Үндэсний бөхийн барилдааны дүрмэнд өөрчлөлт оруулах санал авна

2023/11/21

Монголын Үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны Барилдааны дүрмийн зөвлөлийн ээлжит хурал 2023 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр Монгол Бөхийн Өргөөнд болжээ.

Уг хурлаар улсын баяр наадамд мөрддөг "Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм" болон наадмаас бусад барилдаанд хэрэгжүүлэн ажилладаг "Монгол бөхийн барилдааны дүрэм"-ийн заалтуудыг хэлэлцүүлэв.

Барилдааны дүрмийн зөвлөлийн гишүүд үндэсний бөхийн барилдааны төгсгөлд идэвх харгалзаж бөхийг хасах заалтыг өөрчлөх, барилдааныг хаялцуулж дуусгах нь зөв хэмээн санал нэгдсэн байна.

МҮБХ-ноос Барилдааны дүрмийн өөрчлөлтийн талаарх нээлттэй хэлэлцүүлгийг өнгөрөгч оны аравдугаар сарын 30-ны өдөр зохион байгуулж ажилласан ба тус нээлттэй хэлэлцүүлэгт бөхийн зүтгэлтэн, багш, дасгалжуулагчид, ахмад болон залуу бөхчүүдээс 16 санал гаргасан бөгөөд өнөөдрийн хуралд Барилдааны дүрмийн зөвлөлийн гишүүн улсын начин Б.Бадам-Очир, С.Багахүү, Б.Батсуурь, Ж.Чулуунбат, Ч.Ганзориг, Ө.Батзул, аймгийн начин Д.Сод-Эрдэнэ, Н.Анхбаяр, улсын хүндэт засуул Л.Хадаа, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, ерөнхий хөлийн цэц, улсын харцага Д.Батболд, тэргүүлэгч гишүүн, улсын начин Бо.Батжаргал, тэргүүлэгч гишүүн, улсын тэргүүн тайлбарлагч С.Гантөр, хөлийн цэц, аймгийн заан Ч.Энхзаяа, аймгийн начин Б.Улаалзгана, улсын хүндэт засуул Р.Сампилдондов нар Барилдааны дүрмийн талаар санал гаргаж хэлэлцлээ.

Санал тус бүрийг шүүн хэлэлцсэний эцэст улсын начин Ж.Чулуунбат, Ө.Батзул нарын гаргасан саналыг хэлэлцэж, олонхын саналаар дэмжин дүрмийн өөрчлөлтийг бөхийн дэвжээд, биеийн тамирын чиглэлийн их, дээд сургуулиудад саналыг хүргүүлж нэг сарын хугацаанд туршилтын журмаар хэрэгжүүлж, ажиллахаар шийдвэрлэлээ.


Туршилтаар хэрэгжүүлэх нь: “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 2.5.2.А-д заасан “…Сэнжиг элэг бүсний барьц болон суганы хонхор, зодогны хормойноос хав барьж хоёр талаар барилдана...” гэсэн заалтыг хасах, дүрмийн 2.5.2.Б-д “… Тэгш барьцыг харилцан бариулж барилдааныг дуусгана…” заалтыг өөрчлөн “Тэгш барьцаар хоёр бөх зүүн, баруун талдаа тус бүр 2 удаа барьж барилдана” гэж өөрчлөх, тэгш барьцаар барилдан хоёр бөх хаялцахгүй тохиолдолд барилдааны явцад идэвхтэй барилдсан бөх дараах идэвхийн гурван барьцаас сонгож барилдахыг олонхын саналаар тус тус дэмжлээ.

ИДЭВХИЙН А БАРЬЦ НЬ: Тухайн барилдаанд идэвхтэй барилдсан бөх нь нэг гараар сугадаж, нөгөө гараар шуудагдах, учраа бөх нь сугадуулсан талдаа дээлчилж, нөгөө гарыг өрсөлдөгчийн шуун дээр дарсан байдалтай эхлэх, /Барилдааны дүрмийн зөвлөлийн гишүүн, улсын начин Ж.Чулуунбатын санал/

ИДЭВХИЙН Б БАРЬЦ НЬ: Тухайн барилдаанд идэвхтэй барилдсан бөх нь гар холбож хөл авах, холбохдоо гар даруулсан гараар алсын шуудаг барих, учраа бөх нь хоёр гар барьцгүй байх /Барилдааны дүрмийн зөвлөлийн гишүүн, улсын начин Ө.Батзулын санал/

ИДЭВХИЙН В БАРЬЦ НЬ: Тухайн барилдаанд идэвхтэй барилдсан бөх өөрийн талаа сонгон хоёр бөх зөрж хөл авч барилдана.Дээрх Идэвхийн 3 барьцны барилдааныг арваннэгдүгээр сарын 26, арванхоёрдугаар сарын 05, 09, 10-ны барилдаануудад оролцох бүх бөхчүүдээс санал авч, бөхийн дэвжээд, их дээд сургуулиудаас ирсэн саналуудыг дүгнэн шийдвэрийг гаргахаар тогтсон байна.







Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.45
    Өчигдөр

    Сэрүүн барьцнаас барилдах хугацааг нэмэх хэрэгтэй байна тэгэхгүй бол жин ихтэй бөхчүүд барьцанд хүртэл юу ч хийхгүй тулаад зогсдог болсон. нөгөө хурдан шаламгай уран мэхийг уралдуулан хүчийг үзэж барилдах ховорхон болсон шүү. үндэсний бөхийн гол үндэс нь энэ. тэрнээс хүнийг барьцаар баглаж унгадаг ёс байхгүй. Бөхчүүдийн жинг хасаж байж үндэсний бөхийн хөгжил дэвшил ирнэ.

    Хариулах
    • 43.228.130.188
      Өчигдөр

      сэвэстэй гүзээнүүд шахагдаждээ хөөрхий