Д.Энхтайван: Ирэх жил хилийн торон саад шинэчлэхэд 3.6 тэрбумыг зарцуулна


Хилийн инженерийн байгууламжийн нэг хэсэг болох өргөст торон саадны талаарх мэдээлэл цахим орчинд иргэдийн шүүмжлэлийг дагуулаад байгаа билээ. Тэгвэл уг асуудлаар Хил хамгаалах ерөнхий газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Д.Энхтайвантай ярилцлаа.

-Цахим орчинд “Хилийн өргөст торон саад” хуучирч, унасан талаарх зураг иргэдийн шүүмжлэлийг дагуулаад байгаа. Тус байгууламжийг анх хэзээ барьсан бэ, шинэчлэл хийгээгүй удсан хэрэг үү?

-Монгол Улсын хил хамгаалах байгууллага хилийн инженерийн байгууламжийг 1970-аад оноос шинээр барьж, байгуулах ажлыг хийж хэрэгжүүлсэн. Гэвч 1978 оноос хойш инженерийн байгууламжаа дахин шинэчлэхгүй явсаар 2016 он хүргэсэн. Учир нь энэ асуудлыг Засгийн газарт тавьж, байгууламжаа шинэчилье, засья гэхэд хэн ч ойлгодоггүй, төсвөөс хасчихдаг байсан юм.

Төсөв, мөнгөний асуудалтай учир өнгөрсөн 40 гаруй жилийн хугацаанд хилчид өргөст торон саадыг шинэчилж чадахгүй, өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлаж засаж сайжруулж ирсэн. Харин Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар 2016 онд уг асуудалд ач холбогдол өгч, Сүхбаатар аймгийн хилд өөрийн биеэр ажиллахдаа “Хилийн тор” хөтөлбөрийг эхлүүлэхээр болсон. Ингээд бид 2016 оноос хойш мөр хянах зурвас, ойн ба шороон зурвас 807.5 км, өргөст торон саад 558.2 километр нүхэн саад, 198 километр төмөр, спираль болон 127.7 километр туслах торон саад шинээр байгуулсан.


Улмаар өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор 4615.1 километр хилийн хэсэгт шороон болон мөр хянах зурвасыг сэргээсэн байна. Тодруулбал, өнгөрсөн гурван жилд улсын төсвийн 2.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар дээрх хилийн инженерийн байгууламжийг шинэчлэх, сэргээн засварлах ажлыг хийлээ.

-“Өргөст торон саад”-ыг цахим орчинд хилийн шугамтай андуурсан байсан. Иймд ач холбогдол болон үүргийнх нь талаар та тайлбарлаж өгөхгүй юу?

-Хилийн инженерийн байгууламжийн нэг төрөл болох өргөст торон саад нь Монгол Улсын болон олон улсын гэрээгээр тодорхойлж тогтоосон хилийн шугам биш юм. Хилийн шугам үүнээс тодорхой зайд байдаг. Өөрчлөгдөх ямар ч боломжгүй зүйл.

Олон жилийн насжилттай, элэгдэж хуучирсан хилийн инженерийн байгууламжийг шинэчилснээр хилийн болон хил орчмын дэглэмийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох чухал ач холбогдолтой.

Мөн хилийн инженерийн байгууламжийг зөвхөн өргөст торон саадаар ойлгож болохгүй. Тэнд мөр хянах зурвас, нүхэн шуудуу, үл үзэгдэх торон саад зэрэг хил зөрчигчийг явуулахгүй байх янз бүрийн байгууламж бий.


-Нийт хэдэн километр өргөст торон байгууламж татах шаардлагатай вэ. Энэ ажил ойрын хугацаанд дуусах боломжтой юу?

-Монгол Улсын хил 8252.6 километр үргэлжилдэг бөгөөд үүнээс 34.9 хувь нь байгаль, газар зүйн онцлогоос шалтгаалан өргөст торон саад барих боломжгүй, 43.7 хувь нь өргөст торон саад байхгүй, 21.4 хувь нь өргөст торон саадаар төхөөрөмжлөгдсөн байна. Бид 2016 оноос хойш 550 гаруй километрт өргөст торон саадыг хийж, шинэчилсэн. Үлдсэн 3800 километр орчим газар бий. Хэрэв төсөвт мөнгө сууж л байвал бид засаад, янзлаад явах болно.

Энэ оны хувьд шинэчлэлийн асуудалд нэг тэрбум төгрөгийн санхүүжилт авч, 100 километр гаруй өргөст торон саадыг шинэчилсэн. Бид шинэчлэл хийхдээ хамгийн эхэлж хилийн зөрчил их гардаг газрыг сонгож байгаа. Жишээлбэл, Увс аймгийн Сагил, Бөхмөрөн, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатарын Онгон, Эрдэнэцагааны хил орчмын газраар эхний ээлжинд тороо татлаа.

Магадгүй хүмүүс өргөст торыг яагаад хурдан татаж дуусгаж чадахгүй байгаа талаар гайхаж байгаа байх. Бид үүнийг жил бүр 1000, 1000 километрээр татаад байх боломжгүй юм шүү. Учир нь энэ маш их хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө шаардсан ажил. Манайх шиг 8000 километр гаруй өргөн уудам нутаг дэвсгэрийг хурдан хугацаанд битүү торлоно гэвэл их хэмжээний мөнгийг төсөвлөх шаардлагатай болох нь ойлгомжтой. Энэ мөнгийг улсаас нэг дор гаргаж өгнө гэдэг боломжгүй. Иймд бид зөрчил ихтэй газраас эхлэн шат дараатай шийдээд явж байна. Мэдээж бусад тор татаагүй газруудад манай хамгаалалт явдгаараа явж байгаа.


-Ирэх жилийн тухайд хэд орчим тэрбум төгрөгийг энэ ажилд зарцуулахаар төсөвлөсөн бэ?

-Ирэх жилийн хувьд хилийн инженерийн байгууламжийг бэхжүүлэх, өргөст торон саад шинэчлэх ажлын хүрээнд 3.6 тэрбум төгрөгийн төсөв батлагдсан.

Мөн Монгол Улсыг 2021-2024 онд хөгжүүлэх Засгийн газрын мөрийн хөтөлбөрт “Хил хамгаалалтын инженерийн байгууламжийн 50 хүртэлх хувийг шинэчлэх” заалт тусгагдсаны дагуу 17 тэрбумын төсөвтэйгөөр хилийн есөн ангийн 450 километр орчим өргөст торон саадыг шинэчлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Дээр дурдсанчлан бид эхний ээлжинд хилийн зөрчил ихээр гардаг боомтуудыг шинэчилж байгаа. Одоо ямар ч асуудалгүй болсон. Өнгөрсөн онтой харьцуулахад малын хулгай хамгийн их гардаг Увс, Завхан орчимд зөрчил 60-70 хувьтай буурсан байна.

-Шинэчлэх ажлын хүрээнд өргөст торон байгууламж л гэхэд өмнөхөөсөө хэрхэн өөрчлөгдсөн бэ?

-Мэдээж, өөрчлөгдөж сайжирсан. Бид ОХУ-аас олон улсын стандартад нийцсэн спираль торыг авч ирсэн. Жишээлбэл, өргөст тор нь хуучин гурван үетэй давхар тортой байсан бол одоо хамгийн доод талдаа таван үетэй болсноос гадна нэмэлтээр дахин хэрээслэгдсэн. Хоёр спираль тортой. Үүнийг тийм ч амар таслаад, даваад гарах боломжгүй.

 Эх сурвалж: itoim.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна