Нэгэн цаг үед олон улсын улс төрд маш содон дүр төрх болж гарч ирсэн хүнийг танилцуулж байна. Энэ хүн бол Филиппиний Ерөнхийлөгч асан, “хар тамхины эсрэг дайн”-ы хэргээр өчигдөр баривчлагдаж, Олон улсын эрүүгийн шүүхэд шилжүүлэгдээд буй Родриго Дутерте юм.
Түүнийг өчигдөр буюу мягмар гаргийн өглөө Хонконгоос Манилагийн нисэх онгоцны буудалд ирсний дараа баривчилж, улмаар ОУЭШ-д шилжүүлээд байна.
Өдгөө 79 настай Р.Дутерте баривчлах тушаал гарах гэж байгаа талаарх таамаглалд ням гарагт хариулт өгөхдөө “Хэрэв энэ үнэхээр миний хувь тавилан юм бол би үүнийг хүлээн зөвшөөрөх болно, бидэнд хийж чадах зүйл байхгүй” гэсэн байна. Тэрбээр ер нь хэзээд л ийм эрс, шулуун нэгэн байсан. Тэр хэрээрээ ч улс төрд амжилт олсон хүн юм.
Р.Дутерте 2016 онд улс орноо хар тамхинаас ангижруулахын тулд өршөөлгүйгээр цус урсгасан тэмцэл явуулна гэж мэдэгдсэнийхээ дараа ерөнхийлөгчөөр сонгогдсон .
Филиппиний эдийн засаг багтаамжаараа дэлхийд 30 дугаарт эрэмбэлэгддэг ч хүн амд нь хуваавал ердөө 3200 орчим ам.доллар буюу манайхаас ч бага. Хөгжлөөрөө ч эхний 50-д багтахгүй. Энэ утгаар нь яривал тэрээр том улстөрч биш. Гэхдээ хамгийн хүчирхэг олон улсын байгууллага НҮБ-ыг үл тоодог, бөмбөрцгийн №1 гүрэн АНУ-тай сөргөлдөж зүрхэлдэг байдлаараа тэрбээр яах аргагүй бөмбөрцгийн сонирхолтой улстөрчдийн нэг байсан юм.
“Улс төрийн” гэр бүлээс гаралтай
Родриго Дутерте 1945 оны гуравдугаар сарын 28-ны өдөр Маасин хэмээх хотод мэндэлжээ. Өдгөө Өмнөд Лейте мужийн нийслэл болсон энэ хот тухайн үедээ Филиппиний хамтын нөхөрлөлийн Лейте мужид хаяръяалагддаг байв. Аав Висенте Дутерте нь хуульч, өмгөөлөгч, ээж Соледад Роа нь багш мэргэжилтэй, иргэний хөдөлгөөний идэвхтэн, удирдагч нэгэн байжээ. Ер нь бол муждаа маш нэр хүндтэй, улс төрийн өндөр идэвхтэй гэр бүлд Родриго өсч өндийжээ. Түүний аав Висенте Дутерте нь Данао (Тухайн үед ганц Данао гэж байгаад хожим Данао, Себу гэж хоёр хуваагдсан) мужийн захирагчаар ажиллаж байсан бол үеэл Роналд нь 1983-1986 онд Себу хотын захирагчаар сонгогдож байв. Роналдын аав Рамон Дутерте ч 1957-1959 онд мөн энэ албыг хашиж байсан гэдэг. Тодруулбал, ах дүүс, тэдний хүүхдүүд бүгд муж, хотын захирагчаар ажиллаж байсан аж. Себу мужийн иргэд Дутертегийнхныг улс төрийн гэр бүл гэж тооцдог гэнэ.
Родригог дөрвөн нас ч хүрээгүй байхад эцэг нь Маасин хотыг орхиж, төрөлх Данао, Себу муж руугаа нүүжээ. Тэнд очоод эхний хоёр жил Висаяс руу ирж, очин байгаад 1950 онд л Давао мужид нэгмөсөн төвхнөжээ. 1952 онд тэдний гэр бүлд нэг томоохон өөрчлөлт гарсан нь сургуулийн захирал байсан хатагтай Соледад Роа ажлаа орхиж, хувиараа өмгөөлөл хийдэг байсан нөхөр Висенте нь улс төрийн карьер хөөх болсон явдал байв. Харин бяцхан Родриго хүү энэ хооронд бага сургуульд сурч байв.
Ангийнхаа залууг өчиггүй буудсан танхай оюутан
Бага, дунд сургуулиа хэл амгүйхэн шиг төгссөн тэрээр коллежид орсон цагаасаа эцэг эхийнхээ чихийг халууцуулж эхэлжээ. 1968 онд Манилад очиж улс төр судлалын чиглэлээр бакалаврын зэрэг эзэмшихээсээ өмнө тэрээр Давао мужийнхаа хоёр ч дээд сургуулиас хөөгдсөн байдаг. Гэхдээ ямар ч байсан хуулийн чиглэлээр мэргэжил эзэмшихийг зорьсон түүний оролдлого амжилтад хүрч, тэрээр 1972 онд Манилагийн Сан Бедуагийн коллежид хуульчийн мэргэжил эзэмшжээ.
Түүний дараахь хэдэн жилийг тэрээр мэргэжлээрээ ажиллахын зэрэгцээ төрийн албан хаагчийн шалгалт өгч өнгөрүүлжээ. Төрийн алба руу зүтгэхэд ч түүний тууштай зан чанар хэрэг болж, Родриго эцсийн эцэст 32 настайдаа Давао хотын прокурорын газарт зөвлөхөөр орж чаджээ. Энэ ажлаа 1977-1979 он хүртэл хийгээд 1979-1981 онд Прокурорын дөрөвдүгээр туслах болж дэвшсэн байна. Улмаар 1981-1983 онд гуравдугаар, 1983-1986 онд хоёрдугаар туслах болж наймхан жилийн дотор дөрвөн шат ахисан нь түүнд улс төрийн карьераа эхлүүлэх боломж олгов.
Түүнийг дээд сургуулиасаа хэрхэн хөөгдсөн талаар бичихээ мартжээ. Родриго хожим өөрөө энэ талаар олон нийтэд нээлттэй мэдэгдэл хийж, өөрийн дутагдалтай талаа хүлээн зөвшөөрсөн юм.
Тэрбээр бага балчир байхаасаа л гарал үүслээр нь доромжлоход дургүй, маш эмзэг хүлээж авдаг байжээ. Энэ зангаасаа болоод өөрийг нь висаян гаралтай хэмээн доромжилсон нэг курсийнхээ залууг эргэлзэх юмгүй буудаж орхисон гэдэг. Азаар нөгөө залуу амьд үлдсэнээр Родриго сургуулиасаа хөөгдсөн болоод өнгөрсөн ажээ. Хэрвээ сум амин газраар туссан бол Родриго Дутерте гэдэг хүний талаар одоо хэн ч мэдэхгүй байх байв.
Буу агссан хотын дарга
1983 онд эхэлсэн Иргэний ардчилсан хувьсгал 1986 онд ялалтаар дуусч, тус улсыг 1965 оноос хойш засагласан Фердинанд Маркосын ноёрхол нуран унав.
1983 онд эхэлсэн Иргэний ардчилсан хувьсгал 1986 онд ялалтаар дуусч, тус улсыг 1965 оноос хойш засагласан Фердинанд Маркосын ноёрхол нуран унав. Филиппинчүүд тайван замаар хувьсгал хийж, сонгох, сонгогдох эрх чөлөөг дахин олж явсан явдал Родригогийн улс төрийн карьерт шинэ боломжийг нээж өглөө. Хувьсгалын дараа хотынхоо орлогч дарга болсон тэрээр хоёр жилийн дараа даргын сонгуульд ялалт байгуулж, хотынхоо №1 хүн болжээ. Дарга болсныхоо дараа тэрээр хоорондоо эв түнжин муутай Лумад, Моро үндэстнүүдийн төлөөллийг хотын удирдлагын багт багтаан дэд даргын албан тушаал өгсөн нь ард олны таашаалд маш ихээр нийцэн нэр хүндийг нь өсгөсөн юм. Хожим түүний энэ туршлагыг Филиппиний бараг бүх томоохон хотууд хуулбарлах болжээ. Родриго Давао хотын захирагчийн суудлаа арван жил хадгалсан юм. Түүнд дахиад сонгогдох нэр хүнд, орон зай байсан ч гурваас дээш удаа улирч болохгүй гэсэн хуулийн заалттай учир 1998 онд ажлаа өгч, өөрөө мужийнхаа төлөөлөгчдийн танхимын сонгуульд өрсөлдөн ялалт байгуулсан байдаг. Тэндээ гурван жил болоод 2001 оны хотын даргын сонгуульд оролцон уламжлал ёсоор ялжээ.
Р.Дутертег улсын Ерөнхийлөгч болгох хэмжээний нэр хүндийг Давао хотын захирагчаар ажиллаж байсан туршлага, амжилт нь өгсөн. Түүний удирдлагад байх жилүүдэд Давао хот хамгийн эрчимтэй хөгжсөн, шилдэг удирдлагатай хотоор гурван удаа шалгарч байв. Р.Дутерте хотоо нэгэн цул болгон зангидаж, санхүүгийн хувьд ч хөл дээр нь баттай босгож чадсанаар Филиппиний урдаа барьдаг хотын нэг болж өөрчлөгдсөн юм. 2013 онд Иоланда хар салхи Филиппиний Таклобан мужийг түйвээхэд Давао хотын захиргаа аврагч, эмч нарын баг илгээж, хөрөнгө мөнгөний тусламжийг харамгүй үзүүлж байв. Бохол, Себу мужид болсон газар хөдлөлтөд өртсөн хүмүүст ч эд материалаар тусалж байжээ. Энэ нь Давао мужийн санхүүгийн чадамжаас гадна хотын даргаас хальж, карьераа үндэсний хэмжээнд томруулах Р.Дутертегийн алсын бодолтой холбоотой байсан байж таарна.
“Time” сэтгүүлийн нэгэн дугаарт хэвлэгдсэн нийтлэлд итгэх юм бол, тэрээр том мотоцикл унаж, М16 винтов агсаад хотынхоо гудамжаар өөрөө эргүүл хийн, амгалан тайван байдлыг шалгадаг байжээ. Түүнчлэн нийтийн тээвэр, таксигаар явах нь цөөнгүй байсан гэнэ.
Хар тамхи үйлдвэрлэгч, зуучлан дамжуулагчидтай л эрх хатуу тэмцдэг, хар тамхинд донтогсдыг эсрэгээрээ, харин ч хайрлаж энэрдэг нэгэн.
Р.Дутерте хар тамхитай хатуу тэмцэл явуулан амжилтад хүрсэн хүн гэдгийг одоо дэлхий нийтээрээ мэдэх болсон. Гэхдээ хар тамхичидтай тэмцдэг гэж яльгүй ташаа ойлгодог юм билээ. Үнэндээ тэр хар тамхи үйлдвэрлэгч, зуучлан дамжуулагчидтай л эрх хатуу тэмцдэг, хар тамхинд донтогсдыг эсрэгээрээ, харин ч хайрлаж энэрдэг нэгэн. Хар тамхичид бол түүний хувьд нийгмийн шаар бус, харин хар тамхинд донтож өвчилсөн хохирогчид. Р.Дутерте хар тамхитай хийх тэмцэлдээ яг энэ зарчмыг тууштай баримталж иржээ. Тэрээр хотын захиргаанаас 12 сая филиппин песо гарган хар тамхи, мансууруулах бодист донтогсдыг эмчилдэг нөхөн сэргээх төв байгуулсан юм. 24 цагийн байнгын ажиллагаатай энэ төвөөс гадна тэрээр хар тамхинд донтогсдод сар бүр 2000 песогийн тэтгэлгийг “донтолтоос гарах” тусгай болзолтойгоор олгож байв. Тэрээр мөн Филиппиний коммунист намын зэвсэгт жигүүр болох Ардын шинэ армитай хэлэлцээр хийснээрээ ард түмний дунд алдаршжээ.
Нутгийн лумад болон лалын шашинт моро үндэстнүүдийг эерүүлэх зорилгоор хотын дэд даргын хоёр суудлыг шинээр бий болгож, төлөөлүүлэн суулгасан нь удирдлагын шинэлэг, үр дүнтэй жишгийг бий болгосон байдаг.
Амнаасаа болж улс төрийн замналаа эрсдэлд оруулагч
Эмх журам тогтоох нь Р.Дутертегийн хамгийн сайн чаддаг ажил байв. Тэрээр архийг шөнийн 01.00 цагаас өглөөний 08.00 цагийн хооронд худалдаалахыг хориглосон шийдвэрийг хотын зөвлөлөөр гаргуулж, удалгүй хот дотор автомашинаар зорчиж болох дээд хурдыг багасгах тушаал өгч байжээ. Түүнчлэн хүний эрх, ялангуяа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах талаар ихээхэн хүчин чармайлт гаргаж ажилласныг одоо ч филиппин эмэгтэйчүүд сайшаан ярьдаг аж.
Гэхдээ эмэгтэйчүүдийг ингэж их хүндэлдэг юм уу гэхээр бас тийм биш. Нэг удаа амнаасаа болоод эвгүйтэж явсан үе түүнд бий. Австралийн сайн дурын ажилтан Жаклин Химелл гэгч эмэгтэй гэмт этгээдүүдэд барьцаалагдаж байгаад амиа алдсан хэрэг 1989 онд Давао хотод гарсан байдаг. Тэрхүү хэргийн газар очиж үзсэн тухайгаа ярьсан бичлэг нь олон нийтэд тарж Р.Дутертегийн улс төрийн карьерыг дуусгах шахсан удаатай. Тэрээр тухайн үед “Тэр газар очиход австрали эмэгтэй хэвтэж байлаа. Үнэхээр харамсалтай. Гэмт этгээдүүд эмэгтэйг ээлжлэн хүчирхийлээд дараа нь буудаж алсан байв. Гэхдээ тэр хэдий амьгүй ч маш үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Тэгээд би “Би эхэнд нь орох байсан даа” гэж бодсон” хэмээн ярьсан нь видео бичлэг болон олон нийтэд тарж байжээ.
Аллага, хүчирхийлэл амлаад амжилт олсон “хүнд гар”
Филиппин бол “Мянган арлын орон” гэж нэршсэн, 7500 гаруй арлаас бүрддэг улс. Тэдгээр арлынх нь 5000 гаруй нь одоо ч ямар нэг нэршилгүй байдаг. Энэ ч утгаараа гэмт хэрэгтнүүд, далайн дээрэмчдийн үүр уурхай, диваажин болсон газар юм. Зарим арал нь муж нэртэй ч үнэн хэрэгтээ тусгаар бие даасан улс маягтай, захирагч нар нь албан тушаалаа үр хүүхэддээ өвлүүлдэг, тэр ч бүү хэл өөрийн гэсэн армитай, үе үе тусгаар тогтнох гэж оролддог нэгдмэл юм шиг мөртлөө салангид ч гэмээр маш онцлогтой улс. Родригогийн охин Сара Дутерте гэхэд л эцгийнхээ адил хотын дарга болоод амжсан байх жишээтэй. Ийм улс орныг хатуу гараар л захирах нь угаасаа ойлгомжтой байсан ч нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, бүр нэг “ясны хүнд гар” улс төрийн хүрээнд Р.Дутертегээс өөр үгүй байв. Сүүлийн 20-иод жил Филиппинийг удирдсан Фидель Рамос, Жозеф Эстрада, Глория Макпагал Арройо, Бенино Акиньо нарын дөрвөн Ерөнхийлөгч Р.Дутертег Дотоод хэргийн сайдаар ажиллахыг гуйсан ч тэрээр тухай бүрт татгалзсан хариу өгч байсан гэдэг.
Р.Дутерте хариуцсан ажлаа л сайн хийх ёстой гэж үздэг, бусдад ч яг ингэж шаардлага тавьж чаддаг удирдагч. 2014 онд олон улсын нэгэн байгууллагаас “Дэлхийн шилдэг мэр” шагнал өгөх гэхэд нь яг дээрх шалтгаанаар татгалзаж байв.
2014 оноос тэрээр федерализм буюу дээр цухас дурдагдсан Филиппиний салангид байдлыг арилгаж, илүү уялдаа холбоотой ажиллахыг уриалах болсон нь Ерөнхийлөгчид нэр дэвшихийн эхлэл байв.
2014 оноос тэрээр федерализм буюу дээр цухас дурдагдсан Филиппиний салангид байдлыг арилгаж, илүү уялдаа холбоотой ажиллахыг уриалах болсон нь Ерөнхийлөгчид нэр дэвшихийн эхлэл байв. Түүний энэхүү санаачилгыг Филиппиний үе үеийн ерөнхийлөгчид, сүм хийдийн тэргүүн, эрдэмтэд мэргэд, их дээд сургуулийн удирдлага, нийгмийн олон давхаргынхан нэгэн дуугаар хүлээн авч, дэмжихээ илэрхийлсэн ажээ.
2015 оны дундуур түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзнэ гэсэн мэдээлэл хэвлэлээр гарах болж, мань хүн өөрөө үгүйсгэсэн мэдэгдэдл хийх зэргээр олны анхааралд илүү орж ирсэн байдаг. Улмаар тухайн онд явагдсан сонгуульд ялан Ерөнхийлөгч болсон билээ. Тэрээр төрийн тэргүүн болоод хамгийн түрүүнд хар тамхины мафиудаас ангижрахад туслахыг ард түмнээсээ хүссэн юм. Энэ нь ч учиртай. Родриго Дутерте бол дэлхийн түүхэнд урьд хожид байгаагүй сонин амлалт өгч Ерөнхийлөгч болсон хүн. Тэрээр “Ерөнхийлөгч болсноосоо хойших зургаан сарын дотор 100 мянган гэмт хэрэгтнийг цааш харуулна“ гэж амалсан билээ.
Түүний “Үүргээ биелүүл. Хэрвээ та 1000 гэмт хэрэгтнийг цааш харуулсан бол үүргээ биелүүлсэн гэж үзээд би таныг хамгаалах болно”, “Гэмт этгээдүүдийг одоо устгахгүй л бол ирээдүйд илүү олон хүний амь үрэгдэнэ. Тиймээс сүүлчийн хар тамхи үйлдвэрлэгчийг устгаж дуусах хүртэл зогсож болохгүй” гэх мэт мэдэгдэл НҮБ, АНУ-ын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан. Гэсэн ч ам, хэлээрээ гудийхгүй үзэлцэж байгаа. НҮБ-д “Танайхаас гараад БНХАУ, Африкийн орнуудтай нийлээд шинэ байгууллага байгуулна” гэсэн бол Б.Обамаг “Бусдыг хүндэлж сур. Уулзаагүй байж янз бүрийн юм ярих хэрэггүй. Биеэ үнэлэгчийн хүү минь би чамтай уулзахаараа үзүүлээд өгнө өө” хэмээн заналхийлсэн билээ. Шашны талаар тэрээр зөөлөн бодлого барьдаг нь хотоо хоёр дэд даргатай болгосон шийдлээс нь харагддаг. Тэгсэн мөртлөө саяхан Христийн шашинд хэрхэн ханддагийг нь асуухад “Би Христийн шашинд орсон бол одоо ижил хүйстэн болчихсон байх ч байсан юм билүү” хэмээн хариулжээ. Тэрээр дараа нь энэ мэдэгдлийнхээ төлөө олон нийтээс уучлалт гуйсан юм. Дэлхий нийт Р.Дутертег юу ч хийж мэдэхээр эрсдэлтэй нэгэн гэж харж байгаа бол филиппинчүүд харин хаана ч улсынхаа нэр төрийг хамгаалчихдаг ерөнхийлөгчтэй болсондоо сэтгэл хангалуун байна. Олон нийтийн судалгааны дүн ингэж гарчээ.
Хувийн амьдралын хувьд, тэрээр бага залуудаа герман, америк цустай Элизабет Зиммерман гэгч бүсгүйтэй гэрлэсэн ч 2000 онд салжээ. Тэдний дундаас төрсөн Паоло, Себастьян, Сара гэдэг гурван хүүхэд байдаг. Тэднээс охин Сара, хүү Паоло нар нь улс төрийн карьер хөөж байгаа аж. Ерөнхийлөгч байхдаа Родриго Сиелит Авансена хэмээх бүсгүйтэй хамт амьдардаг бөгөөд Вероника хэмээх охинтой болсон байв. Гэхдээ гэр бүлээ батлуулаагүй. Аль 2015 онд “Би бол хүүхэмсэг эр” гээд олон нийтэд зарлачихсан учраас филиппинчүүд тэргүүн хатагтайгаа албан ёсных болгохыг шаардахаа ч больсон байдаг.
Р.Дутертегийн хувь заяа хэрхэхийг Олон улсын Эрүүгийн шүүх шийднэ
Р.Дутертег Ерөнхийлөгч болсоноос хойш 12-30 мянга орчим энгийн иргэн хар тамхитай тэмцэх ажиллагааны улмаас амиа алдсан гэж Олон улсын эрүүгийн шүүхийн мэдээлэлд дурджээ.
Хар тамхитай тэмцэх ажиллагааны үеэр үйлдсэн аллагыг мөрдөн шалгах ОУЭШ-ийн ажиллагаа нь 2011 оны арваннэгдүгээр сараас 2016 оны зургаадугаар сар хүртэл үйлдэгдсэн гэмт хэргүүдийг, тэр дундаа Р.Дутерте хотын даргаар ажиллаж байсан Давао хотод гарсан аллагын хэргүүд, мөн түүнийг ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлснээс хойш 2019 оны гуравдугаар сарын 16 хүртэл орон даяар гарсан хэргүүдийг хамарч байна. 2019 оны гуравдугаар сарын 16-нд Филиппин улс ОУЭШ-ээс гарчээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.180.74
Хар тамхи татсан болгоныг бууд гэсэн тушаал өгч байсан тэрийг далимдуулж цагдаа эрх мэдлээ хэтэрүүлсэн дээ
Хариулах