X сард Монгол улсын бизнесийн итгэл сүүлийн 9 сарын доод түвшин рүү уналаа

Аравдугаар сард Монгол Улсын эдийн засгийн идэвх суларч, борлуулалтын менежерийн индекс сүүлийн найман сарын доод түвшин болох 50.7 нэгж рүү буурлаа.

Мөн бизнесийн итгэл нэгдүгээр сараас хойших доод түвшин рүү унасан байна. Индекс 50-иас дээш гарсан бол өсөлтийг илэрхийлдэг. Харин буурсан тохиолдолд уналтыг илэрхийлдэг.

“World Economics”-ийн тайлангаас харахад оны эхний улирлаас хойш бизнесийн орчин бүхэлдээ дордсон байна. Судалгаанд оролцогчдын олонх нь борлуулалт буурна гэж хариулжээ. Мөн ашгийн маржин буурах тооцоотой байгааг илэрхийлсэн байна. Зах зээл бага зэрэг өсөх төсөөлөлтэй байгаа ч өсөлтийн хурд нь сүүлийн найман сарын доод түвшин рүү буурахаар тооцоолжээ.

Судалгаанд оролцогч компаниудын борлуулалтын хэмжээг нэгтгэн тооцдог бүтээгдэхүүний борлуулалтын индекс сүүлийн долоон сарын доод утгаа авсан нь зах зээлийн эрэлт буурч, борлуулалт энэ хэмжээгээр саарсныг илтгэж байна. Хэдийгээр ажиллах хүч нэмэгдсэн ч өсөлт маш удаан байгааг Лондонд төвтэй “World Economics”-ийн тайланд тусгажээ.

 

Б.Дашням 

Эх сурвалж: bloombergtv.mn

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.