Өчигдөр Дарханы замд осол гарч, дахин нэг МОНГОЛ хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа.
Үхэл, амьдралтай тэмцэх мэт амаргүй даваа болж хувирсан энэ зам дээр дахин нэг халуун амь, бүлээн зүрхний цохилт зогсож, нэгэн гэр бүлийг харанхуй уй гашуу нөмрөөд байна.
Одоогоос дөрвөн жилийн өмнө Улаанбаатартаа байтугай Азидаа хамгийн их ачаалалтайд тооцогддог Улаанбаатар- Дархан чиглэлийн замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөж, шинэчлэх шийдвэрийг МУ-ын Засгийн газрын хуралдаанаараа гаргаж, 2020 онд ашиглалтад өгөхөөр төлөвлөсөн боловч уг зам өнөөдийг хүртэл зам засаж байгаа компаниуд нь ч, зорчигчид нь ч шороо, тоостойгоо зууралдсан, гэнэтийн хохирол амссан хэвээр байна.
Одоо бол үндсэндээ 2024 оноос өмнө амжиж дуусвал их юм болохоор нөхцөлтэй болчихоод байгаа юм. Мөнгө нь бэлэн, компаниуд нь шалгарчихсан, гэтэл ажил нь явдаггүй баахан тайлбар тавьдаг. Олон шалтаг шалтгаан, бие биерүүгээ бурууг чихсэн байдалтай байгаа.
Гэтэл үүнээс болж маш олон хүний ажил амьдрал, амь нас, эрүүл мэнд хохирсон асуудал үргэлжлэн гарсаар....
Зам тээвэр, хөгжлийн яамнаас гаргасан судалгаагаар өндөр ачаалалтай үед өдөрт 7000 машин, жирийн үед дунджаар 3000-4000 машин зорчдог энэ замд 2021 оны эхний хагас жилийн байдлаар хэдэн зуугаар тоологдох осол гарч, 20 орчим хүн ослын улмаас амиа алдаж, 40 орчим хүн хүнд гэмтсэн гэх мэдээлэл байна.
Үүнээс гадна зам дээр машинууд эвдрэх, саатах, ачаа таваарын эргэлт удаашрах гээд нийгэм, эдийн засгийн асар их хохирол гарч байгаа юм.
Мянгуужингийн үлгэр, иргэдийн зовлон болж саатсан энэ ажлын гол асуудал бол ердөө л хариуцсан яамны зохион байгуулалт муу байгаагийнх.
Муугийн жишээ болчихсон энэ ажлын балгаар ямар хохирол, эрсдэл үүсч, цөөхөн монголчуудын амь үрэгдсээр байгааг Зам тээврийн сайд Л.Халтар гэж хүн ухамсарлаж байна уу. Хариуцлага, ёс зүй, энэрэх сэтгэл танд байна уу гэдгийг асуумаар байна. Ажил нь явдаггүй, ахиц гаргадаггүй тэгсэн хэрнээ албан тушаалдаа асар их “хайртай” Л.Халтар, Г.Ёндон зэрэг сайд нартаа хэзээ хариуцлага тооцох юм Ерөнхий сайд аа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна