Коронавирусийн эсрэг эм, бэлдмэлийн эрэлт буурчээ


“Ковид 19”-ийн үед хэрэглэж буй вирусийн эсрэг эмийн хангамж, нөөц, чанар, аюулгүй байдалд хяналт тавих үүргийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-ын удирдлагад өгсөн. Энэ дагуу төвийн зургаан дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй эмийн сангуудад хяналт, шалгалт хийж байна. 

Ингэхдээ коронавирусийн үед хэрэглэх эмийн бүтээгдэхүүнийг худалдаалах эрхтэй нэр бүхий 13 компанийн 241 салбар эмийн санд хяналт, шалгалт явуулах юм. Тухайлбал, “Еврофарм Фармаси”, “Ази-Фарма”, “Монос Улаанбаатар”, “Монгол Эм Импекс”, “Хүрмэн” ХХК зэрэг байгууллагуудын сүлжээ эмийн санд вирусийн эсрэг эмийн гарал үүсэл, хадгалалт, чанар, аюулгүй байдал, хангамж хүрэлцээ, нөөцөд хяналт тавин, судалгаа гаргахаар ажиллаж байна.

Өнөөдрийн шалгалт Чингэлтэй дүүргийн хоёр, гурав, 19 дүгээр хороонд байрлах эмийн сангаас эхэлсэн бөгөөд тус салбаруудад эмийн хангамж, нөөц хангалттай байгаа аж. Мөн вирусийн эсрэг эм, бэлдмэлийг албан ёсоор импортлох эрхтэй “Дижитал Фармаси”, “Монос Мойл”, “Монгол Эм Импекс” зэрэг эмийн сангуудад шалгалтаар ажиллахад эмийн гарал үүсэл нь тодорхой, чанар, аюулгүй байдлын ямар нэг зөрчилгүй байв. Эм, эмийн байгууллагууд +2-оос +8  хэмтэй хөргөгчид эм, тарилгуудаа хадгалах шаардлагатай байдаг. Үүний дагуу коронавирусийн эсрэг хэрэглэх тарилга, лаа зэргийг заасан хэмд хадгалж байгаа байна.

“Ази Фарма” ХХК-ийн “Дижитал Фармаси” эмийн сангийн эрхлэгч П.Ууганцэцэг “Манай салбарын хувьд вирусийн эсрэг эм, бэлдмэлийн нөөц 85-90 хувьтай байгаа. Шаардлагатай тохиолдолд төв агуулахаасаа захиалан, нөөцөө хангах байдлаар ажиллаж байна. Энэ сарын хувьд вирусийн тархалт буурч, хүний хөдөлгөөн татарснаар коронавирусийн эсрэг эм, бэлдмэлүүдийн эрэлт буурсан. Эрэлт буурч байгаа нь мэдээж вирусийн тохиолдол цөөрч байгаагийн илрэл болов уу” хэмээн ярив.

Түүнчлэн вирусийн эсрэг хэрэглэж буй Умифеновир буюу Арбидол, Фавипиравир, Ремдесивир зэрэг эм, тарилгын дээд үнийг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас тогтоож өгсөн. Коронавирусийн эсрэг эм, бэлдмэл худалдаалах зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүд тогтоосон дээд үнээс хэтрүүлэхгүйгээр худалдаалж байгаа бөгөөд дээд үнийн жагсаалтыг үйлчлүүлэгчдэд ил тод мэдээлэх үүднээс үнийн мэдээлэл бүхий хуудсыг байрлуулсан байлаа.

Эмийн сангуудад хийж буй хяналт, шалгалт наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 25-ныг дуустал буюу нэг сарын хугацаанд үргэлжилнэ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна