Өмнөговь аймаг 28 жилийн дараа төрсөн Хөдөлмөрийн баатруудаа шинэ орон сууцаар мялаалаа

С.Гандэлгэр
2021/06/04

Өмнөговь аймгаас 1960 онд трактор комбайнч Гаажидын Лувсанчимэд, 1961 онд барилгачин Цэвээний Даваасамбуу, тэмээчин Даваасүрэнгийн Жижээ, 1962 онд механик Цэдэвийн Шатар, 1966 онд тэмээчин Хүүхэний Гомбосүрэн, 1974 онд геологич Намжилцэрэнгийн Нямдорж, 1981 онд хоньчин Дунайн Аюурзана, тээвэрчин Хоролын Цэвэгмэд, 1986 онд ямаачин Цэдэнжамцын Банди, тэмээчин Сэргэлэнгийн Чимэддорж, 1993 онд тэмээчин Далайн Хамар нар МУ-ын хөдөлмөрийн баатар болж байсан түүхтэй. Тэгвэл МУ-ын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын зарлигаар Ханбогд сумын "Баян" багийн тэмээчин Жаалдүүгийн Тогтохсүрэн, Өмнөговь аймгийн Байгаль Орчны Газрын анхны дарга, байгаль орчны гавьяат ажилтан Дэмчигийн Бараадууз нар МУ-ын хөдөлмөрийн баатар хэмээх алдар хүндийг хүртэж байна. Ийнхүү Өмнөговь аймаг 28 жилийн дараа хос хөдөлмөрийн баатартай боллоо.

Мянгат тэмээчин Жаалдүүгийн Тогтохсүрэн нь 16 настайгаасаа эхлэн тэмээчин болж говийн хүний тэсвэр хатуужил, хөдөлмөрч ажилсаг байдлаараа галбын улаан тэмээгээ өсгөн үржүүлж говь нутгийн онцлог болсон тэмээн сүргийн удмын санг хадгалах, өсгөн үржүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх талаар арвин их ажлыг бүтээн яваа нэгэн. Байгаль орчны гавьяат ажилтан Дэмчигийн Бараадууз нь 2001 онд байгаль орчны газрын даргаар ажиллаж байхдаа Даланзадгад хотыг элсний нүүлтээс хамгаалах 80 га ойн зурваст 40 000 орчим мод тарьж, тухайн үедээ Өмнөговь аймаг тарьмал Ойн сангаараа улсдаа тэргүүлж, Одоо ч говийн бүсэд таримал ойн сангаараа тэргүүлсэн аймаг хэвээр байна. Д.Бараадууз гуай Булган сумын 9га газрыг ойжуулж, Монголын говь бол цөл биш ҮРЖИЛ ШИМТ БАЯНБҮРД гэдгийг үйл хэргээрээ баталж чадсан хөдөлмөрч хүн төдийгүй ГОВЬД Олон төрлийн мод, бут, эмийн ургамалыг тариалж ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ ОРГАНИК ХҮНС-ний бүс нутаг болгох боломжтойг харуулж чадсан гавьяатан билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол хүртсэн Д.Бараадууз, Ж.Тогтохсүрэн нарт аймгийн ИТХ, ЗДТГ-аас хүндэтгэл үзүүллээ. Хөдөлмөрийн баатрууддаа аймгийн Засаг дарга Р.Сэддорж баяр хүргэн мөнгөн аяга алд цэнхэр хадаг барин, ихэр хоёр баатрынхаа төр, түмэндээ үнэлэгдсэн нэр хүндтэй шагналыг нь аймгийнхаа 90 жилийн ойн баяр наадмаар шинэ орон сууцаар мялаах болсноо дуулгалаа.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.87
    2021/06/05

    Тээвэрчин Хөдөлмөрийн баатар Цэвэгмэд гуай би сайн танина. Хөдөлмөрийн баатар болчихоод Ээжийгээ баярлуулах гээд аймгийнхаа эмнэлэгт Түргэний машин хувийнхаа мөнгөөр авч өгөөд их ч хэл аманд орсон доо... Тийм л цаг үе байлаа.

    Хариулах
  • 59.153.114.9
    2021/06/05

    улсын мөнгөөр өөрөө өгч байгаа юм шиг шаах юм аа хувийн малаа өсгөсөн улсад татвар төлдөггүй байж яахаараа улсаас байр авдаг юм бэ

    Хариулах