Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сар шинийн баярын босгон дээр эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан салбар бүрийн төлөөллийг төрийн алдар, цолоор шагнах зарлиг гаргаж, шагналыг өнөөдөр 11.40 цагт Төрийн ордонд гардууллаа.
Энэ жил эрүүл мэндийн салбарт анх удаа багаар нь Төрийн соёрхол олгож байгаа аж.
Тодруулбал, ЭХЭМҮТ-ийн Эрүү, нүүрний мэс заслын тасгийн эрхлэгч, клиникийн профессор Г.Аянга ахлагчтай багийн “Уруул тагнайн төрөлхийн сэтэрхийн цогц эмчилгээг Монгол Улсын хэмжээнд шийдсэн нь” бүтээлд Монгол Улсын Төрийн соёрхол хүртээж байна.
Г.Аянга ахлагчтай баг сүүлийн 22 жилийн хугацаанд давхардсан тоогоор нийт 87 удаа хөдөө орон нутагт хүмүүнлэгийн ажил зохион байгуулж, 3280 хүүхдэд мэс заслын эмчилгээ, 2500 орчим хүүхдэд бусад хавсарга эмчилгээ хийсэн байна. Ингэснээр орон нутгийн иргэдэд 3 тэрбум гаруй төгрөгийн эдийн засгийн хэмнэлтийг үзүүлжээ.
Хамгийн том үр дүн нь уруул, тагнайн төрөлхийн сэтэрхийн өвчин эмгэгтэй хүүхэд багачууд гадаадын улс орон руу явж эмчлүүлэхгүйгээр, 100 хувь Монгол улсдаа оношлогдож, эмчлэгдэх боломжтой болжээ.
Өөрөөр хэлбэл, уруул, тагнайн төрөлхийн сэтэрхий эмгэгийн цогц эмчилгээг дэлхийн түвшинд хүргэж, Монгол орны ийм эмгэгтэй бүх хүүхэд залууст санхүүгийн бэрхшээлгүйгээр тэгш, хүртээмжтэй хүргэж чадсан байна.
Мөн Багийн ахлагч Г.Аянга сүүлийн 8 жилд Мянъмар, Хятад, Индонези, Филиппин, ОХУ улсад уригдан хүмүүнлэгийн ажилд оролцож 200 орчим хүүхдэд мэс засал хийсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна