Баянгол дүүрэг бүх сургууль, цэцэрлэгийн хашаагаа зүлэгжүүлнэ


Баянгол дүүрэг өнөөдрийн байдлаар ерөнхий боловсролын 10 цэцэрлэг, 5 сургуулийн хашаанд “Тамир сорт”-ын олон наст үрийг тарьж зүлэгжүүлээд байна. Хүүхдүүдийн сурч боловсрох орчныг сайжруулах, иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгын хүрээнд сургууль, цэцэрлэгийн орчныг зүлэгжүүлэх энэ ажлыг хийхэд “Баянгол-Агропарк” ОНӨТҮГ-ынхан  сургууль, цэцэрлэгийн багш, ажилчидтай хамтран гүйцэтгэсэн бөгөөд ингэхдээ мод тарьж зүлэгжүүлэх сургууль, цэцэрлэгийн газрын байршил, гадна орчны талбайн зориулалт, хөрсний чанар, талбайн хэмжээний судалгааг нарийвчлан хийсэн юм. Улмаар Эрдмийн ундраа цогцолбор сургууль(ЭУЦС), Оюуны Ундраа цогцолбор сургууль(ОУЦС), 13, 47, 70 дугаар сургууль болон 11, 15, 47, 57, 88, 94, 96, 114, 198, 278 дүгээр цэцэрлэгийн хашааг зүлэгжүүлээд байна. Энэ талаар Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатараас тодрууллаа.

-Өнөөдрийн байдлаар хэчнээн сургууль цэцэрлэгийн хашааг зүлэгжүүлээд байна вэ. Яагаад сургууль, цэцэрлэгийн орчныг зүлэгжүүлэхээр сонгох болов?

-Баянгол дүүрэгт ерөнхий боловсролын 19 сургууль, 37 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг.  Дүүргийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн "Сургууль цэцэрлэгийн хашаанд мод тарьж, зүлэгжүүлэх орчны газрыг тохижуулах тухай захирамж гаргасан. Энэхүү захирамжийн хүрээнд 10 цэцэрлэг, 5 сургуулийн хашаанд тус бүр 200мкв талбайг зүлэгжүүлэхээр төлөвлөж ажилласнаар өнөөдрийн байдлаар  ЭУЦС, ОУЦС, 13, 47, 70 дугаар сургууль, 11, 15, 47, 57, 88, 94, 96, 114, 198, 278 дугаар цэцэрлэгийн хашаанд зүлэгжүүлэлт хийлээ. Сургууль цэцэрлэгийн хашааг сонгосон нь учиртай. Тодруулбал, нийтийн эзэмшлийн талбайд зүлэг тарихаар эзэнгүй орхигдох, цаашлаад арчилж тордоогүй зэргээс болж ургахгүй жишээ олон байдаг. Иймээс сургууль, цэцэрлэгийн хашааг эзэнтэй гэж сонгон энэ ажлыг эхлүүлсэн. Энэ нь ч үр дүнгээ өгч өмнө нь ногоон байгууламжгүй байсан сургууль цэцэрлэгийн орчин өнөөдөр цэцгийн мандалтай, зүлэгтэй болж байна. Удахгүй хичээлийн шинэ жил эхэлнэ. Багагүй хугацаанд хөл хорионд байсан хүүхэд багачууд цэцэрлэг, сургуулиа зориод ирэхэд нь зүлэгтэй, цэцэгтэй сайхан орчин угтах болно.  

-Өнөөдрийн байдлаар хэчнээн хэмжээний талбайг зүлэгжүүлээд байна вэ?

-Нийт 79 цэцгийн мандалд цэцэг тарьсан. Мөн 2632 ширхэг мод тарьж, 7991 мкв талбайг зүлэгжүүлж, 16642 метр хашаа, хайсыг засварлаж, 4095 мкв явган замыг засаж тохижуулсан байна. Энэ ажил ирэх жил ч үргэлжилнэ. Энэ жил бид дээрх сургууль цэцэрлэгийн хашааг эхний ээлжид сонгож туршлага болгон өөрсдийн нөөц боломжид тулгуурлаж зүлэг тарьсан нь үр дүнгээ өглөө. Энэ ажлаа ирэх жилүүдэд улам чанаржуулж дүүргийнхээ хэмжээнд бүх сургууль, цэцэрлэгийн хашааг зүлэгжүүлэх юм.

Эх сурвалж: Баянгол дүүргийн Засаг Даргын Тамгын Газар 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна