Ж.Батбилэг: Манай барьцалдуулагч ямар ч хоргүй эко бүтээгдэхүүн

“Тавантолгой” түлш компаниас сайжруулсанэ түлштэй холбоотой асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд “Тавантолгой” түлш компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар болон ерөнхий инженер, зөвлөхүүд мэдээлэл өгөв.

“Тавантолгой түлш” компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар “Үүсээд буй нөхцөл байдал өмнөх жилүүдэд байсан асуудал. Олон хүн нийслэлд түүхий нүүрс оруулж ирэхээр амь насаа алддаг. Нүүрсний утаанд хорддог. Энэ байдлыг арилгахаар бид ажиллаж байгаа. Манай үйлдвэр стандартын түвшинд үйл ажиллагаа явуулдаг. Гэсэн ч эрсдэлтэй тулгарч байгаа. Сайжруулсан түлшийг бид зохиогоогүй өмнө нь дэлхий дахинд нээгдээд олон зуун жил болчихсон” гэлээ.

“Тавантолгой компани”-ийн ерөнхий инженер Ж.Батбилэг: “Би инженерийн мэргэжлээрээ 30 гаруй жил ажилласан. Манай компанийн технологи 20 жилийн хөдөлмөрийн үр дүнд бий болсон зүйл. Эрчим хүчний яамны Шинжлэх ухааны техникийн зөвлөлийн хурлаар орц найрлагаа баталгаажуулж авсан. Үйлдвэрлэлийн дараа хэрэглээний туршилтыг жил гаруйн хугацаанд хийсэн. Олон улсын лабораторын шинжилгээ хийлгэсэн. Нүүрсэндээ нийт 5-6 шинжилгээ хийлгэсэн. Манай барьцалдуулагч ямар ч хоргүй эко бүтээгдэхүүн. Үүнд ямар нэгэн химийн бодис байхгүй. Шахмал түлшний үйлдвэрлэл явуулсны дараа туршилтыг Сонгинохайрхан дүүрэгт  жил гаруйн хугацаанд явуулсан. Уг туршилтаар түлшний чанар баталгаатай болох нь нотлогдсон. Мөн түлшний барьцалдуулагчийг энгийн эрдэнэ шиш, цардуул, бентонит шавраас гаргаж авсан. Бид долоо хоног болгон мэргэжлийн байгууллагад шинжилгээ өгч, үйлдвэрлэлийн горимоо шалгуулдаг" гэсэн юм.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.