Далайд гарцгүй ч Тэнгисийн цэргийн флоттой улс

Х.Батсайхан
5 цаг 11 минутын өмнө

-Далайд гарцтай болохыг мөрөөдөж Тэнгисийн цэргээ татан буулгадаггүй-

Сонин сонсогдох хэдий ч дэлхий дээр ийм улс бий. Тэр бол Өмнөд Америкт оршдог Боливи улс юм. Тэнгисийн цэргийн хүчинтэй боловч далайд гарцгүй орон. Энэ хачирхалтай байдлыг арилгахаар тэд 2013 оноос хойш бараг жил бүр Гаага дахь олон улсын шүүхэд хандсан ч тухай бүр татгалзсан хариу авдаг юм. Гэсэн ч Тэнгисийн цэргээ байлгасан хэвээр л байна.

Боливийн Тэнгсийн цэргийн гол бааз нь маш сонирхолтой газар буюу далайн түвшнээс дээш 3800 метр, далайн эргээс 300 гаруй километрийн зайтай Тутикака нуурын эрэгт оршдог. Цаашаа Амазонк мөрний дагуу байрладаг бааз ч бий. Флот нь яг л бусад улсын флотуудын адил үйл ажиллагаа явуулна. Тэнд усан цэрэг, ахмад, тэр ч байтугай адмирал бий, ганцхан далай л байхгүй. Энэхүү гаж үзэгдэл нь боливичуудыг “Буцаад далайд гарцтай орон болох” зорилгыг нь мартуулахгүй байхтай холбоотой юм.  

Боливи XIX зуунд далайд гарцтай орон байжээ. Эдүгээ тус улсын түүхийн хамгийн хүнд гэмт хэрэг болох “Далайн эргийн мужаа Чилид шилжүүлэх” ажиллагаа чухам тэр үед хийгдсэн байдаг. Тэр нь очиж очиж зүгээр л нэг шувууны баасны төлөө гэхээр үнэхээр хачирхалтай биш гэж үү.  

Гуано гэж нэрлэдэг тэр зүйлийн ач холбогдол илрэхээс өмнө өнгөт металл тус нутгийн гол баялаг гэж тооцогддог байжээ.

Андын нуруу, Номхон далайн хоорондын газар нутгийг европчууд шунахай нүдээр харж байсангүй. Тэнд дэлхийн хамгийн хуурай газруудын нэг Атакамын элсэн цөл оршдог болохоор уулархаг газарт л олборлолт явуулж, Атакам руу зүглэдэггүй байжээ. Энэ хооронд цаг агаарын гайхалтай орчин бүрдсэн эргийн дагуу шувуунаас гардаг гуано гэх тэр зүйл хуримтлагдсан байна. Гэтэл эрдэмтэд дээрх зүйл нь азот, фосфорын эх үүсвэр, дахин боловсруулалт хийсний дараа юу ч үйлдвэрлэж болох үнэт түүхий эд болохыг олж тогтоосноос хойш байдал орвонгоороо өөрчлөгдсөн юм. Далайн эрэг рүү хүмүүс цувж, байгалийн хишгээс өөрийнхөө хувийг хүртэхээр яаравчлах болжээ.

Боливи, Чили, Перу улсууд гуаногоос болж XIX зууны эхний хагаст хоорондоо байнга дайсагнадаг байжээ. Өөрийн хувиа олж авах гэсэн Испани ч зүгээр суудаггүй байв. Тэд эргийн төлөө тэмцэлдэж, улсуудын хил хязгаар байнга өөрчлөгддөг байв. 1870-аад оноос өнгөт металлын хэрэгцээ огцом буурч, Чили улс эдийн засгийн хүнд байдалд орсон байна. Энэ алдагдлаа нөхөх боломж нь гуано байжээ. Тэд Британийн компаниудтай нийлэн Боливын эргээс гуано олборлодог хэрнээ улсад нь юу ч өгдөггүй байв. Боливичууд мэдээж үүнийг эсэргүүцэх нь тодорхой, тиймээс 1878 онд Сукра  хотноо хуралдаж, олборлогчдод 10 хувийн татвар ногдуулахаар болсон байна. Гэтэл Чили улс Боливи руу халдан довтлох нь тэр. Боливитой харилцан туслалцах гэрээтэй Перу дайнд татагдан орсон ч Чили ялалт байгуулж чаджээ.  Их Британийн компаниас дэмжлэг авсан тэд Боливиос далайн эргийн мужийг нь булааж авснаас хойш хил тэр чигээрээ тогтож орхив. Газрын зураг одоо бидний харж байгаа шиг болжээ.

Боливичууд партизаны дайн өрнүүлсэн ч амжилт олсонгүй. Дайн 1883 онд дуусч, талууд эвийн гэрээ байгуулав. Онцгой эрхийн дагуу гуаногоор баялаг далайн эргийн муж Чилид үлджээ. Дээрх гэрээг 1904 онд байнгынх болгож өөрчилсөн байна. Чиличууд оронд нь нийслэл Ла Пасыг Номхон далайн нэг боомттой холбосон төмөр зам барьж өгөхөөр болсон байна.


Тэр үед Боливи улс үнэндээ газар нутгаа хамгаалж л дайтсанаас бус далайд гарцтай байхын ач холбогдлыг төдий л ойлгоогүй байжээ. Одоо тэд латин Америкийн бусад улсуудын л адил буурай хөгжилтэй, төрийн эрх ч амархан солигддог хэвээрээ. Улс төрийн намууд нь барууных, зүүнийх ч байсан адилхан, “Бидэнд далайд гарц байсан бол доо. Хөгжүүлээд өгөхгүй юу” гэхчлэн ярьсаар иргэдийнх нь толгойд бөөн комплекс үүсгээд хаячихсан байна. Тэд жил бүр далайн өдрийг тэмдэглэн, хувцас хунараа цэнхэр ногооноор будаж мөрөөднө. 

Төрийн эрхэнд байгаа Ерөнхийлөгчдөөсөө ч гэсэн ганцхан юм хүснэ. Тэр нь мэдээж, далайд гарцтай болох. Тиймээс энэ асуудал улс төрийн ашиг хонжоо олох хэрэгсэл ч болно. 2006-2019 онд төрийн эрхэнд байсан социалист Эво Моралес л харин эхэндээ нөхцөл байдалтайгаа эвлэрч, газрын тос зэрэг байгалийн баялагтаа дулдуйдсан эдийн засаг хөгжүүлэх талаар ярьдаг байв. Сөрөг хүчин нь “Далайд гарцгүй бол хичнээн нефть байгаад нэмэргүй шүү дээ” гэхээр зөрүүлээд “Австри, Швейцарь гээд далайгүй хөгжсөн орнууд байна шүү дээ” гэдэг байжээ. Сүүлдээ сөрөг хүчинтэйгээ нийлчихсэн, “Газарзүйн байрлал, өөрөөр хэлбэл далайд гарцгүй байдал бүх зүйлд буруутай” гэж ярих болсон байна. Гэхдээ эцсийн эцэст тэр амжилтэд хүрч, 2010 онд Перугаас далайн эргийн жижиг газар олж авсан билээ. 


Одоо тэдэнд тэр газартаа боомт барих бүтэн зуун жилийн хугацаа байна. Маш их мөнгө зарцуулах нь мэдээж, гэхдээ л эхэлчихэж болно шүү дээ. Гэтэл боливичууд тэгдэггүй хүмүүс ажээ. Тэд аль хэдийнэ дэд бүтэцтэй болж амжсан Чилийн /боливынх байсан/ боомтыг гартаа оруулахаар шийдсэн юм. Ерөнхийлөгч Эво Моралес бичиг баримтуудыг цуглуулан 2013 онд Гаага дахь олон улсын шүүхэд ханджээ. Жилийн турш үргэлжилсэн энэ маргаан 2014 онд Чилийн талд шийдэгдсэн. Э.Моралес энэ оны тавдугаар сард дахин шүүхэд хандсан нь харин амжилтад хүрч, Гаага дахь Олон улсын шүүх Боливын гомдлыг авч хэлэлцэх шийдвэрийг өнгөрсөн есдүгээр сарын 24-ний өдөр гаргасан юм. Мөн Боливын эсрэг гаргасан Чилийн гомдлыг авч хэлэлцэхгүй байхаар болсон. Ингэснээр сүүлийн зуу гаруй жилд анх удаа “далайд гарцтай болж магадгүй” гэсэн бодит хүлээлт боливичуудад бий болсон байдаг юм. Ер нь Боливичүүд 200 жилийн өмнө одоогийнхоос бараг хоёр дахин том нутагтай байсан бөгөөд 1867, 1903 онд Бразилд, 1904 онд Чилид, 1938 онд Парагвайд газар нутгаа шилжүүлэн өгч байсан эмгэнэлт түүхтэй улс аж.  

Шүүхээс Боливын гомдлыг авч хэлэлцэх нь зүйтэй гэсэн шийдвэр гарахын өмнө Ерөнхийлөгч Эво Моралес “Бидэнд асуудлыг шийдэх хоёр арга байгаа. Нэг нь Олон улсын шүүхийн шийдвэр бидний талд гарах. Нөгөө нь юу болохыг одоохондоо хэлэхгүй. Зуун дамжсан шударга бус явдлыг эцэслэх цаг нь болсон. Бид далайд гарцтай болохын төлөө ямар ч арга хэрэглэхэд бэлэн” хэмээн мэдэгдэж байв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна