юмаа гэдгээ хүлээн  зөвшөөрсөн.

Тиймээс энэ асуудалд олон нийтийг өөрсдийг нь татан оролцуулах замаар асуудлаас гарах нь зүйтэй гэж үзсэн. Үүнтэй холбоотойгоор Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Засгийн газар хамтран богино хугацаанд Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг  төслийг боловсруулж гуравдугаар сарын 20-ны өдөр Засгийн газраар батлууллаа.

 Гэрийн дулаалга, зуух  гэх зэрэг ажил цааш үргэлжилнэ. Энэ чиглэлийн томоохон судалгаанууд хийгдэж байна. Дулаан алдагдлыг бууруулахад түүхий нүүрсний хэрэглээ 50 хувиар буурах  боломжтой.  Дулаан алдагдлыг яагаад шийдвэрлэж чадахгүй байна вэ гэхээр  гэр хорооллын орчинд ямар ч стандарт мөрдөгдөхгүй байгаатай холбоотой.

Ханаа ямар хэмжээтэй барих юм, гэрээ  яаж дулаалах юм, бохироо хаана хийх, хог хаягдлаа хаана хадгалах,   зөөвөрлөх юм  гэх зэрэг асуудал дээр ямар ч стандарт байхгүй. Эхлээд стандарттай болгох ажлууд өрнөж байна. 

-Хотын даргын  шилжилт хөдөлгөөний  хязгаарласан  шийдвэр үр өгөөжээ өгч байна уу? 

-Усны хэрэглээ, хөрс, агаарын бохирдлын хэмжээ ерөөсөө л даацаас хэтэрсэн. Энэ бол буруу шийдвэр гаргаж ирсний гай.  Байгаль орчны яамтай хамтраад Агаарын чанарыг сайжруулах бүс  тогтоож өгсөн.  Ямар арга хэмжээ авах талаар журмыг нь баталчихсан.

Агаар орчны бохирдол дээрдтэл шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авсан.  Орон сууцанд амьдрах гэж байгаа бол нээлттэй. Харин яндан, нүхэн жорлон нэмэх гэж байгаа бол боломжгүй гэдэг утгаар хязгаарласан.  Энэ нь тодорхой хугацааны дараа үр дүнгээ өгнө. 

-Шөнийн  тарифийн хөнгөлөлт  адил тэгш үйлчлэхгүй байна  гэх шүүмжлэл их байсан. Шөнийн тарифийг 0 болгосноос хойшхи хугацаанд ямар үр дүн гарав? 

-Өнөөдрийн байдлаар УБЦТС компаниас ирүүлсэн мэдээллээр 2.1  тэрбум төгрөгийн  хөнгөлөлт  иргэддээ үзүүлээд байна. Таны асуусан асуудлыг бүрэн шийдвэрлэсэн.

Нэгдүгээр сарын  1-нээс хойш  хөнгөлөлтөд хамрагдаагүй иргэд нөхөн хөнгөлөлтөө эдлэхээр болсон.  Байгаль орчны сайдын багцын 80 орчим хувь нь шөнийн тарифийн хөнгөлөлтөд зарцуулагдахаар байгаа. 

-Концессийн гэрээгээр  бүтээн байгуулалт  хийнэ гэдэг хэцүүхэн сонсогдох боллоо. Энэ чиглэлд аж ахуй нэгжүүд, хөрөнгө оруулагчдын итгэлийг яаж эргүүлэн авах вэ? 

-Ний нуугүй хэлэхэд өнгөрсөн хугацаанд төр  хувийн хэвшлийнхний итгэлийг алдчихсан юмаа. Тендерээр ордог хуультай байхад концесс гэдэг жагсаалтад оруулаад “Барьж, шилжүүлэх” нөхцөлтэйгээр явуулж ирсэн. Энэ нь 30-40 хувийн илүү зардлаар төр, хувийн хэвшил ажиллаж ирсэн гэсэн үг.

Сая Ерөнхий сайд  Монгол Улс 5 төсөвтэй байж байгаад  нэг төсөвтэй болсон гэдгийг төрийн бүх  байгууллагад ажиллах үеэрээ онцолсон. Аймаг бүр тус тусдаа концесс баталчихсан. Монгол Улсын төс в ч даахааргүй их жагсаалт баталчихсан.

Үүнээс улбаатайгаар төр, хувийн хэвшил гэдэг ойлголт нь буруу  тийшээ эргэж, итгэл алдарсныг засч  залруулах  чиглэлд  дорвитой ажил хийгдэнэ. 

С.Отгон



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна