ЭЕШ-д 800 оноо авсан Ө.Намуунаа: Шалгалтаа амжилттай өгсөн миний НУУЦ бол....

Өчигдөр 10 цаг 09 минут

Цар тахлын үед ЭЕШ-аа өгч, хөл хорионд цахимаар давтлага авч, хувиараа бэлдэж, Монгол хэлний хичээлд 800 оноо авсан Ө.Намуунаагийн арга туршлагын талаар ярилцлаа. 

Төв аймгийн "Хүмүүн" цогцолбор сургуулийг төгссөн тэрбээр "Эцэг эх, багш нарын зүгээс хүүхдэд урмын үгийг их хэлэх хэрэгтэй. Ингэснээр хүүхдүүд ч итгэлийг нь алдахгүй гээд хичээдэг" талаар өгүүлсэн юм.

Сайн байна уу? Та элсэлтийн ерөнхий шалгалтдаа ямар арга барилаар, хэрхэн бэлдэж байсан бэ? Сэтгэл зүйгээ тогтвортой байлгаж чадсан уу?

  •  Хоёр жилийн хугацаанд ихэвчлэн цахимаар хичээл үзсэн. Миний хувьд монгол хэлний хичээл дээр 800 оноо авсан. Манай монгол хэлний багш шалгалтын өмнөх өдөр хүртэл цахимаар давтлага өгч байсан. Мөн хувиараа интернетээс мэдээлэл хайж ганцаарчилж бэлдсэн. Шалгалтын байранд ирэхэд гар их чичирч, сандарсан. Тухайн үед шалгалтаа сайн өгч, давж гарах хэрэгтэй гэж өөртөө хэлж, сандарлаа даван туулсан гэж бодож байна.
Шалгалтад бэлтгэхдээ орчинг сайн бүрдүүлэх хэрэгтэй гэж бодсон. Ганцхан зурвас утсанд ирэхэд юу юм бол гэж бодоод анхаарал сарничихдаг. Миний хувьд өрөөнийхөө гэрлийг асаалгүйгээр ширээний гэрэл эсвэл туузан гэрэл асаадаг. Энэ нь хичээл хийж байх үед дэвтэр дээр л гэрэл тусаж, өөр зүйлд  анхаарал сарних нь бага байдаг. Мөн ширээний жижиг цаг,  хананы календарь өлгөвөл өдөр, хоног, цаг хугацаа илүү цэгтцтэй болж эхэлдэг. Жишээлбэл, бид тухайн өдөр төлөвлөсөн ажлаа мартчихдаг, цагийг нь тулгаж санадаг гэх мэт асуудлуууд гардаг шүү дээ. Ийм байдалд хүрэхгүй байхын тулд цаг, календарыг өөрт ойрхон байлгаарай. 
  • Мөн цахимаар багшаас авсан мэдээллийг хувиараа бэлтгэдэг байсан. Заримдаа хэчнээн уншаад огт ойлгохгүй, цээжлэхгүй үе бий. Энэ нь анхаарал огт өөр зүйл дээр байгаагаас болдог байх. Өөрөөр хэлбэл, нүд ном дээр ч оюун тархи огт өөр газарт хэсүүчлээд яваад байдаг.

Аль сургуульд, ямар мэргэжлээр суралцахаар төлөвлөж байна вэ?

  • МУБИС-ийн Монгол хэлний багшийн ангид суралцахаар төлөвлөж байна. Би бага ангидаа Төв аймгаас анхны удаа хот ороод МУБИС-аас ном худалдаж авч байсан юм. Тэр үед оюутан ах эгч нар нэг зорилготой ийш, тийш завгүй гүйлдэж байгааг хараад их догдолсон. Тухайн үед авсан мэдрэмжээр МУБИС гэх сургууль хамгийн гоё гэж одоо ч бодогддог. 
Цар тахлын хоёр жилийн хугацаанд цахим хичээл орж байхад зарим багшийн сэтгэл нь утасны цаанаас хүртэл мэдрэгддэг байсан. Би хүүхдийн төлөө л гэсэн багш болно доо гэж боддог.

Багш, гэр бүлийнхэн нь зөвлөгөө өгсөн үү? Бидэнтэй хуваалцаач?

  • Гэр бүл, багш нар няхуур хандаарай гэж зөвлөсөн. Шалгалтаа эхний 40 минутад хийчхээд ахиад шалгахад гурван алдаа гарч ирсэн. Зарим хүүхдүүд шалгалтаа өгчихөөд унтаад байдаг. Үүний оронд материалаа дахин нягталж үзэх хэрэгтэй. Шалгалтаа хийчхээд дахин шалгахаар эргэлздэг гэж хүмүүс яриад байдаг. Гэхдээ миний хувьд бол алдаагаа олж харж зассан.

Монгол хэлний хичээлээ ямар багш дээр бэлтгэж байсан бэ? Багшийнх нь заах арга барилын онцлог юу вэ ?

  • Манай багшийг Б.Отгонсүрэн гэдэг. Өмнө нь дунд сургуульд багшилж байсан учир энэ жилийн шавь нар нь анхны ЭЕШ өгч байгаа сурагчид. Багш танхимаар хичээллэдэг байхад монгол хэлний дагавар, нөхцөлүүдийг байнга амандаа хэлдэг байсан. Биднийг цээжил гэж шахдаггүй байсан ч тэдгээр нөхцөлүүд нь толгойд орчихсон байсан. Шалгалт өгөхөд тэр хэлж байсан нь чихэнд сонсогдоод л... Санамсаргүй ойгоор мэдээлэл цээжлэгдсэн байсан л гэж бодсон доо.

Шалгалтад 800 оноо авахад өөрийн хичээл зүтгэл, гэр бүл, багш, найз нөхөд гээд олон хүчин зүйлс нөлөөлдөг шүү дээ. Таны хувьд юу хамгийн их түлхэц болов?

  • Гэр бүл хамгийн их нөлөөлсөн. Манай ээж намайг сайн авна, чадна гээд байнга урмаар тэтгэдэг. Би ч итгэлийг нь алдахгүй гээд их хичээсэн. Эхний шалгалтад тааруухан авсны дараа манай үеийн хүүхдүүдийн эцэг эх нар “Чи ганц хоёр оноо авсан бол илүү сайн авах байж дээ” гээд хүссэн үр дүнд хүрээгүй шүү гэдгийг нь сануулаад байдаг шиг санагдсан. Мөн гэр бүлийнхэн тухайн хүүхдийн сурах орчныг бүрдүүлж өгөх хэрэгтэйгээс гадна урмын үгээр тэтгэж өгөх хэрэгтэй гэж боддог. Ийм нөхцөлд хүүхдүүд нь итгэлийг нь алдахгүй гээд хичээдэг.

Монгол хэл, уран зохиол, монгол бичгийн хичээлийг ерөнхий боловсролын сургуульд салгаж заадаг шүү дээ. Гэтэл ЭЕШ-д гурван хичээлийг агуулгыг нэгтгэн авдаг. Унших, зохиох, дүрс ялган бичих чадвараа хэрхэн хөгжүүлсэн бэ?  

  • Бага ангид уран зохиолын хичээл дээр түргэн хэллэг хэлж байсан юм л даа. Тухайн үед багш намайг сайн байна гэж хэлж урамшуулсан. Би энэ явдлаас хойш уран зохиолын хичээлдээ их дуртай болсон. Багшийн урмын ганцхан үгэнд урамшиж янз бүрийн зохиол бичих сонирхолтой болж ирсэн. Бас наймдугаар ангид байхад манай ангийн хүүхдүүд их сахилгагүйтдэг байлаа. Тухайн үед уран зохиолын хичээл орж байсан юм. Хичээл дээр зохиол бичих даалгавар өгсний дагуу хамгийн түрүүнд гараа өргөж уншихад бүгд чимээгүй, анхааралтай сонссон нь надад маш таатай мэдрэмжийг өгч байсан. Тэр үеэс хойш өөрийгөө зохиох авьяастай юм байна гэж урам авсан.
  • Харин монгол бичгийн хувьд хэцүү санагддаг. Дүрс ялган бичдэг учир үг нэг бүрийг анхааралтай цээжлэх хэрэгтэй болдог. Саяны ЭЕШ-д ч гэсэн “Энэрэл” гэдэг үгийг шилбэтэй, шилбэгүй хэрхэн бичих талаар их эргэлзсэн.

Сошиал сүлжээнд IC гэх хуудсаар дамжуулан контент бичлэг хийдэг гэсэн. Зохиолуудаа өөрөө бичдэг үү ? 

  • IC нэгдлийг анх тэмцээнд орох гээд байгуулж байсан юм. Зохиолын хувьд албан байгууллагатай хамтарч ажиллан тэндээс санаануудаа олж, бичдэг. Хүмүүс бодож байгаа зүйлээ заримдаа илэрхийлж чаддаггүй. Миний хувьд юу гэж бодож байгаагаа мэдэхгүй үедээ бичвэл өөрийгөө таньж авдаг юм шиг санагддаг. Бас хамаг бодлоо цэгцэлчихдэг. Төсөөлөн бодохоос гадна сэтгэл хөдлөл ихтэй учраас зохиолын бичвэрт нөлөөлдөг гэж боддог. Ер нь өөрийн бодож буй зүйлээ бичгээр илэрхийлэх дуртай учраас IC  нэгдлийн зохиолуудыг бичих сонирхолтой байдаг. 


Энэ жилийн шалгалтын хувьд материал задарсан, утастай орсон, баригдсан гээд олон асуудал яригдлаа. Энэ бүхнийг сонсоод юу гэж бодогдсон бэ?

  • Монгол хэлний шалгалтыг хамгийн сүүлд авсан. Хими, нийгэм судлал гэх мэт хичээлүүдийн шалгалтын материал задарсан гэж хаа сайгүй яригдсан. Гэхдээ би монгол хэлний шалгалт задарсан байлаа ч чадах бүх зүйлээ хийнэ гэж бодож орсон.

 Дараагийн ЭЕШ өгөх шалгуулагчдад хандаж юу гэж хэлмээр байна вэ?

  • Эхлээд мэргэжил, сургууль гээд зорилгоо тодорхой болгох хэрэгтэй. Үүний дараа ЭЕШ өгөх хичээлээ сонгоорой. Миний хувьд математик хэрэг болно гээд математикийн сургалтад маш их мөнгө, цаг хугацаа зарцуулсан. Бид нарын үеийн хүүхдүүдийн дунд математик хичээлээр л шалгалт өгөх хэрэгтэй гэсэн тогтсон хандлага байгаад байдаг. Ер нь математик бүх зүйлд хэрэг болно, их дээд сургуульд ороход математик хичээлийн шалгалтыг өгсөн байх шаардлагатай гэсэн ойлголтоос болж хүүхдүүд ашиггүй цагийг их өнгөрөөдөг юм шиг санагддаг. 
  • Мөн ямар нэгэн зүйл бодож байгаа бол хийж эхлээрэй. Эхлэл л чухал. Би өмнө нь бүгдийг сурсан хойноо л хийнэ гэж боддог байсан. Гэтэл эхэлсэн л бол бусад зүйлс нь явц дундаа заагдаж эхэлдэг юм билээ. 

Бидэнтэй ярилцсанд баярлалаа. 



Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.144
    14 цагийн өмнө

    Ёстой мундаг юмыг сурж мэдэхийн төлөө их хичээдэг хүүхэд шүү ах нь хүртэл мундаг дүүдээ болон найздаа амжилт хүсье

    Хариулах
  • 39.7.231.26
    20 цагийн өмнө

    Woow мундаг юм бэ

    Хариулах
  • 202.126.88.44
    Өчигдөр

    Хичээнгүй ,зүтгэлтэй, дайчин охиндоо амжилт бүхний дээдийг хүсье. Багшийнхаа мэргэжлийг өвлөн суралцаж сайн багш болох нь дамжиггүй. Зам нь дардан ,үйлс нь бүтэмжтэй байг ээ

    Хариулах
  • 66.181.161.17
    Өчигдөр

    Мундаг шдэээ дүүдээ томоос том амжилт сайхан ирээдүйг хүсэж байна

    Хариулах
  • 202.179.21.215
    Өчигдөр

    Би Намуунаадаа угаасаа л итгэж байсан. Яруу сайхан уншдаг мэдрэмжтэй дотортой хүүхэд. Миний төгссөн сургуульд мэргэжлээр маань сурах болсонд маш их баяртай байна. Ирээдүйн сайн багш нэгээр нэмэгдэх нь ээ. Амжилт хүсье шавьдаа

    Хариулах
  • 103.229.121.188
    Өчигдөр

    Багаасаа л аливаад сэтгэлээсээ ханддаг, хариуцлагатай, хичээнгүй охин байсан. Охиндоо баяр хүргэж, амжилт хүсье. Мэргэжил нэгт шавьтай болох нь ээ.❤❤❤

    Хариулах
  • 64.119.24.106
    Өчигдөр

    Өөрийн зорилготой мундаг охинд баяр хүргэе.Манайд12 ирэх жил төгсөх хүүхэд байнаа. Хичээл номоо шагайх ч үгүй юм гэрийн ажил ч мэдэхгүй яаж ч гуйгаад болохгүй юм . Яана даа.

    Хариулах
  • 202.179.21.240
    Өчигдөр

    mundag egch shvvv❤❤

    Хариулах