АТГ-аас “Алтай Улиастайн Эрчим хүчний систем” ТӨХК-ийн захирал Б.Цэдэвсүрэнд хариуцлага тооцохыг зөвлөжээ

Х.Батсайхан
2023/11/03

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс “Алтай-Улиастайн эрим хүчний систем” ТӨХК-ийн захирал Б.Цэдэвсүрэнд хариуцлага тооцуулах зөвлөмжийг холбогдох байгууллагад хүргүүлжээ. Тус байгууллага энэ оны аравдугаар сард Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 1,147 этгээдийн ХАСУМ-т дүн шинжилгээ хийж, хариуцлага тооцохоор болсон албан тушаалтнуудын тоонд Б.Цэдэвсүрэн орсон аж.

Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг нийтийн албанд томилогдох гэж буй этгээдээс тухайн албан тушаалд томилогдохоос нь өмнө авдаг байтал Б.Цэдэвсүрэнг “Алтай Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн захирлаар томилсны дараа мэдүүлэг хянуулахаар ирүүлсэн нь хууль зөрчсөн гэж АТГ үзжээ.

Тиймээс Б.Цэдэвсүрэн болон ижил зөрчил гаргасан бусад албан тушаалтнуудад Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу хариуцлага тооцуулах, цаашид хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаарх зөвлөмжийг  хүргүүлсэн байна. 

Дашрамд, Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсээс 2023 оны 10 дугаар сард нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 1147 этгээдийн ХАСУМ-ийг хүлээн авснаас 1005 этгээдийн урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэж холбогдох байгууллагад хариуг хүргүүлсний 925 нь зөрчилгүй гэж гарсан бол буцаасан 22, анхааруулсан 58 байгаа аж. Одоогоор ажиллагаанд 142 этгээдийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байгаа ажээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна