Ш.Должинсүрэн: Бүтэн хувцсаа бүрэн өмсдөг Монгол соёл хуучрахгүй


Үндэсний уламжлалт баяр Цагаан сар болох гэж буй энэ өдрүүдэд “Уран гоёл” урлангийн үүсгэн байгуулагч, соёл судлаач Ш.Должинсүрэнг урьж, монголчуудын хувцасны түүх, соёл, өнөөдөр уламжлагдан ирсэн хэв маяг,  хэрэглээний талаар ярилцлаа.

МОНГОЛЧУУД ХУВЦАСНЫ СОЁЛОО ГАДНААС АВАХААСАА ИЛҮҮ ӨГЧ БАЯЖУУЛСАН
 
-Монгол дээл хувцас өнө эртний түүхтэй. Манайд судлагдсан хамгийн эртний дээл хэдэн зууны өмнөх байдаг вэ?
 
-Одоогоор мэдэгдээд байгаа нь Хүннү гүрний үе. Монголчуудын өвөг дээдэс болох хүннүчүүдийн хувцасны соёлын талаар эртний Хятадын эх сурвалжуудад цөөн боловч мэдээ байдаг. Мөн археологийн олдворууд байгааг Ноён уулын олдворуудаас эхлэн харж болно. Энэ олдворуудын насыг 2000-2100 орчим жилийн өмнөх гэж тодорхойлж байгаа. Гэтэл Дашдоржийн Нацагдорж “Монголын түүхийн товч” бүтээлийнхээ төгсгөлийг “Манай Монгол Улс маш эртний улс аа... Хэдийнээ балар цаг, таван мянган жилийн өмнө Хойд газар оршиж, хол ойрыг хувьсгасан” гэсэн шүлгээр өндөрлөсөн байдаг. Манай улсын нутаг дэвсгэрээс олдсон дээлтэй хүн дүрс бүхий хадны зургийн насыг зургаан мянган жил гэж тогтоосон. Тэгэхээр монгол хувцасны түүхийг бид наана хэлэхэд таван мянганы тэртээгээс эрэх ёстой. Херодотын алдарт “Түүх”-нээ нүүдэлчин скифүүд аягаа уутанд хийж бүснээсээ зүүдэг тухай бичсэн байдаг. Монголчуудыг санагдуулж байгаа биз. Эрмитаж дахь Хүннүгийн олдворууд дунд байгаа задгай захтай нимгэн шар торгон дээл, эсгий зулхайгаар доторлосон хээгүй бор торгон дээл л одоогоор судалгааны хэрэглэгдэхүүн болсон хамгийн эртний дээлд тооцогдох байх.
 
-Монгол дээлний зах маргаан дагуулдаг. Босоо захтай дээл Хятадаас орж ирсэн гэх хүмүүс олон ч түүх шастирт эртнээс монголчуудын дээл босоо байсан тухай дурдсан байдаг. Энэ тал дээр та юу хэлэх бол?
 
-Олон мянган жил хөрш нутагласан ард түмнүүд соёлын харилцан үйлчлэлд заавал ордог. Дээр нь нүүдэлчид гэдэг очсон газар бүрийнхээ соёлоос авахыгаа авч, мөн өөрийнхөө соёлоос үлдээж явдаг. Тийм болохоор яг хүний, миний гэж ялгаж тодлоход түвэгтэй зүйл цөөнгүй. Гэхдээ хувцасны соёлын тухайд онцлог бий. Монголчуудын нүүдэлчин ахуйд яг өөрийн аж амьдралд зохицсон, хэрэглээ талаасаа илүү таатай хувцас л тохирно. Хэрэглээнд таарч тохирохгүй зүйлийг үл тоодог байсан. Тэр утгаараа монголчууд авахаасаа илүүтэй өгч баяжуулсан байж болох талтай. Эртний хятадууд умрын нүүдэлчдийг дарах аргаа олж ядаад эцэст нь тэдний хувцсыг өмсөж, тэдний аж төрөх аргаар амьдарч, тэдний байлдах аргыг суръя гээд монгол хувцас өмсөж эхэлсэн тухай нэн эртний түүх байдаг. Босоо захыг Хятадынх гэхээсээ, Манжийнх гэж үздэг хүмүүс олон бололтой анзаарагддаг. Гэтэл Манж Чин гүрэн байгуулагдахаас хаа хамаагүй өмнө оршиж байсан кидануудад босоо захтай дээл байсан. Тэгэхээр монголчуудын бүтээл байх магадлал илүү их.
 
сонин mn
 
-Дээл, тэрлэг гээд ялгаатай хувц­сыг яагаад нэг нэрээр дээл гээд байдаг юм бол. Хүмүүс нарийн ял­гааг нь мэдэхээ больчих юм биш үү?
 
-Дээл өөрөө ерөнхий нэршил. Манайхан аргаль гэдэг зэрлэг хонийг нийтэд нь аргаль гэдэг, тэгсэн мөртөө хүйс заахаараа эрийг нь угалз, эмийг нь аргаль гэж ялгадагтай л адил зүйл. Арьсан дээл, торгон дээл, дан дээл, тэрлэг, хөвөнтэй дээл, тийм ийм дотортой дээл, эсвэл халх, буриад, захчин, баяд дээл гээд тоочвол хэдэн арван нэршил бий. Ёслол хүндэтгэлд дээл гэдэг ерөнхий нэршлийг хэрэглэнэ. Нимгэн зузаанаас үл хамааран Хааны дээл л гэхээс биш Хааны тэрлэг гэж хэзээ ч хэлдэггүй.
 
VIII БОГД ЖАВЗУНДАМБЫН ТӨРИЙН ХУВЦАС УРЛАГИЙН ХОСГҮЙ ҮНЭТ БҮТЭЭЛ
 
-Таны докторын судалгааны ажил Монгол төрийн ёслол хүндэтгэлийн хувцас гэсэн сэдэвтэй. Энэ талаар сонирхолтой зүйл олныг ярих байх...?
 
-Дуусахгүй урт яриа болно. Товчхондоо гэвэл монголчууд Хүннү, Кидан, Их Монгол, Юань, Богд хаант Монгол Улсын үед хувцасны тухай хууль гаргаж байсан. Ийм олон удаа хувцасны соёлоо хуульчилж байсан улс орон өөр байхгүй. Одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн ёслолын хувцас ямар байхыг Төрийн ёслолын албанаас журамладаг нь бас л нэг хэлбэрийн төрийн зохицуулалт.
Эдгээрээс би VIII Богд Жавзундамбын төрийн ёслол хүндэтгэлийн хувцсыг эхлээд судалсан. Их өвөрмөц онцлогтой хаан. Шашин, төрийг хослон барьсан өөр хаан Монголын түүхэнд байхгүй. Буддын шашны нөлөө Монголд гүн гүнзгий нэвтэрсэн, тэгээд ч өөрөө Монголын буддын шашны тэргүүн учраас Жавзундамба хааны төрийн ёслолын хувцсыг утга бэлгэдэл, хэлбэр хийцийн хувьд их өвөрмөц бүтээсэн байдаг. Монголын төрт ёсны уламжлал бий, шашны утга агуулга ч бий.  Шинээр оруулж ирсэн элементүүд ч бий.
 
 

Энэтхэг, Түвэдийн уламжлалаас авсан зүйл ч бий. Бас нэг онцлог нь Хаан, Хатан хоёрын хувцсыг ав адилхнаар хоёр хувь урласанд оршино. Энэ нь ч Монгол төрийн түүхэн дэх анхдагч үзэгдэл. Ур хийцийн хувьд үнэхээр гайхамшигтай, яалтгүй урлагийн хосгүй үнэт бүтээл мөн.

 
 
 
Одоо би Монгол төрийн ёслол хүндэтгэлийн хувцас гэсэн илүү өргөн хүрээтэй судалгааны ажил хийж байна. Эртний монголчуудын хувцасны соёл судлалаар ихээхэн ажил хийсэн доктор Б.Мөнхцэцэг багш миний ажлыг удирдаж байгаа. Сонирхолтой, хорхойсохоос аргагүй сэдэв л дээ.
 
-Ёс ёмбогор, төр төмбөгөр гэдэг. Төрийн тэргүүний хувцасны өнгө, хээ нь хүртэл учир билэгдэлтэй байдаг тухай П.Анужин гишүүн яриад нэлээд хэл амны бай болсон. Энэ тухайд?
 
-П.Анужин гишүүн зөв зүйл ярьсан. Ярих хөндөх ёстой сэдэв мөн үү гэвэл мөн. П.Анужин гишүүнийг боорлож байгааг хараад монголчууд маань ямар их ондоошиж, харьшиж байна вэ гэж бодогдсон.
Мандах төрийн малгай, дэгжих төрийн дээл, бүтэх төрийн бүс гэж эртний үгтэй. Монголчууд төрөө дээдэлдэг, билиг оюуныг эрхэмлэдэг ард түмэн учраас жирийн хүмүүс хүртэл өөрийн өмссөн монгол хувцсаа төрийн хувцас гэж үздэг уламжлалтай. Өрх гэр үүсгэж хурим найр хийхийг төрийн үйл гэж үзээд монгол хувцсаа бүтэн өмсөж, ёсоо бүрэн гүйцээдэг байсан. Төрийн хүний хувцасны тухайд бүр ойлгомжтой. Одоо мэдэгдэж буйгаар түүхэндээ  5-6 удаа төрийн хувцасны тухай хууль гаргаж байсан ард түмэн баялаг уламжлалтай байлгүй яахав.
Уул, усан хээг дээлийн хормойд хийнэ. Эзнээ уул мэт бат түшиж, элдэв муу ирж наалдваас ус мэт урсгаж хамгаалахын бэлгэдэл. Бар арслан өвдөглөсөн баатар хүчтэйн бэлгэдэл болгож өмднийх нь өвдгөн дээр арслан, барын дүрс хатгамаллана. Манай “Уран гоёл” урлангийн брэнд, одоо хаа сайгүй дуурайлгаж хийгээд байгаа монгол өмдний загварыг ийм түүхэн судалгаанд тулгуурлан бүтээсэн. Гэтэл хээний утга бэлгэдэл мэдэхгүй хүмүүс энэ өмдийг дуурайлгахдаа бүсэлхийнээс доош оруулдаггүй хээнүүдийг хаана нь ч хамаагүй хийчихсэн харагддаг. Хааны титмийг мөн дэлгэрч дэвжих, хүчтэй байх, баттай байхыг бэлгэдсэн хээ дүрсээр чимнэ. Хээ болгон утгатай. Симбол дүрс болгон бас утга агуулгатай.
 
 

Дэлхийн улс орон болгон тодорхой утга агуулгатай өнгийг далбаандаа оруулж, тодорхой утга агуулгатай дүрсээр сүлдээ хийдэг биз дээ. Улс орон болгон өөрийн гэсэн сүлд дуулал, магтуутай. Тэгэхээр монголчууд л мухар сүсэгт автаад хамаг юмаа эртний ёс гэдгээр хайрцаглаад байгаа хэрэг биш.

 
 
-Та өнгөний бэлгэдлийн тухай жаахан тодруулж өгөөч?
 
-Дээлийн өнгөний тухайд эртдээ Монголын хаад цагаан, цайвар, шаргал, шар  өнгийг чухалчилдаг байсан нь эх сурвалжуудаас тодорхой харагддаг. Ёслол хүндэтгэлийн малгай бол дандаа цагаан, цайвар өнгөтэй байж. Тайванийн “Хааны ордон” музейд байгаа монгол хаадын хөрөгт Чингис, Өгөдэй, Хубилай хааныг цагаан, цайвар шаргал дээлтэй, Ринчинбал хааныг ногоон дээлтэй, бусдыг нь улаан хүрэн дээлтэйгээр зурсан байдаг. Хааны хувцасны цагаан, цайвар өнгийг улаан хүрэн, улаан өнгө халж түрсэн нь Их хаанаас хожуу үед хамаарна. Гэгээн гэрэлтэй өнгийг эрхэмлэдэг уламжлал тэгэхээр нэлээд олон зууны өмнөөс тасарсан ч ард түмний ой санамжинд хадгалагдан байгаад анхны Ерөнхийлөгч П.Очирбатын үед нэхэн сэргээгдсэн гэж хэлж болно. Шар өнгийг манайхан буддын шашинтай хольж тайлбарладаг нь өрөөсгөл ойлголт. Хүннүгийн Шаньюй нар шар өнгөнд бэлгэдлийн онцгой ач холбогдол өгдөг байсан баримт бий. Өөрөөр хэлбэл, төрийн ёслолын чухал өнгө. Буддын шашны шар өнгөний тухайд бол Чингис хаанаас хойно үед, Богд Зонхова шашны шинэтгэл хийн шар малгайтны урсгал үүссэнээс хойш илүү ач холбогдолтой болсон бололтой юм билээ. Хаант төрийн өргөөгөө “Шар өргөө” гэж нэрлэж, шар эсгийгээр бүрж байсан түүх ч шарын шашинтай холбоогүй. Өөрөөр хэлбэл, шар өнгө бол нэн эртнээс Монгол төрийн эрхэмлэдэг гол өнгөний нэг байсан.
 
сонин mn
 
МОНГОЛ ТӨРИЙН ТЭРГҮҮН ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН ХУВЦАСТАЙ БАЙХ НЬ ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛД НИЙЦНЭ
 
-Өнөөдрийг хүртэл монгол төрийн түшээд, тэр дундаа төрийн гурван өндөрлөгөөс хамгийн их ёс жаягаа дагаж хувцасладаг хүн хэн байв. Ер нь юуг анхаарч ухаж мэдсэн байх ёстой юм бэ?
 
-Судлаачийн хувьд бодлоо хэлэхэд бид цаг үеэ дагах ёстой. Нэгэнт хуульчилж тогтоогоогүй учраас төрийн түшээд үндэсний хувцсаа өмсөх үү, европ хувцас өмсөх үү гэдэг өөрийнх нь  сонголтын асуудал. Танхим, өрөөнд ажиллахад европ хувцас илүү эвтэйхэн байдаг, хэрэглээнд нийцтэй.  Үндэсний хувцсаа сайхан өмсөөд сурчихвал бас л адилхан. Сүүлийн үед эмэгтэйчүүд  дээлийг их сайхан өмсөж байна. Энэ нь монгол дээлийг илүү загварлаг, суурин амьдралын хэрэгцээнд нийцсэн, биед европ хувцас мэт сууж өгдгөөр бүтээж эхэлсэнтэй холбоотой.
Төрийн гурван өндөрлөг гэж онцлоод байх юмгүй. УИХ-ын дарга, Ерөнхий сайдын хувьд заавал үндэсний хувцас өмс гэж тулгах хэрэггүй байх. Харин монгол төрийн тэргүүн, монголчуудын соёл, өв уламжлалыг илэрхийлэгч гэдэг утгаараа Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн онцгой баяр ёслол, үйл явдлын үеэр үндэсний, тэгэхдээ монгол төрийн тэргүүн гэдгийг тод харуулсан ёслол хүндэтгэлийн хувцастай байх нь төрт ёсны уламжлалд нийцнэ. Гадаадад айлчлахдаа өмсөөд яв гэсэн үг биш, өдөр болгон өмс гэсэн үг биш,  үндэснийхээ гол гол баяр ёслол, нэн чухал үйл явдалд оролцохдоо өмсдөг ёслолын хувцасны тухай л ярьж байна.
Тэр нь хэтэрхий эрээн мяраан, гоё ганган хувцас байх албагүй. Монгол хувцсыг хэт эрээлж мяраалахаар их муухай харагддаг. Гэхдээ энгийн ардын өмсдөг хувцас биш,  монголчуудын бий болгож, эрхэмлэж ирсэн төр бат оршихын бэлгэдлийг агуулсан утга төгөлдөр хувцас баймаар санагддаг. Анхны Ерөнхийлөгчийн ёслолын хувцсыг урлаж байсан үетэй харьцуулбал энэ чиглэлийн судалгаа ихэд урагшилж, мэргэшсэн судлаачидтай болчихоод байна шүү дээ. Тэднийхээ санал зөвлөмжийг авбал нэмэртэй л байх.
 
-Монголчуудын дээл бэлэглэх ёс хэзээнээс эхтэй вэ. Таны судалгааны ажилд энэ сэдэв хамааралтай юу?
 
-Хамааралгүй яахав. Монгол хувцасны соёл дахь төрт ёсны асуудлыг судлахаар энэ сэдэв аяндаа гараад ирдэг. Энэ сэдвээр эрдэм шинжилгээний өгүүлэл ч бичиж байсан. Маш сонин сайхан баримтууд байдаг. Утга бэлгэдэл нь их гүн гүнзгий. Монголын нууц товчоонд Тоорил хаан хар булган дах бэлгэнд аваад хариуд нь хагарсан улсыг чинь хамтатгаж өгье гэж Тэмүжинд амладаг. Тэр баян хаан ганц булган даханд тэгтлээ баярлах уу. Туулын Хар түнэд алтан ханатай өргөөтэй ч байсан гэж түүхэнд тэмдэглэгдсэн хүн шүү дээ. Хагарсан улсыг хамж нэгтгэхэд өчнөөн амь гарздаж, хэчнээн хөрөнгө сүйтгэнэ биз дээ. Тэгэхээр булган даханд биш, тэр дахыг бэлэглэж байгаа хүний сэтгэл, хүндлэл, ёсонд учир байж. Хамгийн хүндтэй хүндээ захтай хувцас бэлэглэдэг одоогийн бидний уламжлал тэр үед аль хэдий нь бат тогтчихсон байж.
 
сонин mn
 
Бэлэг солилцоо гээд бүхэл бүтэн судлагдахуун шинжлэх ухаанд бий. Марсель Моссын “Бэлэг солилцоо” номонд бэлэг солилцооны агуулга, ач холбогдлыг тодорхой авч үзсэн байдаг. Ер нь бол дипломат ёсны асар том соёл.Гүюг хааныг сонгох Их хуралдайд уригдсан гадна дотнын бүх хүнд дээл хувцас бэлэглэснээр эхэлсэн энэ уламжлал монголчууд хаанчилсан улс орон болгонд түгсэн. Социализмын үед манайд айлчилсан гадаадын хүндэт зочдод бүрэн монгол хувцас бэлэглэх нь төрийн тогтсон ёс байв.
 
Монголын төр 2016 онд болсон АСЕМ-ын үеэр уригдан ирсэн төрийн тэргүүнүүд, төлөөлөгчдийн ахлагч  51 хүнд  монгол дээл бэлэглэсэн. Хамгийн сүүлчийн жишээ гэвэл “Уран гоёл” урлан Токио-2020 олимпоос медаль авчирсан тамирчдад үндэсний хувцас бэлэглэхээ тухайн үед зарлаж байсан. Жүдоч Саид Молла, багш дасгалжуулагч, Монгол Улсын хошой гавьяат Халиуны Болдбаатар нарт дээл, малгай, бүс бэлэглэсэн юм. Мөн бяцхан хүүгээ өлгийдөж аваад удаагүй байгаа Саид Моллайн монголчуудын бэлэгшээлт баривч бэлэглэсэн. Монголчууд эрт дээрээс захтай хувцсыг бэлэг бэлгийн дээд хэмээн үзсээр ирсэн уламжлалтай.
 
ҮНДЭСНИЙ ХУВЦАС ДЭЛХИЙН ЗАГВАРЫН ЕРТӨНЦТЭЙ ХӨЛ НИЙЛҮҮЛЖ ЧАДАЖ БАЙНА
 
Монголчууд эрт дээрээс захтай хувцсыг бэлэг бэлгийн дээд хэмээн үзсээр ирсэн уламжлалтай. "Уран гоёл" урлангаас жүдоч Саид Молла, багш дасгалжуулагч, Монгол Улсын хошой гавьяат Халиуны Болдбаатар нарт дээл, малгай, бүс бэлэглэсэн юм. Мөн Саид Моллайн хүүд монголчуудын бэлэгшээлт баривч бэлэглэсэн. 
 
-Сүүлийн үеийн залуус монгол дээлээр гоёх нь их болжээ. Гэхдээ өөрсдийн хэрэглээндээ, цаг үедээ тохируулан өөрчилж өмсөх сонир­хол­той болж. Энэ талаар таны бодол?
 
-Баярлаж байгаа. Монгол үндэсний хувцас дэлхийн загварын ертөнцтэй хөл нийлүүлж чадаж байна, хэрэглээнээс шахагдахгүй байна гэдэг сайн хэрэг. Хийц загвар нь баяжиж байна. Үндэсний бахархал, ухамсрыг төлөвшүүлж байна. Хэрэглээ, орчин нөхцөлдөө тохируулан өөрчилж байгаа нь ч буруу биш. Загварын ертөнцийн жамаар нэг өдөр уламжлалт хэв загвар руугаа эргээд л очно. Хүн өөрийнхөө сонирхол хүслээ л дагана. Залуу хүн чамирхах дуртай, тийм байх ч ёстой. Гэхдээ монгол хувцасныхаа үүх түүх, утга бэлгэдлийг бол мэддэг байх хэрэгтэй. Түүхэн үнэн үнэнээрээ үлдэх нь чухал. Зарим зүйл дээр ёс уламжлалаа эргэж харах нь чухал. Манай үндэсний хувцсанд утга учиргүй зүйл нэгээхэн ч үгүй гэдгийг мэддэг болчихоороо ямар хээ чимгийг ямар хувцсанд хэрэглэх вэ,  ямар хувцсыг хэрхэн өмсөх вэ гэдгээ ойлгочихно. Жишээ нь, монгол хүн талийгаачийг оршуулах үедээ малгайгаа арагш нь харуулж өмсдөг, дээлийнхээ хормойг ярж бүсэндээ хавчуулдаг, оршуулсныхаа дараа буцаагаад хэвийн байдлаар оруулдаг байсан зэрэг уламжлалтай холбоотой зүйлсийг дагаж мөрдөхгүй ч гэсэн монгол хүнийхээ хувьд мэддэг байх хэрэгтэй.
 
-Ирээдүйд бид үндэсний хувцсаа ямар байдлаар өвлүүлэн үлдээх ёстой юм бол?
 
-Тэгэх ёстой гэж хэлээд тэр үгээр болчихдог цаг үе өнгөрчээ. Залуусын өөрийгөө илэрхийлэх, өөрийнхөөрөө байх хүсэл сонирхол хувцаслалтаар хамгийн их илэрдэг. Тиймээс монгол хувцасны утга бэлгэдэл, мөн хэрэглээний давуу талыг сайн ойлгуулах ёстой байх. Хувцасны эрүүл мэнд гэдэг ойлголт их яригдах шинжтэй. Өөрөөр хэлбэл, ямар хувцас хүний эрүүл мэндэд илүү тустай вэ гэдэг асуудал. Энэ тухайд монгол хувцсанд давуу талууд бас бий. Нуруу, бөөрөнд үзүүлэх бүсний нөлөө, улирал улирлын монгол хувцасны сайн тал, эсвэл монгол дээлний ханцуй, хормойны ач холбогдол, хурган дотортой дээл юугаараа сайн юм, материалын бүтэц, чанар ямар ач холбогдолтой юм гээд ухаад байвал олон сайн тал бий. Мөн үндэсний ухамсар, бахархал, эх оронч үзлийн (нацист маягийн биш) илэрхийлэл гэдэг утгаараа монгол хувцасны хэрэглээ байсаар байх болно. Гагцхүү асуудалд мэдлэгтэй хандаж өөрийн юмыг хүний гэж эндүүрдэг, ашигтай хэрэгтэй хувцсаа дэмий гэж тээршаадаг, монгол хувцастай холбоотой зан үйлийг мунхаг харанхуйн илрэл гэж үздэг хойч үеийг л бэлдмээргүй байх юм.
 
-Малгай бүс, дээл, гутал гээд бүгд бүрдэж байж утга агуулга өргөн болох байх. Монгол хүн бүр юуг анхаарч хэрэглэх ёстой вэ?
 
-Монголчуудад нэг лут соёл байсан. Тэр нь юу гэвэл хувцсыг бүрнээр нь өмсөх соёл. Дээл, малгай, цамц, өмд, гутал гээд тус тусад нь нэрлэдэг, эдгээрийг бүгдийг нь нийлүүлээд хувцас гэж хэлдэг. Хувцсаа өмс гэвэл эдгээр хувцсыг бүгдийг ном ёсоор нь өмс гэсэн үг. Мөн бүрэн хувцаснаас гадна бүтэн хувцас гэж ойлголт байсан. Уранхай цоорхой хувцасны тухай асуудал биш. Хувцасны хэлбэр хийцийн тухай ойлголт. Дээлийн ханцуй нь тал бол бүтэн хувцсанд орохгүй. Гутлын түрий нь хагас бол бүтэн хувцсанд тооцогдохгүй. Түрийгүй гутлыг бол туруу гутал гээд бүр тоохгүй. Бидний байнга өмсдөг ботинк, пүүзнүүд маань туруу гутал. Тэгэхээр уламжлалаараа бол төрт ёсны ёслол хүндэтгэлд тохирохгүй гэсэн үг.
Төрийн ёслол хүндэтгэлд бүтэн хувцсыг бүрэн өмсөх соёл он удаан жилээр мөрдөгдөж ирсэн. Цаг үеэ дагаад энэ соёл, уламжлал орхигдож байх шиг байна. Гэхдээ мартаж болохгүй. Яагаад гэвэл энэ маань Монгол Улс, монголчууд түүхэн урт удаан хугацаанд  өөрийн гэсэн өвөрмөц төрт ёс, соёлыг бий болгосон, түүгээрээ бусдаар ялгарсан тусгаар улс, үндэстэн байсаар ирсний  баталгаа нотолгоо юм. 
 
 

Монголчууд Евразийн өргөн уудам орон зайд хувцасныхаа соёлыг түгээж, ид хүчирхэг үедээ хувцасны загварын чиг хандлагыг тодорхойлогч улс байсны улбаа өнөөдөр ч тасраагүй, монгол хувцасны хэв маяг дэлхийн загварын ертөнцөд үе үе түрлэг болсоор байгааг та бүхэн сайн мэднэ. Энэ бол хүн төрөлхтний соёлд бидний оруулсан их хувь нэмэр. Үүгээрээ та бид бахархах эрхтэй, бас үндэсний хувцсаа хүндлэн хэрэглэх үүрэгтэй гэж хэлмээр байна.

 
 
-Монголчууд үндэсний хувцсаа хамгийн ихээр өмсдөг уламжлалт Цагаан сараа тэмдэглэж байна. Энэ баяртай холбогдуулан судлаачийн хувьд юу хэлэх сэн бол?
 
-Нэрнээсээ бүх утга агуулга нь тодорхой баяр. Улирч буй жилд бараан муу зүйл байсан бол цайруулж үдэх, шинэ жилдээ гэгээн цагаан, өөдрөг сайхан явахыг бэлгэдсэн их баяр. Европ ёсоор он солигдохыг тэмдэглэдэг. Дорнын ард түмнүүд жил солигдоход баярлана. Нэг нь шинэ оны, нөгөө нь шинэ жилийн баяр. Эндээс зан үйл, бэлгэдлийн асуудал урган гарна. Хуучин жилийн сүүлчийн өдөр битүүрэх ёсоо хийнэ. Шинэ жилийн анхны өглөөг идээ цагаа дүүрэн, хүн бүр хамгийн сайхан хувцсаа өмсөж, ёс төртэй угтана. Монголчууд шинийн нэгний өглөө төрт хувцсаа бүрэн өмсөж, уул овоондоо өргөлөө өргөж, ургах наранд мөргөж  хүндэтгэл үзүүлээд дараа нь золголтоо эхэлдэг. Монгол үндэсний хувцас маань жинхэнэ утгаараа ёслолын хувцас болдог хамгийн том баяр учраас би Цагаан сарын баярт ихэд хүндэтгэлтэй ханддаг. Монгол хүн бүр монгол хувцсаа өмсөж, монгол ёс заншлаа дээдэлж, монгол хүн гэдгээрээ бахархаасай гэж хүсч байна. Ирж буй бар жил монголчуудад маань ээлтэй, төр нь түвшин, түмэн олон нь амгалан, өвчин зовлонгүй сайхан жил байх болтугай!
 
 
Х.Монголхатан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.