“Нүүрсний сонсгол” ба ”МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН ТЭСРЭЛТ 2.0”

Х.Батсайхан
2023/12/07

“Нүүрсний сонсгол” үргэлжилж, мэдээллүүд ил тавигдсаар байна. Сонсголын гол ач холбогдол нь зөвхөн хэн нэгэн ялтныг олох бус, олон нийтэд зөв ойлголт өгөхийн зэрэгцээ алдаа завхралыг олж харж, цаашид давтагдахаас сэргийлэх явдал байдаг.

Хөгжлийн банкны сонсголоор жишээ нь, хэрэг шүүхээр шийдвэрлэгдэх явцад нэхэмжлэгч тал инфляцид өртөж хохирдог явдлыг олж харж, хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа. Хөгжлийн зээлийг валютаар олгох нь зөв үү буюу зарим нэг сэтгүүлчийн хүчин зүтгэлээр ААН-үүд буюу эцсийн дүндээ ард түмэн үүрээд гарсан валютын ханшийн зөрүүг хэрхэх ёстой вэ гэдэг асуудал одоо ч анхаарлын төвд байна. 

Тэгвэл “НҮҮРСНИЙ СОНСГОЛ”-оос бидэнд үлдэх олз нь удахгүй манай улсад эхлэх уул уурхайн тэсрэлтийг цэгцтэй явуулах юм. 

УИХ, Засгийн газраас аймгуудад орлогоо өөрөө бүрдүүлж, тодорхой хувийг нь өөрсдийн шийдлээр захиран зарцуулах эрх мэдлийг олгосон. Энэ нь эцэстээ уул уурхайг сэргээх зорилготой бөгөөд олон олон Хайгуулын лицензүүд ирэх жилээс Ашиглалтын олж хувирах нь тодорхой болоод буй. Өөрөөр хэлбэл, манайд уул уурхайн тэсрэлт дахин нэг удаа болох гэж байна. 

Энэ тэсрэлтийг л хэрхэн эмх цэгцтэй явуулах вэ гэдэг гаргалгааг олж харж, боломж нөхцөлийг бүрдүүлэх нь чухал. 

Энэ жил Өмнөговь аймаг аймгуудын түүхэнд анх удаа 1.5 их наяд шахам төгрөгийн төсөв баталж, улсад 719.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр болсон. Тус аймаг “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд олон ажил хэрэгжүүлж, боловсон хүчин татан аймгаа хөгжүүлж чадаж байна. Жишээ нь, улсын хэмжээнд 1-5 ангийн хүүхдүүд үдийн хоолонд хамрагддаг байхад Өмнөговьд 1-6 ангийн хүүхдүүд хамрагддаг. “Нутгийн дэм” хөтөлбөрөөр алба хаагчид цалин дээрээ сар бүр 680.000 төгрөг авдаг гээд давуу тал их. Гэхдээ энэ нь Б.Энхбаяр сайдын хэлээд байгаа шиг “Улс доторх улс” болсон хэрэг огт биш. Дээр хэлсэнчлэн, УИХ, Засгийн газар боломжийг нь бүрдүүлчихсэн учраас ирэх жилээс тэртэй тэргүй аймгуудад ялгарал үүсэх нь тодорхой байгаа.

Аймгууд өөр, өөрсдийн давуу талаараа өрсөлдөж, санхүүгийн хувьд ялгамжтай болж, өөрсдийн бодлогоо явуулна. Энэ үед /УИХ, Засгийн газрын түвшинд шийдчихээд/ бүх аймгаа улс доторх улс болчихлоо гэж шүүмжлэх үү. Үгүй. Харин нэгдмэл байдлыг нь яаж зангидах вэ гэдэг талаар толгойгоо илүү ажиллуулбал зохино.

“Нүүрсний сонсгол”-оос үлдэх ёстой гол олз нь энэ гэж бодно.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна