БОАЖЯ-наас 100 сая төгрөгийн шагналын сантай “Утааг хамтдаа устгая” уралдаан зарлалаа

2017/07/03
БОАЖЯ-наас Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж эхлээд байна. Хөтөлбөрийг 2017-2025 онуудад хэрэгжүүлэх бөгөөд  үүний дүнд байгальд ээлтэй инженерийн дэд бүтцийн байгууламжын чанар, хүртээмжийг сайжруулж, бохирдуулагч эх үүсвэрийг багасган, дулааны станц, дулааны цахилгаан станцаас бусад хэрэглээнд түүхий нүүрсийг хязгаарлаж, агаар, орчны бохирдлыг 80 хувиар бууруулна . Тус хөтөлбөрийн хэрэгжилтийг 25 шалгуур үзүүлэлтээр дүгнэнэх юм.

2017 оны зургадугаар сарын 30-нд ‘’Утааг хамтдаа устгая’’ уриан дор форум явагдаж өнгөрсөн.Үүнтэй холбогдуулан  БОАЖЯ утаа, орчны бохирдлын эсрэг ямар арга хэмжээ авч, хэрхэн ажиллаж байгаа талаар БОАЖЯ-ны Цэвэр Технологи Хөрөнгө Оруулалт, Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Ц.Уранчимэгтэй ярилцлаа.

-Ариг банкны санаачилсан “Утааг хамтдаа устгая” уриалгын дор 100 сая төгрөгний санхүүжилттэй цэвэр технологийн шийдэл олох уралдааныг зарласан байна. Уралдааны талаар мэдээлэл өгөөч?

-БОАЖЯ Ариг банк, Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Даян Дэлхийн Ногоон Хөгжлийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр зэрэг Олон улсын, дотооддын байгууллагуудтай хамтран утааны эсрэг тэмцэж байгаа.

Улаанбаатар хотын гэр хорооллын утааг бууруулах нь бидний өмнө тулгарсан том сорилт болж байгаа бөгөөд гэр хорооллын утааг бууруулахаар шөнийн цахилгааны тарифыг тэглэж, утаагүй зуух, сайжруулсан түлш зэрэг техник тех нологийг хэрэгжүүлсэн ч утаа гамшигийн хэмжээнээс буурахгүй байна.

Энэхүү гамшигийн эрчим хүчний хэмнэлттэй, дэвшилтэт техник, тех нологийн болон санхүүгийн шийдэл олоход зориулж Ариг Банк, БОАЖЯ хамтран 100 сая төгрөгийн шагналын сан бүхий уралдаан зарласан.

Уралдааны шалгаруулалт есдүгээр сарын 15-нд болох бөгөөд зөвхөн эрдэмтэд, судлаачид биш оролцохыг хүссэн хүн бүрт нээлттэй.

Цаашид утааны эсрэг 100 саяын уралдаан зохиогоод л болох биш, зөв шийдлийг олж хэсэгчлэн хэрэгжүүлэх тал дээр БОАЖЯ-ны Цэвэр технологи, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтэсээс анхааран, хамтарч,  дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.



-Нийслэлчүүд бидний өмнө тулгамдсан асуудлууд ганц утаагаар зогсохгүй. Хөрс, орчны бохирдолтой хэрхэн тэмцэж ямар ямар шинэ технологиудыг ашиглан ажиллаж байна вэ?

-Олон улсын техник техноногийг Монголын иргэдэд хүргэдэг 50 гаруй аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа явуулж байна. Гэсэн хэдий ч Монголын нөхцөлд төгс тохирох шийдлийг олоогүй байна.  Иймээс эдгээр техник технологуудыг харьцуулж, нийт төхөөрөмжүүдийн хэдэн хувь нь ногоон ээлтэй технологи байна, хэд нь эдийн засагт хэмнэлттэй, хэд нь эрүүл мэндэд хор нөлөөгүй вэ гэх мэт 25 шалгуур үзүүлэлтүүдээр дүгнэж технологийн зөвлөмж боловсруулж байна. Эдгээр зөвлөмжүүдтэй холбоотойгоор есдүгээр сард Байгаль орчинд ээлтэй цэвэр технологийн, агаар орчны бохирдлыг бууруулахад зориулсан төхөөрөмжүүдийн  үзэсгэлэн, мэдээллийн төвийг Нийслэлийн 4 дүүрэгт ажиллуулна.

Түүнчлэн Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр батлагдсантай холбогдуулан маш олон арга хэмжээнүүдийг төлөвлөсөн байгаа. Үүний нэг нь Монголын ногоон зээлийн сан. МНЗС-аар дамжуулан иргэдэд шинэ техник технологийг худалдан авахад дэмжлэг үзүүлнэ.

Аюулгүй эсэх нь мэдэгдэхгүй хямд төсөр төхөөрөмжүүдийг маш ихээр оруулж ирж байгаа. Бид тэр технологиуд дээр судалгаа хийгээд, шалгуур үзүүлэлт боловсруулаад, зөв байгальд ээлтэй технологиудыг үзэсгэлэн дээр дэлгэж тавина.

-Засгийн газраас иргэдэд зориулан ямар, ямар дэмжлэг үзүүлж байгаа вэ?

-Засгийн газрын зургадугаар сарын 14-ны хурлаар агаарын бохирдлыг бууруулахад байгалд ээлтэй цахилгаанаар халах боломжтой дулаалга сайжруулдаг, эрчим хүч хэмнэх 13 технологийг гаалийн татвараас чөлөөлж өгсөн байгаа. Энэ бол маш том дэмжлэг.

БОАЖЯ-аас банкуудтай хамтран Ногоон Зээлийн сангийн хүрээнд дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байгаа. Жишээ нь цахилгаанаар ажилладаг зуух байлаа гэхэд түүнийг хөнгөлөлттэй зээлээр авч болох арга замыг хайж байгаа.

-Утааг бууруулах тал дээр БОАЖЯ-аас хэрэгжүүлж буй өөр  бусад ажлууд байгаа юу?

-Бид цаашид нүүрсийг сайжруулсан нүүрсээр солих хэрэгтэй байна. Барилга орон сууцаа дулааны алдагдалгүйгээр дулаалахтай холбогдуулж, дулаалгын материал үзэсгэлэнд тавина. Гадагшаа дулаанаа алддаг бол цоорхой савруу ус хийхтэй адилхан. Гэрээ дулаалахгүй бол хичнээн сайн технологи аваад дулаан өвөлжинө гэж байхгүй. Цаашлаад цэвэр, зөв технологи аваад хэрэглэвэл үнс хог хаягдал гарч орчны бохирдол болохгүй, өөрөө тав тухтай орчинд амьдарч болно гэдгийг сурталчлах ажлыг зохион байгуулах болно.

Ярилцсан сэтгүүлч С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна