Сонсгол нэртэй солиорол

Zuv.mn
2023/12/05

Хахир өвлийн жавар хавирга нэвт сэнгэнэж буй энэ өдрүүдэд Монголын нийгэм халуухан үйл явдлаар дүүрэн байна. Түүний нэг нь 44 их наядын хулгайн хэрэг буюу "Нүүрсний" хэмээх томоохон мафийг илрүүлэхэд эх сурвалж болох зорилготой гэх "Нүүрсний сонсгол". 

Эхний ээлжинд 65 гэрчийг дуудаж, орон нутгийн Тавантолгойн асуудлыг хэлэлцэж байна. Ажнай хэмээх Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй Өмнөговь аймгийн үе, үеийн удирдлагууд Төрийн ордонд цуглав. Тэд "Яг ямар учраас яах гэж ирснээ ч мэдэхгүй, юуны учраас гэрчээр дуудагдсанаа ч ойлгохгүй байна" хэмээн мэлзэж сууна. Анзаарсан бол гэрчүүд асуултанд хариулна гэж ёстой гурилдаж өгч байна лээ. Зарим нь бүр орон нутагт тулгамдаж буй асуудлаа ярих гэж ирсэн аятай аашлах нь тэр. Тодруулбал Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ИТХ-ын дарга Доржсүрэн гэх нөхөр  "Манай сум уул уурхайн олон компанитай. Тэр дунд Доржсүрэн гэдэг нэртэй хүн ч олон. Яг ямар учраас намайг энэ сонсголд хамааруулж дуудсаныг ойлгохгүй байна. Би эрхэм гишүүн Д.Бат-Эрдэнийг бол танина. Гэхдээ ямар ч бизнесийн хамтрагч биш. 

Энэ дашрамд хэлэхэд, манай Цогтцэций сум 3000 хүүхдийн хүчин чадалтай сургуультай. Гэвч өнөөдөр ачааллаа дийлэхгүй байна. Уул уурхайтай сум гэх боловч хамгийн хүнд нөхцөлд манай сумынхан амьдарч байна" гэх мэтээр хадуурч өгөх нь тэр. Энэ мэтчилэн "Тэмээ гэхээр ямаа" гэдэг шиг "Нүүрсний сонсгол" гэхээр өөдөөс шал өөр юм ярьдаг нөхөд "гэрч" гэх нэрийн дор хүрээд ирж. УИХ-ын гишүүн асан Амарзаяа байна. Түүний хувьд мөн л яагаад дуудагдсанаа гайхаж ядан байгаагаа хэлж сууналээ. Тэр бүү хэл "Хэргийн эзэн хэнгэргийн дохио" гэгдэх Д.Бат-Эрдэнэ хүртэл өөрийгөө ямар ч гэмгүй. Орон нутгийн Тавантолгойг өдий зэрэгт хүргэж, ашигтай ажиллуулсныхаа төлөө ингээд сууж буйдаа харамсаж байгаагаа халаглан ярих. Тэдний өөдөөс амыг нь таглачих, үнэнийг дэлгэчих өөдтэй шинжээч, Түр хорооны гишүүд ч гэж алга. Хэрвээ хуулийн байгууллага дээр нүүрсний хэрэг ийм "Мянгуужингийн үлгэр" шиг өрнөдөг бол монголчууд 44 их наядын хулгайчдыг хэзээ ч илрүүлж чадахгүй нь тодорхой байна. "Бардам ам шалдан гуя" гэдэг шиг нүүрсний жинхэнэ хулгайчийг илрүүлнэ хэмээдэг нөхөд энэ янзаараа бүтэхгүй нь тодорхой байна. Уг нь ард түмэн, энэ нийгэм хулгайч эздийг илрүүлэхийг хүсэж буй болохоос хурал цуглаан хэсэг нөхдийн тэнэгрэлийг хүсээгүй юм сан. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна