Газар тариалангийн тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө

2021/05/13

Короновируст халдвар /Ковид-19/-ын тархалтаас шалтгаалан хүнс, хөдөө аж ахуйн салбарт ашиглагдаж буй техник, тоног төхөөрөмж, түүхий эд болон бусад орцуудын үнэ гадаад зах зээл дээр 30 орчим хувиар өссөн нь дотоодын үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж, бүтээгдэхүүний үнэ өсөх нөхцөлийг бий болгоод байна.

Энэхүү өсөлт нь манай улсын хүнсний хангамжийн тодорхой хэсгийг бүрдүүлэгч газар тариалангийн үйлдвэрлэлд хүндээр тусч байгаа тул газар тариалан эрхлэхэд нэн шаардлагатай байгаа шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын гаалийн албан татварыг хөнгөлж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулж батлуулсан. 

Уг хуулиар Гаалийн албан татвараас 2022 оны 1-р сарын 1-ний өдөр хүртэл хөнгөлөх, Нэмэгдсэн өртгийн албан татвараас 2025 оны 1-р сарын  1-ний өдөр хүртэл чөлөөлөх “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем”-ийн ангилал бүхий барааны жагсаалтыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа. Энэ жагсаалт батлагдсанаар Гаалийн албан татвараас хөнгөлөх, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хэрэгжих боломж бүрдлээ.

Жагсаалтыг ЭНД дарж үзнэ үү. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна