"Team Checkmate" баг 6 хүнтэй Монголын анхны CSGO баг боллоо

2021/02/15

Монголын электрон спортын шилдэг багуудын нэг "Checkmate" баг 6 хүний бүрэлдэхүүнтэй болж буйгаа зарлалаа. Тэд өмнө нь тус багийн бүрэлдэхүүнд байсан cool4st-ийг Tiger багаас гарсан даруйд эргүүлэн элсүүлж байгаагаа зарласан байна.

Харин тэд cool4st-ийг нэмсэн даруйдаа ямар нэг тоглогчийг багаасаа хасаагүй бөгөөд түүнийг нэмж 6 хүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулах болжээ. Ийнхүү тэд Монголын анхны 6 хүний бүрэлдэхүүнтэй CS:GO-ийн баг болж байна. cool4st нэмэгдсэнээр багийн бүрэлдэхүүн: kaz, bLitz, h4wk, ROUX, Techno4k, cool4st болжээ.

Сүүлийн жилүүдэд CS:GO-ийн багууд 6 хүний бүрэлдэхүүнтэй болох нь элбэг болсон ба тэдгээрийн тэргүүн эгнээнд Astralis, Natus Vincere, Team Vitality зэрэг багууд байгаа юм. Уг шалтгаан нь ихэвчлэн тамирчдын ачааллыг тэнцүү хуваарилах, тамирчдын энерги эрч хүчийг илүү үр дүнтэйгээр зарцуулахтай холбогдож байна. 5 хүний үндсэн бүрэлдэхүүнтэй тоглодог уг тоглоомын хувьд нэмэгдэж нэг хүн орж ирсэнээр тоглолтууд дээр ээлжилж тоглох, бэлтгэлийг тухайлсан мапууд дээр хийх, үндсэн 7 мап дээр өөр өөр тамирчдаар бэлтгэл хийж түүний үрээр илүү чанартай тоглолт гарна хэмээн багууд үзэж байгаа. Цаашлаад бүрэлдэхүүний өөрчлөлт байнга болж байдаг учраас нэг тоглогч гэнэтийн шалтгааны улмаас гарах үед багт тийм ч хүчтэй цохилт болохгүй зэрэг давуу талууд үүснэ.

Ялангуяа Монгол багуудын хувьд хоорондоо солилцоо ихээр хийдэг, тамирчид өөрийн шийдвэрээр багаа орхих тохиолдол их байдаг тул Checkmate-ийн энэхүү санаачлага нь цаашдын амжилтанд нь эерэг нөлөөлөл үзүүлэх нь гарцаагүй биз ээ.

Эх сурвалж: Esportsnews.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна