Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 40 гаруй хувь нь цастай тэр дундаа Өвөрхангай, Увс, Хөвсгөл, Баянхонгор зэрэг 10 гаруй аймагт их хэмжээний цастай байна. Хаваржилтын нөхцөл байдал одоогоор хүндрэх эрсдэлгүй, өвөлжилттэй харьцуулахад “зудтай” болон “зудархуу” зэрэглэлд байсан аймаг, сумдын тоо 50 хувиар буурсан талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам мэдээллээ.
Өнгөрсөн долоо хоногт Баруун болон Төв, Говийн аймгуудын нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурсны улмаас Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь зэрэг долоон аймагт энэ сарын 22-24-нд орон нутгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан. ОБЕГ-ын мэдээлснээр 11 аймгийн 40 сумаас 54 удаагийн дуудлага ирж, сураггүй болсон 96 иргэнийг эсэн мэнд олсон байна. Эдгээр аймагт орсон их хэмжээний цас хаваржилтад хүндрэл үүсгэхгүй, гамшгийн хэмжээнд хүрэх нөхцөл байдал үүсээгүй байна. Харин их хэмжээний цас орсон аймаг, сумдад хэт дулаарвал “Шар усны үер” болох эрсдэлтэй байгаа учраас салбарын яам малчид, ард иргэдийг шар усны үерээс сэрэмжлэхийг анхааруулсан.
Үүнээс гадна улсын хэмжээнд том малын хорогдол 180 мянга гаруй байгаа нь нийт малын 0.3 хувийг эзэлж байна. Малын хорогдол өмнөх онтой харьцуулахад даруй 50 хувиар буурчээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээлснээр улсын хэмжээнд 20 гаруй сая төл мал хүлээн авахаас одоогийн байдлаар 1.7 сая төл хүлээж аваад байна.
Э.Сугар
Сэтгэгдэл бичигдээгүй байна