Есөн настай дагавар хүүхдээ хөнөөхийг завдсан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Х.Есү
1 цаг 1 минутын өмнө

Прокурорын байгууллага 2026 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 9 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 44,567 эрүүгийн хэрэгт хяналт тавьжээ.

Дээрх хугацаанд прокурорын хяналтад 1,543 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 746 хэрэг шинээр нээгдэж, 307 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 126, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 71, Өмчлөх эрхийн эсрэг 61, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 12, Хүний амьд явах эрхийн эсрэг 8, Эдийн засгийн 7, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг болон Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг тус бүр 6, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг 5, Авлигын эсрэг 3, Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг 2 яллах дүгнэлт үйлдсэн байна. 

Дээрх хугацаанд Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргээс тоймлон хүргэвэл:

Авлигын хэргийн талаар:

- Б.Б, Б.У нар нь нийтийн албан тушаалтан буюу ... дүүргийн Газар зохион байгуулалтын албаны газар зохион байгуулагчаар ажиллаж байхдаа  иргэн Э.М-тэй бүлэглэн ойн сан бүхий газарт нэр бүхий 11 иргэнд тус бүр 500 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх тухай дүүргийн засаг даргын А/799 дугаар захирамж гаргуулж, хууль бусаар газар эзэмших нөхцөлийг бүрдүүлж, давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах длүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- Г.Н, Д.А нар нь Баянзүрх дүүргийн 42 дугаар хороонд байрлах орон сууцны гэрчилгээг түргэн шуурхай гаргуулах зорилгоор дүүргийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч Д.А-д 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэхь хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд

Бусад хэргийн талаар

- Н.Б нь 9 настай дагавар хүүхдээ биеэ хамгаалах чадваргүй болохыг мэдсээр байж аюултай нөхцөл байдалд оруулж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулан бага насны хүүхдийг алахыг завдсан хэрэгт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг (хүнийг алах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

- Б.Б, А.О, Б.Ц, М.,М.О нар нь бүлэглэн 2024 оны 1 дүгээр сараас 2025 оны 2 дугаар сар хүртэлх хугацаанд метамфетамины агууламжтай, "мөс“ гэх хэрэглээний нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор олж авч хадгалсан, бусдад олон удаагийн үйлдлээр удаа дараа худалдан борлуулж их хэмжээний ашиг олж, мөнгө угаасан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад худалдсан), Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (мөнгө угаах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

- Ц.Б нь 2025 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр метамфетамины агууламжтай, "мөс“ гэх хэрэглээний нэршилтэй, 15.8 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр улсын хилээр нэвтрүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалт (хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд,

- Б.Г нь 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх хэрэглээний нэршилтэй ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар гэртээ нийт 286.3 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөтөөт бодисыг хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан)-т зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна