“Олон улсын сайн дурынхны өдөр” өнөөдөр тохиож буйтай холбогдуулан Монголын сайн дурынхны төвөөс “Сайн дурынхны хүч форум”-ыг зохион байгуулж байна.
Форумд МУЗН, “Дэлхийн зөн” олон улсын байгууллага, Азийн сан, МУЗГ-ын төлөөлөл оролцож, залуучуудын сайн дурын үйл ажиллагааны нөхцөл байдал, цаашдын хөгжлийн талаар санал бодлоо солилцож байгаа юм.
Монгол улс НҮБ-ын хүүхдийн эрхийн тухай конвенцод 1990 онд нэгдэн орсноос хойш хүүхдийн эрхийг хангах, хамгаалах, иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж ирсэн.
Монгол Улс олон улсын сайн дурынхны өдрийг 2001 оноос тэмдэглэж эхэлжээ. Энэ талаар МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа “Олон улсын сайн дурынхны өдөр бол сайн дурын ажил зохион байгуулж, оролцдог олон хүний хүлээдэг, талархдаг, бие биенээ хайрлах өдөр болдог. 2023 онд сайн дурынхан монгол орны өнцөг булан бүрт байгаа 4800 малчин өрхөд хүмүүнлэгийн тусламж туслалцаа үзүүлсэн байна. Бид цаашдаа сайн дурынхныг хөгжүүлэх, эрх зүйн орчинг нь бүрдүүлэхийн төлөө илүү хүчтэй ажиллаж хүүхэд хамгааллын шилдэг, туршлагатай байгууллага байх болно” гэв.
Энэхүү форум дээр “Гэрээр айлчлах аргачлал”-ыг онцолсон бөгөөд энэ нь зорилтот өрхүүдийг хүчирхийлэл, мөлжлөгт өртөх өндөр эрсдэлтэй байгаа хүүхдүүдээ хамгаалахад чадваржуулах зорилготой юм. Уг аргачлалыг хэрэгжүүлэхдээ сайн дурын ажилчид хариуцсан өрхүүдээрээ сар бүр нэгээс хоёр удаа орж хүүхдийн нөхцөл байдалд тандалт судалгаа хийн нийгмийн харилцаанд ороход нь дэмжлэг үзүүлдэг байна.
Монгол дахь Энх Тайвны Корпусын захирал, Хөтөлбөр сургалт хариуцсан захирал Гровер эйнсворт /Grover Ainsworth/ ‘Бид энх тайван оршиж хамтын нөхөрлөлийг дэмжихийн тулд энэхүү ажлыг зохион байгуулдаг. Сайн дурынхан дэлхийн амар амгалан сайн сайхны төлөө хамгийн том хувь нэмэр оруулдаг хүмүүс” гэдгийг онцлов.
Н.Мөнхцацрал
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна