А.Шинэтуяа: Тарьсан ногоогоо борлуулахаас илүүтэй, ургац хураалтад ажиллах хүн олох хэцүү


Нийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоогоор хангах, хангамж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, дархлааг дэмжих зорилгоор Нийслэлийн Засаг дарга “Алтан намар” төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдааг 16 дахь удаагаа зохион байгуулж байна. Энэхүү үзэсгэлэнгийн хүрээнд хүнсний ногоо эрхлэгчдэд тулгарч буй бэрхшээл, асуудлыг сурвалжиллаа.

Үзэсгэлэн нийслэлийн 15 байршилд зохион байгуулагдаж байгаа бөгөөд бид Дүнжингарав худалдааны төвийн гадна талбайд болж буй үзэсгэлэн дээр очсон юм. Биднийг очиход хүнсний ногоо эрхлэгчид аль хэдийн лангуугаа зассан боловч хүн багатай байлаа. Учир нь тэд жил бүр "Sky" их дэлгүүрийн урд талбайд үзэсгэлэнгээ хийдэг байсан боловч энэ жил тус газар барилгын ажил явагдаж байгаагийн улмаас ийнхүү байршлаа сольжээ. Ногоочдоос жил бүр тогтмол худалдан авалт хийдэг хэрэглэгчид утсаар тодруулж хүрэлцэн ирж байлаа. 

Зохион байгуулалтын хувьд, хүнсний ногоо эрхлэгчид хоршоолол үүсгэж сум сумаар зарах ногоогоо төрөлжүүлэн оролцож байна. Мөн ногоогоо сав баглаа боодолжуулж, илчлэг, ашиг тус, амин дэм, гарал үүслийг харуулсан шошго хадсан байв. Энэ жил хавар хүйтэн, бороо, цас ихтэй байсан тул ургац хураалт оройтож өмнөх жилийнхээс хагас сараар хоцорч үзэсгэлэнгээ нээжээ. 

Хүнсний ногоо эрхлэгчид Мэргэжлийн Хяналтын Газрын шаардлагын дагуу ногоогоо хаягжуулсан байдал

Ковид-19 цар тахал хүнсний ногоо эрхлэгчдэд хэрхэн нөлөөлсөн бэ?

 Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын хүнсний ногоо эрхлэгч Д.Оюунсүрэн:

-Бид хоёрдугаар сараас үрээ авч, үрсэлгээгээ бэлдэж эхэлдэг. Энэ жил хөл хорио тогтоож зам хаасан тул оройтож үрээ суулгасан. Мөн бензиний үнэ нэмэгдсэн нь хэцүү байдалд хүргэсэн.

Хүнсний ногоо эрхлэгч Д.Оюунсүрэнгийн зарж буй даршилсан ногоонууд

Сэлэнгэ аймгийн Мандал сумын хүнсний ногоо эрхлэгч А.Шинэтуяа:

- Цар тахал борлуулалтад их нөлөөлсөн. Бид өнгөрсөн жилийн өдийд үзэсгэлэнгээ гаргаад хагас сар болсон байсан. Энэ жилийн хувьд харьцангуй оройтож гарлаа. Мөн 50,000 төгрөгт дүүрдэг байсан шатахуун 70,000 төгрөг болжээ. Энэ нь ногооны үнэ нэмэгдэхэд ихээхэн нөлөөлж байна.

Хүнсний ногоо эрхлэгчид хоёрдугаар сараас долдугаар сарын сүүл хүртэл тасралтгүй хөдөлмөрлөдөг. Тэгвэл урт хугацааны хөдөлмөр шингээсэн ногоогоо борлуулахад ямар бэрхшээл үүсдэг вэ?

Д.Оюунсүрэн: -Миний хувьд тасралтгүй 30 жил ногоо тарьж байна. Эхэндээ зөвхөн хашаандаа л өрхийн хэрэгцээндээ тохируулан ногоо тарьдаг байсан бол одоо хоршоололд элсэж 10-20 хүнтэй хамтарч ногоо тарьдаг. Ургацаа хураасныхаа дараа 400-500 км туулж хотод ирээд 8-11-р сар хүртэл бүтэн гурван сарын хугацаанд борлуулалтаа хийдэг. Энэ хугацаанд машиндаа эсвэл түрээсэлж буй газартаа хоноглодог. Ариун цэврийн өрөө орох, хоол идэхэд маш хүндрэлтэй. Заримдаа хоолгүй хонох ч тохиолдол бий. Энэ жилийн хувьд өмнө үзэсгэлэн хийдэг байсан газраа үзэсгэлэнгээ хийх гэтэл болиулж 2-3 удаа лангуугаа засаж, буулгалаа. Уг нь байнгын ногоо зарах тохилог байртай болвол өвлийн хүлэмжтэй хүмүүс жилийн дөрвөн улиралд ногоогоо зарах бүрэн боломжтой.

Д.Оюунсүрэнгээс жил бүр үйлчлүүлдэг байнгын үйлчлүүлэгч нь худалдан авалт хийж байна.

А.Шинэтуяа: -Манай хоршоо олон улсын ADRA байгууллагад элссэн учраас бидний ногоондоо шавж устгагч, химийн бодис цацсан эсэхэд хяналт, шалгалт хийнэ. Мөн ногооныхоо сорт, чанарт мөнгийг харамгүй зарцуулдаг. Монголчууд маань намар дотоодын ногоочдоо дэмжинэ гээд худалдан авалт маш сайн хийдэг. Бэрхшээл борлуулалтад биш ногоо хураалтад байдаг. Нөхөр бид хоёр хүүхдүүд маань бага учир ургацаа хураахад хүний нөөцийн дутагдал их үүсдэг. Өдрийн 30,000 төгрөгийн цалинтай, нэг хоолтой нөхцөлөөр хөлсөөр ажиллах хүн олох маш хэцүү. Нэг өдөр олдоно, заримдаа олдохгүй. Тууштай ажиллах ажилчин маш хэрэгтэй байдаг.

Хүнсний ногоо эрхэлж олсон орлого амьдралд хангалттай хүрэлцэж байна уу?

Д.Оюунсүрэн: -Хүнсний ногоо тариалах нь манай амьдралд маш их дэмтэй. Гэвч гэр бүлийн залуу гишүүдэд ажил олдохгүй байгаа нь хөгшчүүл бидэнд  ачаа болдог. 

А.Шинэтуяа: -Нөхөр бид хоёр хүн өөрөө  хөдөлмөрлөж чадвал хангалттай сайхан амьдарч чаддаг гэж боддог. Тийм ч учраас бие маань  хөдөлж чадаж байвал хүнсний ногоо тариад сайхан амьдарч чадна. Төр засгаас халамж хүлээгээд амьдрахын оронд өөрсдөө хөдөлмөрлөөд амьдрах л сайхан шүү дээ. Нэг асуудал нь нийгмийн даатгал төлөхгүй байгаа нь л ирээдүйд сөрөг үр дагавартай.

Төр засгаас тэдэд бодитой дэмжлэг үзүүлж чадаж байна уу?

Д.Оюунсүрэн: -Ногоо тарих гэдэг мал маллахтай адил их хөдөлмөр шаарддаг ажил. Гэвч манай төр засаг малчдад үзүүлдэг дэмжлэгээс ногоочдод үзүүлдэг дэмжлэг харьцангуй бага. Миний хувьд банкнаас өндөр хүүтэй тэтгэврийн зээл авна. Гэвч зээл авсан мөнгө нь хийж буй ажилд маань хангалттай хүрэлцэхгүй. Мөн ажилгүйдэл их байгаа тул залуучууд их сургууль төгссөн ч хөгшид биднээр тэжээлгэж байна. Мөн өвлийн саруудад бид ажил эрхлэхгүй гэртээ суудаг. Хувиараа бизнес эрхэлдэг учир төдийлөн нийгмийн даатгал төлж чадахгүй гэх мэт асуудал их байна. 

Хүнсний ногоо бүрийнхээ сорт, амт, чанарыг үйлчлүүлэгчдээ хичээнгүйлэн тайлбарлаж буй хүнсний ногоо эрхлэгч А.Шинэтуяа

А.Шинэтуяа: Би энэ жил 12 дахь жилдээ ногоо тарьж байна. Энэ хугацаанд биднийг төр засгаас илүүтэй банкууд л харж үзэж байна гэж хэлж болно. Өнгөрсөн хавар олгогдсон 3%-ийн хүүтэй зээлэнд хамрагдах гэтэл ургацын талбайн хэмжээнээс хамаарч зээлийн хэмжээг тогтоосон. Гэтэл өрхөөр аж ахуй эрхэлдэг 3-4га талбайтай бидэнд авч болох зээлийн дүн бага тул бодитой үр дүнтэй ажил хийхэд хэцүү. Хамгийн бодитой дэмжлэг бол бага хүүтэй, урьдчилгаа багатай тоног төхөөрөмж худалдаж авах боломж олгох, хүлэмж түрээсийн үйлчилгээ нэвтрүүлэх байдаг. Манай гэрийн хувьд нөхөр маань гаднаас үнэтэй хүлэмж худалдаж авахын оронд өөрөө хийх нь илүү хямд зардалтай. Харин хүлэмж түрээсийн үйлчилгээ бол залуу гэр бүлд аж ахуйгаа тэлэхэд маш тустай ажил юм.

 Л.Дэлгэрмаа





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна