Франц: Сургуулийн дээрэлхлийг гэмт хэрэгт тооцож, шоронд хорих ялаар шийтгэнэ

Х.Есү
2021/12/03

Франц улсын парламент сургуулийн дээрэлхлийг гэмт хэрэгт тооцож, гурав хүртэл жил шоронд хорих ялтай болгох хуулийн төслийг дэмжжээ.

Хуулийн төслийг тус улсын боловсролын сайд Жан Мишел Бланке санаачилсан юм байна. Түүний хэлснээр шинэ хууль нь “үр хойчийнхоо хүүхэд насыг сүйтгэхийг бид яасан ч зөвшөөрөхгүй” гэсэн хатуу дохиог нийгэмд өгч байгаа гэнэ.

Судалгаагаар Францын 10 сурагч тутмын нэг нь сургууль дээрээ ямар нэг байдлаар дээрэлхэлд өртдөг гэсэн үр дүн гарчээ. 

“Шинэ хуулийн төсөл нь манай бүгд найрамдах улсын үнэт зүйлсийг хадгалж, хамгаалах ач холбогдолтой” гэж Бланке хэлжээ. 

Хуулийн төслийг Лхагва гарагт Францын парламентын доод танхим дэмжжээ. Одоо дээд танхим болох Сенатад хэлэлцүүлэхээр бэлдэж байгаа гэнэ.

Батлагдсаны дараа ирэх оны хоёрдугаар сараас эхлэн үйлчлэх ажээ. 

“Энэ бол хүүхдүүдийг шоронд суулгах тухай хууль биш. Манай хуулийн системд насанд хүрээгүй хүнийг ял шийтгэлээс хэлтрүүлэх механизм бий. Гэхдээ ийм хуультай болсноор дээрэлхлийн асуудалд нийгмээрээ анхаарал тавьдаг болох чухал ач холбогдолтой” гэж хуулийг санаачлагчдын нэг Ардчилсан Хөдөлгөөн намаас сонгогдсон парламентын гишүүн Эрван Баланан ярьсан байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна