Улаанбаатар хотын барилгын чанарт үер, газар хөдлөлтөөс гадна Хятадын чанарын баталгаагүй цемент заналхийлж байна

Zuv.mn
2023/08/16

Долоо, наймдугаар сард орсон усархаг бороо, үерийн гамшиг Улаанбаатар төлөвлөлтөөс гадна барилгын чанарт онцгой анхаарах цаг болсныг санууллаа. Тиймээс хууль бус үйлдэлтэй барилгын компаниудын асуудал нийгэмд хүчтэй нөлөөлж байгааг ашиглаад барилгын чанарт онцгой нөлөөтэй түүхий эд болох цементийн зах зээлд үүсээд буй тулгамдсан асуудлыг хөндөж байна.

ТӨРИЙН ЗУУРСАН "БАНТАН" ЦЕМЕНТИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХЯМРААЖЭЭ

Төр ”Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийн үйл ажиллагааг доголдуулсныхаа дараа БНХАУ-ын импортын цементэд ногдуулсан импортын татвараа тэглэж, уснаас хуурай гарч байсан. Тэгвэл “Дотоодын ААН-үүдийн үйлдвэрлэсэн цементийн үнэ өндөр байна, “Хятадаас цемент оруулж ирье” гэсэн суртал ухуулга явуулж байгаад дотоодын үйлдвэрлэгчдэд тавьсан хамгаалалтаа авч хаясан бололтой. Ойрноос зах зээл дээр хятад цемент эрс элбэгшжээ.

44 буюу Гурвалжингийн гүүрний доор байрлах цементийн худалдаагаар орж үнэ ханш сонирхоход хятад цемент орж ирж байгаа нь үнэн байна. Худалдаачид “Маргааш ирнэ”, “Нөгөөдөр бууна” гэлцэн ярилцах нь өдөр бүр вагон, вагоноороо орж байгааг илтгэх аж.

Цементийн худалдаа эрхэлдэг А-тай /нэрийг өөрчлөв/ уулзаж цементийн үнэ ханш, олдоц, чанарын баталгааны талаар ярилцав. Түүний хэлснээр, 44 дээр хятад цемент тогтмол бууж байгаа. Үнийн хувьд, вагоноос ачих, агуулахаас ачихаас шалтгаалаад 370-380 мянган төгрөгийн үнэтэй. Монголын “МАК цемент” ХХК-ийн цемент агуулахаасаа 414.000 төгрөгөөр зарагдаж байгаа гэнэ.

Өнгөрсөн жил, Засгийн газар Хятад цементэд ногдуулдаг импортын татварыг хүчингүй болгосны дараа БНХАУ-аас орж ирсэн эхний ээлжийн цемент лабораторийн шинжилгээ, чанарын шалгалтад унаж байсан /зургаар харуулав/.


Тиймээс энэ удаад лабораторийн шинжилгээ, чанарын шалгалтыг хийхгүй байгаа бололтой. Чанарын шинжилгээний бичиг шаардахад “Хятад цемент үйлдвэрийнхээ хятад бичигтэй л ирж байгаа” гэсэн хариултыг өгч байв. Итгэхгүй, “Хилээр орж ирэхэд манайх чанарын шалгалт, шинжилгээ хийж байгаа биз дээ. Тэр бичиг нь байна уу” гэж дахин дахин лавлахад ч “Байхгүй ээ. Үйлдвэрийнх нь хятад хэл дээрх бичиг л байгаа. Харин манай дотоодын үйлдвэрийн цементүүд таны шаардсан чанар баталгаажуулсан бичигтэй” гэж хариулсан юм. “Ядаж ямар үйлдвэрт үйлдвэрлэсэн нь тодорхой юм байгаа биз дээ” гэж асуугаад “Тунхуй...” гэсэн хариу дуулав.  

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГАД ХИЛЭЭР ОРЖ ИРЖ БАЙГАА ЦЕМЕНТИЙГ САЙТАР ШАЛГАХ БОЛОМЖ БАЙХГҮЙ

Манай улс БНХАУ-аас цемент импортлохдоо зөвхөн гарал үүслийн бичгийг үндэслэдэг аж. Тодруулбал, БНХАУ-ын үйлдвэрүүдээс манай стандарттай ойр цемент үйлдвэрлэж байгаа үйлдвэрүүдийг сонгоод импортлох зөвшөөрөл өгдөг ажээ. Гаалийн ерөнхий газрын эх сурвалжаас энэ асуудлаар тодруулахад “Хилээр орж ирж байгаа цементийг сайтар шалгах боломж хомс байдаг. Тиймээс үйлдвэрээс нь олгосон чанарын баталгааны бичгийг үндэслээд хилээр нэвтрүүлдэг. Гаалийн байгууллага хууль, журам хэрэгжүүлж ажилладаг газар. Өөрсдөө шинэ, хууль журам гаргаад шалгаад байх боломжгүй” гэсэн хариулт өгөв. Учрыг лавлахад "Зөвхөн цемент ч биш, ийм байдлаар орж ирж байгаа өөр бараа ч зөндөө байгаа шүү дээ" гэсэн юм. 

ЦЕМЕНТ БАТАЛГААТ ХУГАЦАА БАГАТАЙ, ХАДГАЛАЛТЫН ОНЦГОЙ ГОРИМ ШААРДДАГ БҮТЭЭГДЭХҮҮН

Цемент бол баталгаат хугацаатай, хадгалалтын горим шаарддаг бүтээгдэхүүн гэдгийг манайхан тэр бүр мэддэггүй. Хадгалах хугацаа нь 30-60 хоног бөгөөд хэтэрсэн тохиолдолд барьцалдах, хэвлэгдэх чанар муудах, суултанд орох, химийн холбоотой усаа алдах, эрдсийн найрлага өөрчлөгдөх, агаар чийгийн үйлчлэлд орж хатууран бэхжиж чанараа алддаг. Импортоор нийлүүлэгдэж буй болон эх орны үйлдвэрийн савласан цементийн уут нь удаан хадгалахад зориулсан экспортын уут биш байдаг. Тиймээс харанхуй сэрүүн газар модон улавчин дээр 1,8метрээс өндөргүй хураах ёстой. Гэхдээ хэдийгээр хуурай сэрүүн газар хадгалсан ч гэсэн гурван сарын дараа бат бэхийнхээ 10-20%, зургаан сарын дараа 20-30 хувийг алддаг.

Тэгэхээр, стратегийн бүтээгдэхүүн болох цемент БНХАУ-аас үйлдвэрийн бичгээр л хил нэвтэрч байна. Өөрөөр хэлбэл Хятадад агуулахдаа хэр удаан хадгалагдаж байсан нь тодорхой бус чанар, стандартын шинжилгээгүй бүтээгдэхүүн орж ирж байгаа гэсэн үг юм.


Барилгын компаниуд руу утас цохилоо. Монголд барилгын цементийн ихэнхийг бетон зуурмагийн үйлдвэрүүд хэрэглэдэг юм байна. Барилгын компаниуд цемент худалдаж авахаа бараг больжээ. Компанийн эздийн ярих нь, бетон зуурмагийн үнэ буугаагүй гэнэ. Гурван ч бетон зуурмагийн үйлдвэртэй холбогдож асуухад монгол цементээ хэрэглэдэг, үнийн тухайд, марк, хэмжээ, байршлаас хамаараад хэлбэлзэл өндөр гардаг гэдэг хариултыг өгөв. Тодруулбал, 250 маркийн бетон 1м3 нь 280,000-300,000, 300 маркийнх нь 329,000-340,000, 450 маркийнх 570,000-600,000 төгрөгөөр борлуулагдаж байна.

Хачирхалтай нь, холбогдсон бетон зуурмагийн үйлдвэрүүд дотор хятад цемент хэрэглэдэг үйлдвэр нэг ч байсангүй. Зарим нь “Манайх хятад цемент хэрэглэдэггүй ээ” гэх нэг нь байхад “Өө тэрийг ёстой мэдэхгүй. Манай стандартад тохирох үгүйг мэдэхгүй болохоор авч байгаагүй. Ер нь бетоны чанар цементнээсээ гадна тухайн үйлдвэрт ашиглагдаж байгаа элс, хайрга гэх мэт бусад түүхий эдтэйгээ хэр тохирч байна вэ гэдгээс шалтгаалдаг юм. Хайрганы тоосжилт, элсний ширхэглэг гээд хамаарах зүйл их байдаг.” хэмээн тайлбарлаж өгөх нь ч байна.

Эндээс нэг талаараа бетон зуурмаг үйлдвэрлэгчид үндэсний үйлдвэрийн цементээ хэрэглэж дассанаас гадна чанарт анхаарал хандуулдаг гэдэг нь харагдаж байгаа ч нөгөө талаар “тэгвэл хилээр орж ирсэн хятад цемент хаачдаг хэрэг вэ” гэсэн эргэлзээ төрүүлэх аж. Барилгын компани, гааль, бетон зуурмагийн үйлдвэр гээд салбарын байгууллагуудтай холбогдох явцад “Хятад цементийг хязгаарлахгүй л бол чанарын баталгаагүй хятад цемент хаана, хэрхэн хэрэглэгдэж байгааг хянах ямар ч боломжгүй юм байна” гэсэн бодол төрж байв. Шалтгаан нь шунал.

Өнгөрсөн жил тонн цементийн үнэ 600 000 төгрөгт хүрэхэд Засгийн газар импортын 20 хувийн татварыг тэглэсэн. Тэр үед орж ирсэн /лабораторийн шалгалтаар OPC 42.5 маркийн чанарын шаардлага хангахгүй болох нь батлагдаж, маш муу үнэлгээ авсан/ хятад цемент 570,000 буюу үндэсний үйлдвэрийн цементээс 30,000 төгрөгөөр хямд зарагдаж байсан.

Одоо ч “Эрээнд нэг тонн нь 147,000 төгрөг байна” гэж ухуулж байсан хятад цементийн үнэ 380,000 төгрөг буюу үндэсний үйлдвэрийн цементээс 30 орчим мянган төгрөгөөр л хямд байна. Түүнчлэн, хятад цемент маш их хэмжээгээр нийлүүлэгдэж байгаа хэр нь барилгын хэрэгцээний ихэнхийг нийлүүлдэг бетон зуурмагийн компаниудаас хэрэглэгч олдохгүй байгаа нь хачирхалтай.  

Хэрвээ хятад цемент ашиглачихаад монгол цемент гэж зарж байгаа бетоны үйлдвэрлэгчид байгаа бол, барилгын салбарт шинэчлэл хийгдэж, гамшиг тохиосон үед барилгын компани болон ханган нийлүүлэгчдэд тооцох хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх тийшээ дэлхий нийтээрээ алхаж яваа гэдгийг сануулах нь илүүдэхгүй болов уу. 

Барилгын чанар, стандарт бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой амин чухал салбар, цемент бол түүний гол орц, стратегийн бүтээгдэхүүн. Бид элс, хайрга, арматур, цемент дөрвөөс цементийг дотооддоо үйлдвэрлэж байна. Тэгвэл ядаж дотоддоо үйлдвэрлэж байгаа, хараат бус байгаа бүтээгдэхүүн дээрээ үндсэрхэг үзлээ гаргах цаг ирсэн гэдгийг ойр, ойрхон нэрвэх гамшгууд бидэнд хангалттай ойлгуулж байна.  


Монголд өнөөдөр барилгын чанар хамгийн тулгамдсан асуудал болчихлоо. Нийслэл хот маань үерт өртөмхий, усанд автамхай /Үерийн үеэр гамшгийн хэмжээнд хүргэх хэмжээний хур тунадас унаагүй/, газар хөдлөлтөд өртөмхий болж байна. Одоогоос хоёрхон сарын өмнө Барилга, хот байгуулалтын яам, "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ хамтран зохион байгуулсан “Барилга байгууламжийн чанарын зөвлөгөөн-2023” форумаар "Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэл өндөр байгаа тул барилгын чанарт онцгой анхааръя" гэж бүгд ярьж байсан ч бодит байдал дээр гарал үүслийн хятад бичгээс өөр барьцгүй хятад цемент вагон, вагоноор орж ирэн зарагдаж, хүмүүс худалдаж авсаар байна.

Тэгэхээр, төр засаг, хилийн лаборатори, хяналтын тогтолцоонд итгэхээсээ илүүтэй өөрсдөдөө итгэж, өнөөдрийн ашиг хонжоо биш эрсдэлээ тооцож ирээдүйг харсан ухаалаг шийдвэр гаргах шаардлага бидний өмнө зайлшгүй тулгарч байна. Бетон зуурмаг эрхлэгчид ч тэр, барилга барьж буй ААН, иргэд ч тэр, алсаа бодож, өнөө маргаашийн хэдхэн төгрөгийн ашиг хонжоо бодолгүй, алсаа харсан шийдвэр гаргах цаг ирээд байна.

ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХЭМЖЭЭ НЭМЭГДЭХГҮЙ БОЛ ӨРТӨГ ХЯМДРАХ БОЛОМЖГҮЙ

Манай Улс 2012-2016 онд “Чингис бонд”-ын мөнгөөр “Мак цемент”, “Мон цемент” гэсэн хоёр шинэ үйлдвэртэй болж, төрийн нэг үйлдвэрээ шинэчилсэн. Энэ бол бидний хувьд маргаангүй, маш том амжилт мөн байсан. Гэтэл түүнээс хойш эрх баригчид өөрсдийнх нь хэлэх дуртай үгээр бол цементийн үйлдвэрийг унагах ажлыг “Шат дараалалтайгаар” авч хэрэгжүүллээ.

Хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй байна гэж сурталддаг атлаа цементийн үйлдвэрт хойд эцэг шиг ялгавартай хандаж, баригдахаас нь эхлээд татварын дарамтад оруулсан. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11.2-т ”Импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэр байгуулсан бол тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлж болно” гэж заасан ч “Хөтөл”-ийг чөлөөлөөд, нөгөө хоёрыг чөлөөлөөгүй. Гаалийн байгууллага “Монцемент”-ийг шүүхдэж, “Хуульд чөлөөлж болно” гэсэн болохоос яг чөлөөлнө гээгүй” гээд авах ёстой татвараа тав нугалсан их мөнгө нэхсэн байдаг.

Дараа нь Хөгжлийн банкнаас зээл олгохдоо төгрөгөөр олгоогүй. Валютаар олгочихоод валютын ханшаа тогтвортой байлгаж чадаагүйгээс зээлдэгчидээ  асар их алдагдалд оруулсан. Улмаар “Хөтөлийн цемент шохой” үйлдвэрийг бужигнуулж, үйл ажиллагааг нь доголдуулчихаад зах зээлд гарсан орон зайг хятад цементээр нөхөж, гаднын бодлогыг хэрэгжүүлж байна.

Хууль заримдаа шударга ёсыг хангаж чадахгүй байдаг явдал бий. Ойлгомжгүй хууль өөрөө зөрчил үүсгэдэг. Ойлгомжгүй хуулиас болж маргаан үүсдэг, валютаар зээл авсан аж ахуйн нэгжүүд маргаан шийдвэрлэх явцад ханшийн зөрүүндээ алдагдал хүлээж, төсөл зогсох ч эрсдэлд ордог. Ингэж хохирсон ААН олон бий. Эдгээрийн нэг л жишээ нь цементийн үйлдвэрлэгчид болсон.  

Цементийн үйлдвэрийн нэг онцлог нь үйлдвэрлэх бүтээгдэхүүний хэмжээ их байх тусмаа өртөг нь хямдардаг онцлогтой. Өөрөөр хэлбэл, тогтвортой, их хэмжээгээр гаргаж байж үнэ хямдрах нөхцөл бүрдэнэ. Тэгэхээр, төрийн гаргасан шийдвэр БНХАУ-ын үйлдвэрүүдийг дэмжиж, бүтээгдэхүүнийх нь өртгийг бууруулахад тусалсан шийдвэр гэж харагдана.

Үйлдвэрлэл нэмэгдэж, нэгж бүтээгдэхүүний өртөг хямдарсны үр шимийг хятадууд хамгийн ихээр хүртэнэ. Монгол руу чанаргүй, хугацаа хэтэрсэн цементээ импортолж, өөрсдөө сайн чанарынхыг нь сорчилж хэрэглэх бололцоо бүрдэнэ.

Харин Монголд арай гэж босгосон үйлдвэрүүд нь гарцаа нэмэгдүүлж өртгөө буулгах боломжгүй болж, цаашлаад дампуурах эрсдэл бий болно. Харин тэр үед БНХАУ амандаа орсон үнэ хэлнэ гэдэг нь ойлгомжтой.

Монгол бол импортоос хамааралтай улс. Тэр ч утгаараа үндэсний үйлдвэрлэгч, тэр тусмаа импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ хэмээн тунхагладаг. Төрөөс аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх бодлогын баримт бичгээс эхлээд олон хуульд энэ дэмжлэгийн талаар зүйл заалтууд оруулсан байдаг ч бодит байдал дээр яаж хэрэгжиж байгааг дээр дурдлаа. Адаглаад бид импортоор орж ирж байгаа стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүнд чанарын шалгалт хийж чадахгүй байгаа нь харамсалтай.

Уг нь импортоос хамааралтай гэдэг утгаараа үйлдвэрлэгчдээ бүх талаар дэмжих ёстой юм. Гэтэл дотоодын үйлдвэрлэлээ дэмжихгүй, гол орлого болох уул уурхайгаас орж ирсэн валютыг нь импортын компаниуд хамж  аван гадагш урсгасаар байна. Үүнээс үүдэж эдийн засгийн хараат байдал бий болж Монголын бусад бэрхшээлүүд үргэлжилсээр...



Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.94
    2023/08/29

    Дотоодын цемент үнээ буулгах хэрэгтэй гэтэл ядаж байхад банкнууд нь эх оронч баймаар шуналаа үндэсний үйлдвэр дээр гаргадгаа больчмоор. Импортлогч аан компаниуд бол бас дэндүү шуналтай юун яасан хугацаа чанар мэдэхчгүй хамгийн хямд чанаргүйг бүр ухаж байгаад олж ирж арав хорь байтугай нугална.

    Хариулах
  • 202.126.88.129
    21 цагийн өмнө

    Montsementee avay.

    Хариулах
  • 103.26.193.162
    2023/08/17

    Лаларын шуналтай монгол цементийн үйлдвэрийн хийж байгаа зүйл

    Хариулах
  • 192.82.80.35
    2023/08/16

    Цементийн үйлдвэр захиалгат нийтлэл байна. Зөвхөн Монголын үйлдвэрийнхийг авна гэхээр манайхан шуналтай заавал нэгнээ шулах сонирхолтой, алсаа харсан бодлого байхгүй.

    Хариулах
  • 66.181.179.117
    2023/08/16

    Хөтөлийг самрах хэрэггүй л байсан юм. Ганц давлагааг тэсээд гарчих чадалгүй байж дандаа бужигнуулна. хэдэн жилийн дараа хүссэн үнээрээ шахна, хилээ хаахад манайх замаа ч тавьж чадахгүй болно

    Хариулах
  • 101.176.216.171
    2023/08/16

    Тэр шуналын тип болсон Гарамжав чавганцыг буудах юмсан

    Хариулах
  • 101.176.216.171
    2023/08/16

    Хил гаалийн шалгалтаа сайжруул тэгээд стандартанд тэнцээгүй цементыг оруулах шаардлага байхгүй Чиний буруу миний зөв гэж маргах шаардлагагүй хил гаалийн лабортаараа хурдан босго тэр цагт баталгаагүй цемент орж ирэхгүй болов уу. Нэг газар хөдөлбөл Турк шиг юм болох вий дээ Яаравчлах хэрэгтэй

    Хариулах
  • 66.181.160.122
    2023/08/16

    Гарамжав Нямтайшир нарт бас давхар шулуулж худлаа эх оронч үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн гэж хийрхэлд автаж энэ хулгайчуулийн зээлийг төлж Богд болгосны татвар авилгалалын төлбөрийг Түвдүүдэд бас төлмөөргүй бна

    Хариулах
  • 66.181.160.122
    2023/08/16

    Үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гээд дэлхийн жишгээс давсан нугалсан үнээр цемент авах бас хэцүү.Зах зээлийн чөлөөт зарчим хил гааль бүтээгдэхүүний чанартай хяналттай сөйжруулааад болох асуудал.

    Хариулах