Бодит амьдрал дээрх Шерлок Холмс хэрхэн ажилладаг вэ?

15 цаг 32 минутын өмнө
Гэрчлэх хүн олохын тулд чи олон хаалга тогшиж, барилгуудад нууцар нэвтэрч орох хэрэгтэй болдог. Мөн фейсбүүкийг нь сайн судлахаа мартаж болохгүй.

Детектив зохиолч Патрик Хоффмен өдгөө Нью Ёоркийн 5 дүүргээр эргэлдэж, хэргийн сэжмийг хайдаг хувийн нууц мөрдөгч болжээ. Түүний ажил сонирхолтой сонсогдож байгаа ч аюултай. Олдохыг хүсэхгүй байгаа хүмүүсийг хайж мөрдөнө гэдэг хүнд хэцүү, дээрээс нь амь насанд халтай байлгүй яахав.

Патрик бидэнд хэрхэн хувийн нууц мөрдөгч болсон тухайгаа, мөн түүний илрүүлсэн хэргүүд зохиолд нь хэрхэн буудаг тухай, мөн хувийн мөрдөгч байх түүний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг талаар хуваалцсан юм.

- Та хэрхэн хувийн мөрдөгч болсон бэ?

- Би Сан- Францискод таксины жолооч хийдэг байхад миний найз намайг аюулаас хамгаалах албанд зуучилж өгсөн. Би жолоочийн ажилдаа дуртай байсан ч илүү сонирхолтой ажил хиймээр санагдаад, тус албанд дадлагажигчаар ажилд орж билээ. Ингээд 6 сарын турш дагалдангаар ажиллаж, шөнөдөө таксигаа жолоодсоор нэг л өдөр хүссэн ажилдаа үндсэн ажилтнаар орсон юм даа. Намайг Том Өү Брайн нэртэй домогт мөрдөгч ажилд авсан.

Ажлын анхны өдөр би их самгардсан. Намайг Стоктонгоос нэг фермерийг олоод ир хэмээн явуулсан. Би Стоктон хүртэл явж, түүний гэрийн хаягаар очтол тэр байгаагүй. Гэсэн ч би хүмүүсээс сураглаж явсаар эцэст нь түүнийг зоогийн газраас олсон. Би түүнтэй машины зогсоол дээр уулзаж, ярилцсан. Сандарч тэвдсэн ч миний ажлын эхний өдөр гайхамшигтай сайхан санагдаж билээ.
 
- Та одоо ямар хэлтэст ажиллаж байгаа вэ?
 
- Би гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ажиллаж байгаа.
 
- Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрч байна даа?
 
- Миний хийдэг ажил бичиг цаасны, гадаа гэсэн хоёр хэсэгт хуваагддаг . Би хэргийн материалуудтай танилцаж, утасны яриа сонсож, холбогдох хүмүүсийн фейсбүүк хаяг, цахим хуудсуудыг шалгадаг.
Харин гадаах ажил минь илүү сонирхолтой. Би хүмүүстэй ярилцдаг. Би ихэвчлэн тэдэнд байцаалт авахаар очиж байгаагаа хэлдэггүй. Иймэрхүү гэнэтийн яриа маш сонирхолтой болдог , хаана ч хэнтэй ч байж болно.
 
Нэг удаа Сан Францискод би Том хамарт Ол нэртэй орон гэргүй залууг орхигдсон үйлдвэрээс олж байцаалт авах хэрэгтэй болсон юм. Би үйлдвэр лүү нууцаар нэвтрэхээс өөр арга байгаагүй. Яг л адал явдалт кинонд гардаг шиг байсан. Би түүнийг гуравдугаар давхараас олж, бараг бүтэн цаг түүнтэй ярилцсан.
 
- Хүмүүс хувийн мөрдөгчийн ажлыг их сонирхолтой гэж боддог. Тэгвэл таны ажил хүмүүсийн төсөөлдөгөөс юугаараа өөр вэ?
 
- Хүмүүс хувийн мөдөгчийн ажил үргэлж гадуур явж, адал явдалтай учирч, муу залуустай тэмцдэг гэж боддог. Гэвч тэд намайг хэдэн цагаар ч хамаагүй ширээний ард сууж, мэдээлэл бүрийг орхигдуулалгүй харж, шүүхийн шийдвэр тогтоолуудыг хянадаг гэдгийг мэддэггүй. Кинон дээр гардаг шиг л бүх гэрчүүд гэртээ, байцаалт өгөхөд бэлэн сууж байдаг гэж боддог, харин үнэн гэвэл хэн ч гэртээ байхгүй, эсвэл гэрийн хаяг алдаатай, бүр эсвэл хаалганы хонх нь ажиллахгүй байх жишээтэй. Чи үргэлж л хэн нэгэнтэй ярилцахыг хичээж, хайж, гуйж явах хэрэгтэй болдог нь  заримдаа их хөгжилтэй санагддаг шүү.
 
- Таныг ажиллах явцад тохиолдсон хамгийн ''галзуу'' зүйл юу байсан бэ?
 
- Би нэгэн удаа маш аймшигтай аллагын хэрэг дээр ажиллаж байлаа. Миний хайж байсан залуу Оаклендийн хар тамхины бүлэглэлүүдтэй холбоотой гэр бүлийн гишүүн байлаа. Би түүний нагац ахынд очиж, түүнийг хаана байгааг мэдэж байгаа эсэхийг нь асуулаа. Байшингийн урд зүлгэн дээр машинаа засаж байгаа том биетэй залуугаас би дүү нь хаана байгаа талаар асуутал тэр гартаа маш том бахь барьчихсан эргэж хараад, надруу зүгээр л дуугүй ширтсэн.
 
Би сандарч, за тэгвэл би байшингийн хаалгийг тогшоод өөр хүнээс асууя даа гэж хэлээд явсан. Харин хаалгыг нөхөрсөг хижээл насны эр онгойлгож өгөөд надад дүүгээ хаана байгааг мэдэхгүй гэж хэллээ. Би эргэж хараад явах гэтэл гурван том машин байшингийн урд ирээд зогсчихсон, машин бүрт хоёр хоёр том залуус суучихсан бүгд надруу ширтэж байдаг байгаа.
 
Мэдээж надад муу зүйл тохиолдоогүй ч сүрдмээр байсан шүү.
 
Би үнэнээ л хэлье. Миний ажил үргэлж сонирхолтой байдаггүй.
 
Нэг удаа би орон гэргүй хүмүүсийг машинаар явж хайж байснаас дугуй унаж яваад хайвал илүү дээр гэж бодоод дугуй унаад Сан Францоскогийн гудамжаар явж байсан юм. Ажилруугаа буцах замдаа би нойтон бетоноор дүүргэсэн нүх байгааг харалгүй тээглэн унаж, толгойноосоо хөл хүртлээ бетонд будагдсан. Ингээд би Сан Францискогийн хамгийн их хүнтэй гудамжинд барилгын ажилчдаар туслуулан усаар шүршүүлж, бетоноо арилгуулж зогссон юм. Зарим хүмүүс миний зургийг авч байсан. Үнэхээр ичгэвтэртэй.
 
- Та детектив зохиолч хүн. Таны ажил таны зохиолуудад хэрхэн нөлөөлдөг вэ?
 
- Миний ажил надад зохиол бичихэд маш их тусалдаг. Сүүлийн 12 жилийн дотор л гэхэд би зуу зуун хэргийн мэдүүлэг уншсан. Хэргийн газарт ажиллаж, хэрэгтнүүд, гэрчүүдтэй ярилцсан. Дээрэмчид, хулгайч, сайн, муу шүүгчидтэй бүгдэнтэй нь ярилцаж, нөхөрлөсөн. Би тоо томшгүй шоронд очиж, хоригдох байруудаар орж үзсэн. Хэргийн газарт шинжилгээ хийж, баримтуудтай танилцсан . Мэдээж сэтгэл гутралд ормоор үе байдаг ч зохиол бичихэд минь их туслалцаа болдог. Илүү амьдралтай ойр, сайн зохиол бичихэд тусладаг гэх юм уу даа. 

С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна