Нийслэлчүүдийн "Хөл дүүжлэх" 600 автобусыг хэн, хаанаас авчрахыг баасан гарагт шийднэ

2023/11/23

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч солигдсоноор хамгийн түрүүнд хийгдэх ажил нь нийслэлийн тээврийн шинэчлэл болж таарлаа. НЗД Х.Нямбаатар болон Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан нарын мэдэгдсэнээр бол түгжрэлийг бууруулах хамгийн гол гарц нь нийтийн тээврийн шинэчлэл хэмээгээд буй. 

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд парк шинэчлэл хийгдээгүй. Иймээс энэ онд 800 шинэ автобус оруулж ирэхээр төлөвлөөд байв. Энэ ажлын эхлэл болгож өнгөрөгч 9-р сарын 26-ны өдөр оруулж ирсэн 100 ногоон автобус нэлээд хэл ам, шуугиан дэгдээж, асуудал тарьсан. Ямартай ч нийслэлээс тухайн ногоон автобуснуудыг оруулж ирсэн “Тэнүүн-Огоо” ХХК руу нь буцааж, шаардлага хангаагүй тул ямар ч тохиолдолд нийтийн тээвэрт явуулахгүй гэдгээ мэдэгдсэн. Тиймээс оронд нь том оврын 600 автобус авах олон улсын нээлттэй тендер дахин зарлаж, "2023 онд үйлдвэрлэсэн байх" гэж тодотгов. Баасан гарагт нийтийн тээврийн парк шинэчлэлийн олон улсын тендерийг нээж, тендерт ирсэн баримт бичгүүдийг нээлттэй зарлаж, тендерт ирүүлсэн үнэ, хүчинтэй хугацаа, баталгаа зэргийг танилцуулан, богино хугацаанд тендерийг үнэлэх ажлыг зохион байгуулахаа Нийслэлийн Засаг дарга мэдэгдээд буй.

Тус 600 автобусыг ирэх оны нэгдүгээр сард багтаан оруулж ирэхээр төлөвлөөд байгаа. Үйлчилгээнд явж эхэлбэл иргэдийг зургаан сарын турш автобусаар үнэгүй зорчуулах болон нийтийн тээврийн компаниудад төрөөс татаас өгөх зохицуулалт үйлчлэх тухай яригдсан билээ.

Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Автобусаар үнэ төлбөргүй зорчдог иргэдийг 2024 оны нэгдүгээр сарын 01-нээс картжуулан бүртгэлжүүлнэ. НИТХ-аас баталсан Нийтийн тээврийн салбар дахь машин цагийн зардлын тогтоолоор тухайн автобусанд хэдэн хүн зорчсоноор нь бус хэдэн цаг явснаар нь тооцож, нийслэлээс татаас өгдөг байсан механизмыг өөрчилнө. Цагдаа, хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, донорууд гэхчлэн автобусаар үнэгүй зорчдог иргэдийн картыг шинэчлэн олгоно. Автобусаар тухайн иргэдийг зорчуулсан тоогоор нь санхүүжилтийг олгоно" хэмээгээд буй. Ямартай ч нийслэлийн нийтийн тээвэр шинэ автобусаар шинэчлэгдэх нь тодорхой болжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна