Хил давж зугтсан Н.Удаанжаргалыг хэзээ эх оронд нь авчрах вэ

Zuv.mn
2023/09/18

"Хэрэг хийчихээд" хил давж зугтсан "том гарууд"-ын ардаас хуулийнхан "Шувуу ажиллагаа" явуулж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд Хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунайг албадан авчирсан бол хэдхэн хоногийн өмнө УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн бие төлөөлөгчөөр ажиллаж байсан Н-ийг саатуулж, эх оронд нь ойрын үед авчирна гэх мэдээлэл түгээд байна. Эх сурвалжийн өгүүлж буйгаар Н гэгч нь "Нүүрсний" хэрэгт холбоотой гэх бөгөөд өөрийн зүс царайг өөрчлөн гадаадад орогнож байжээ. Энэ мэт улс төр, бизнесийн томоохон бүлэглэлийн төлөөллүүд гадагшаа зугтсан цөөнгүй тохиолдол бий. Тэдний нэг нь “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал. 

Н.Удаанжаргал Малайзад байгаа нь батлагдсан 

Түүнийг хуулийнхан мөрдөн  мөшгөж, Малайзад орогнож байгааг баттай болгосон байдаг. "Нүүрсний" хэргийн том зангилааг тайлах хүний нэг яах аргагүй Н.Удаанжаргал юм. Гэвч өнөөдрийг хүртэл түүнийг барьж чадсангүй.  Тэрбээр  хил давж зугтаад нэг  жилийн ойндоо хүрч байна. Анх БНСУ руу эмчилгээнд явах нэрээр хил давсан ч эргэж ирээгүй.   Н.Удаанжаргалын хувьд хоёр жилиийн өмнө  Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм цолоор энгэрээ мялааж явсан хүн. Түүнийг Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг богино хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн хэмээн Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа ийнхүү өндрөөр үнэлсэн байдаг. Харин Н.Удаанжаргалын удам судрыг судлаад үзвэл түүний аав Төрийн албаны зөвлөлийн анхны дарга агсан Ж.Норовсамбуу аж. Ж.Норовсамбуу агсны хувьд Улсын бага хурал болон УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан төдийгүй Санхүүгийн зохицуулах хорооны Тамгын газрын дарга, Буянт-Ухаа дахь Гаалийн газрын даргаар ажиллаж байсан төр нийгмийн зүтгэлтэн хүн байжээ. Харин түүний хүү Н.Удаанжаргал МАН-ын Шинэчлэлийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын Оюутны холбооны Ерөнхийлөгч зэрэг сонгуульт ажилд сонгогдож явжээ. Н.Удаан­жаргалын хувьд төмөр замтай нэр холбогдсон цагаас хойш буюу сүүлийн хоёр жилийн хуга­цаанд түмний дунд нэр нь түгсэн ч, түүний энэ карьер хэрхэн өндөр­лөхийг харах л үлдлээ. Учир мэдэх улсын хэлж буйгаар МОХ угшилтай нөхөд Монголын улс төрд суудал нь өнцөгдсөн. Буруу замаар будаа тээсэн бол буцахдаа шороондоо хутгалдах жамаас зугтаж чадахгүйг ч өчиж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна