Хөндлөнгөөс харахад, Монголын арилжааны хэдэн банкны нэг болох “Ариг” банк тойрсон хувьцаа эзэмшигчдийн маргаан өрнөж, асуудал өдгөө шүүх дээр явж байна.
“Ариг” банкны үүсгэн байгуулагч, “Дэм” санхүүгийн нэгдлийн эзэн Б.Эрдэнэбат 2016 оноос “Номин холдинг”-ийн үүсгэн байгуулагч, “Улаанбаатар импекс” ХХК-ийн эзэн Ш.Баярсайхантай “Ариг” банкийг хуваан эзэмших болжээ.
Тэр үеэс “Ариг” банкны 60.46 хувийг Б.Эрдэнэбат, 39.54 хувийг Ш.Баярсайхан эзэмших болжээ. Ш.Баярсайхан 39.54 хувийг авахдаа 5.9 тэрбум төгрөг төлсөн гэх “тоо” байдаг.
Удалгүй тэдний дунд асуудал үүсч, явсаар 2021 он гэхэд хувьцааны харьцаа өөрчлөгдөж, Б.Эрдэнэбат 42 хувьтай үлдээд, Ш.Баярсайхан 58 хувийг эзэмшдэг болсон байна.
Банкны актив 2020 онд 35 тэрбум төгрөг байсан бол 2021 он гэхэд 50 тэрбум болжээ.
Б.ЭРДЭНЭБАТЫН БУРУУТГАГДСАН ХЭРЭГ
“Ариг”-ийн хувьцаа эзэмшигч Б.Эрдэнэбат, Ш.Баярсайхан хоёрын хэрүүл гурав орчим жилийн өмнөөс эхэлсэн байдаг. Хэвлэлээр Б.Эрдэнэбатын талаарх сөрөг мэдээллүүд гарч эхэлсэн огноог харвал ийм дүгнэлт хийж болно. Улмаар жил гаруйн өмнөөс энэ асуудал ил болж, удалгүй Б.Эрдэнэбат залилангийн гэмт хэрэгтэн болж хувирсан юм. Тодруулбал, Б.Эрдэнэбат нь банкны активыг нэмэгдүүлэлгүйгээр өөрийн хамаарал бүхий иргэдэд “Ариг” банкнаас 8 орчим тэрбум төгрөгийн чанаргүй зээл олгосон гэх хэргээр ЭЦА-нд шалгагдаад, тэр нь шүүхэд очсон. Түүнээс цаашхийг олон нийт хэлүүлэлтгүй мэднэ.
Б.ЭРДЭНЭБАТЫГ “СУУЖ” БАЙХ ХООРОНД...
Банкны хувьцаа эзэмшигчдийн байр солигдсон буюу 39.54 хувь эзэмшиж байсан Ш.Баярсайхан 58 хувь болж өссөн, 60.46 хувийг эзэмшигч Б.Эрдэнэбатынх 42 болж буурсан. Б.Эрдэнэбат эзгүй, “Ариг” банк дээр Монголбанкны БЭТ-өөр Н.Оргилсайхан томилогдож ажиллав. Тэндээс Монголбанкны ерөнхийлөгчийн 2014, 2017 онд гаргасан “Арилжааны банкууд активаа 50 тэрбум төгрөгт хүргэх” тушаалыг биелүүлж, нэмэлт хувьцаа гаргахаар болжээ. Ингээд 15 тэрбумд дүйцүүлэн хувьцаа гаргав. Тухайн үед 60.46 хувь буюу давуу эрхийн хувьцааг эзэмшиж байсан Б.Эрдэнэбат шоронд байсан учир оролцсонгүй. Харин 39.54 хувьтай Ш.Баярсайхан 9 080 456 771 төгрөгөөр хувьцааг авч, нийтдээ 58 хувийг албан ёсоор эзэмших болов.
БАС Л Б.БААСАНЦОГТ...
Чухам ингэж хоёр хувьцаа эзэмшигчийн хувьцаа бие бие рүүгээ гулсах үед маапаан өрнөсөн бололтой.
Б.Эрдэнэбат шүүхээр шийтгэгдэх үеэс “Ариг” банк дээр “Улаанбаатар импекс” буюу Ш.Баярсайхан эзэн сууж, банктай холбоотой асуудлыг шийдэж эхэлжээ.
Өмгөөлөгч, өдгөө ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхтэй холбогдоод байгаа Б.Баасанцогт дээрх үйл ажиллагааны өмгөөлөл, шүүхийн асуудлыг зохицуулсан байж болзошгүй.
Ер нь Б.Баасанцогт хууль, шүүхийн байгууллагын олон хүнтэй маш ойр. Тэр хүмүүс нь албан тушаал өндөртэй, салбартаа нөлөөтэй гэдгээрээ онцлогтой. Олон нийтийн газар тэдгээрийн заримтай нь ойр ойрхон уулзалдаад л явж байдаг нэгэн юм.
Тухайлбал, Нийслэлийн ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбаттай их ойр. 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өглөө гэхэд л “UB Mart”-ын хойно “Мазаалай арт галерей”-ийн нэгдүгээр давхарт байдаг кофе шоп-д прокурор Ц.Насанбаттай өглөөний хоол идэж баахан буу халж байгаад гарах жишээтэй. Өөр шүүгч, прокуроруудттай ч олон нийтийн газар уулзалдана. Тэр талаар сүүлд өгүүлэмз.
ГТГ-ЫН ДАРГА АСАН Г.ӨЛЗИЙБҮРЭН ЯАГААД ХОЛБОГДОВ?
“Ариг” банкны актив нэмэгдүүлэхээр нэмэлт хувьцаа гаргахад давуу эрхийн хувьцаа эзэмшигч оролцох боломжгүй байгааг эсэргүүцэж “Дэм” санхүүгийн нэгдэл Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргажээ. Гэвч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул түүнийг нь хэрэгсэхгүй болгож хаасан байдаг.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуулын “Дэм” санхүүгийн нэгдлийн гомдлыг хаахад дам нөлөөлсөн хүн нь ГТГ-ын дарга асан Г.Өлзийбүрэн байж болзошгүй. Түүний хувьд Ш.Баярсайхантай ойр гэдгийг олон хүн мэднэ. Тэр ч байтугай хүү Үнэнбүрэн нь “Улсын Их Дэлгүүр”-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн байв.
Бас Б.Баасанцогттой ойр харилцаатай. Ер нь Б.Баасанцогт, Г.Өлзийбүрэн, Ш.Баярсайхан нар ойр харилцаатай. Хамт “хатуу юм” ч хүртчихнэ.Харилцаагаа олноос нуугаад байдаггүй бололтой юм. Хамгийн сүүлд 2021 оны хоёрдугаар сарын 6-ны орой “River tower” дахь “Номин” дэлгүүрийн хоёрдугаар давхарт Г.Өлзийбүрэнтэй уулзаж, тэндээсээ гарцгааж, “Jacks coffee”-ны вип өрөөнд Ш.Баярсайхантай хамт гурвуулаа нэлээд “суухдаа” хүмүүстэй таарч байжээ.
Харин тэр шүүгчид яагаад дам нөлөөлчихөв гэхээр ГТГ-ын дарга байхад нь түүний удирдлагад ажиллаж байсан С.Батмөнхөөр дамжуулсан бололтой. С.Батмөнх 2015 оноос Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилласан. Шүүгч Мөнгөнтуул Дорнод аймгийнх юм байна. “Дэм” санхүүгийн нэгдлийн гомдлыг хаасны дараа С.Батмөнх Г.Өлзийбүрэнд “Мөнгөнтуул ажлаа сайн хийсэн” гэж “илтгэсэн” гэх мэдээлэл байдаг.
Үүнээс гадна Б.Баасанцогтоос эрхэм шүүгчид Iphone 12 pro /IMEI:35395710211..../ гар утас “бэлэглэсэн” гэсэн мэдээлэл ч байна.
Б.БААСАНЦОГТ ЮУНЫ “ТӨЛБӨР”-Т МӨНГӨ ШИЛЖҮҮЛСЭН БЭ?
Шүүгчид Д.Мөнгөнтуулд нөлөөлөл үзүүлсэн гэж үзэхээр бас нэг хүн байгаа юм байна. Тэр нь шүүгч Д.Мөнгөнтуулын найз Э гэдэг эмэгтэй юм. Б.Баасанцогт Хаан банкны ..... данснаасаа 2020 оны арваннэгдүгээр сарын 14-нд Э-ийн эгчийн охин Л-ын ............... дугаартай данс руу “Бааска” гэсэн утгаар хоёр удаагийн гүйлгээгээр 5 сая төгрөг шилжүүлсэн. Л нь 2020 оны арваннэгдүгээр сарын 18-нд Э-ийн нөхрийн Хаан банкны ..... данс руу 2 сая төгрөг, Э-ийн Хаан банкны ............данс руу 2020 оны арванхоёрдугаар сарын 15-нд “999” гэсэн утгаар 2 870 000 төгрөг шилжүүлсэн байна.
ДАХИАД Л Б.БААСАНЦОГТ, Г.ӨЛЗИЙБҮРЭН...
Ингэж Б.Эрдэнэбатын талыг нам дарж авсны дараа хувьцаа нэмж гаргах, улмаар худалдаж авах ёстой болно. Ингэхдээ Б.Баасанцогт нь нэг нутгийнхаа хүн буюу “Латана аудит” ХХК-ийн захирал Л.Нансалмаагаар хуурамч бичиг баримт бүрдүүлж, “Ариг” банкны 18.46 хувьд тэнцэх 15 тэрбум төгрөгийг нотлох баримтыг Монголбанкны БЭТ-д хүргүүлжээ.
Мөн энэ асуудалд Б.Баасанцогтоос гадна “Номин”-гийн ажилтан Б.Бямбаноров оролцсон. Тэрээр “Номин реалтор” ХХК-ийн 20 тэрбумын зээлийн гэрээ, зарцуулалтын баримтыг хуурамчаар үйлдэж, нотариатч Д.Ундрахыг олж, түүнээр батлуулжээ.
Түүнчлэн “Улаанбаатар импекс” ХХК-ийн гүйцэтгэх захирал, УИД-ийн ТУЗ-ийн гишүүн Б.Ариунжаргалыг “Ариг” банкны гүйцэтгэх захирлаар томилуулах бичгийг тус банкнаас Монголбанкны БЭТ Н.Оргилсайханд явуулсан. Томилуулах асуудлыг хариуцаж, гарын үсэг зуруулах гэх мэт дэмжлэг үзүүлсэн хүн нь Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал Ц.Нарандалай болж таарав. Тэр яагаад оролцов гэхээр ГТГ-ын дарга асан Г.Өлзийбүрэнгийн хүү Үнэнбүрэнгийн найз ажээ. Тиймээс найзынхаа аавтай ч холбоотой байж, өөрийн удирдлага дахь асуудал хариуцсан албан тушаалтан Б-д нөлөөлсөн байж болзошгүй байна. Ц.Нарандалайгийн “цэрэг” Б нь “...“Улаанбаатар импекс” ХХК-ийн санхүүгийн тайлангийн өр төлбөрийн хэсэгт тусгагдсан 9.1 тэрбум төгрөг чинь хуримтлагдсан ашиг дээр тусгагдахгүй бол танай орлого буюу хууль ёсны эх үүсвэр гэж харагдахгүй” гэсэн утгатай зүйлийг “Улаанбаатар импекс”-ийн Б.Ариунжаргалд дуулгасан байж болзошгүй байна.
Хамгийн гол нь маш ноцтой сэрдлэг босч ирнэ. Энэ “бригад” 15 тэрбум төгрөг угаачихав уу гэсэн хардлага үүсгэж байна. Мөн тэр нь хэний мөнгө вэ. Хэн нэгэн төрийн өндөр албан тушаалтны хууль бус мөнгө үү, аль эсвэл ерээд оны цэнхэр тасалбартай иргэдэд олгох ёстой байсан олон жилийн ногдол ашиг уу???
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.188.64
Хэлэх үг олдохгүй байна.
Хариулах59.153.114.58
Сайн ажилласан гоё тeхнологи
Хариулах