“Нүүрсний хулгайч” нар УИХ, Засгийн газарт байгааг нотлох Б.Ганхуягийн НОЦТОЙ мэдүүлгүүд

Х.Батсайхан
Өчигдөр 08 цаг 37 минут

-Б.Ганхуяг Нүүрсний сонсголд орсноор олон нийтэд хэлж өгч чадах зүйлс-

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг энэ сарын 18-22-нд болох “Нүүрсний хулгайн сонсгол”-д гэрчээр дуудах эсэх нь тодорхойгүй байгаа билээ. Олон нийтийн зүгээс түүнийг “Нүүрсний хулгай”-г гэрчлэх хамгийн том гэрч гэж үзэж, сонсголд оролцуулахыг шаардаж буй бол ийм бодолтнууд Хяналтын хороо, УИХ, Засгийн газарт ч байна.

Гэвч сонсголын нэгдүгээр шатанд гэрчээр оруулаагүй, хоёрдугаар шатанд ч оруулах магадлал багатай байгаа нь түүнийг Тавантолгойн ордыг яг одоо эрхшээж байгаа, эрх мэдэл бүхий хүмүүстэй холбоотой баримтыг олон нийтэд дэлгэхээс болгоомжилсных гэсэн хардлага хүчтэй байна.

Учир нь, Б.Ганхуяг өмнө нь нээлттэй явагдсан Шүүхийн үеэр яг энэ асуудлаар ноцтой мэдээлэл өгч байсан юм. Тэдгээрийг эргэн санаж, Б.Ганхуяг хэрвээ сонсголд оролцсон бол ямар мэдээлэл өгч чадах байсныг төсөөлөх гээд үзье.

Нэгдүгээрт, тэрбээр нүүрсний хэргийн гурван үйлдэл,  21 этгээд, 130 үйл явдалтай холбоотой асуудлаар мэдээлэл өгч чадна. Тэрбээр энэ асуудлаар Шүүхэд хүсэлт гаргаж байсан бөгөөд сүүлд “Би АТГ-т бүгдийг нь хэлсэн шүү дээ. АТГ-т өгсөн миний мэдүүлгүүд хаана байна. Яагаад мөрөөр нь ажиллахгүй байна вэ. Надад жорлонгийн хэрэг тохоод өнгөрөх юм уу. Нөгөө ахййтар оффтейк гэрээний асуудал хаачсан бэ. Өөрсдөө ард нь нуугдах гэсэн юм уу. Яагаад гэвэл би тэдэнд нь хамаагүй байхгүй юу” хэмээн нэхэж байсан удаатай.

Хоёрдугаарт, Тавантолгойн орд, “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай холбоотой том төслүүдийн ард хэн байгаа, далд эзэн нь хэн болохыг хэлж өгч чадна. Тэрбээр нээлттэй явагдсан шүүх хурал дээр яг энэ асуудлыг хөндөж, Т.Аюурсайханыг өмгөөлж байсан.

Гуравдугаарт, өөрийг нь суллагдвал “зүрх нь зогсох гээд” байгаа маш олон хүн хэн болохыг нь мэдэж авах боломжтой. Одоогийн эрх мэдэлтнүүдээс нэг их хол үсрэхгүй л болов уу.

 Тэгэхээр, түүнийг сонсголд гэрчээр оролцуулах нь “Нүүрсний хулгайн хэрэг”-ийг бүрэн гүйцэт илрүүлэх, батлахад зайлшгүй шаардлагатай гэдэг нь харагдаж байгаа биз ээ.  

Б.Ганхуяггүй сонсгол хийгээд хэрэг байна уу

Өнгөрсөн долоо хоногт болсон “Нүүрсний сонсгол”-ын нэгдүгээр үе шатаас төрийн өмчид тухайн үед төрийн эрх барьж байгаа эрх мэдэлтнүүд хяналтаа тогтоодог байсан нь тодорхой мэдэгдсэн. Тэгвэл яг одоо Тавантолгойг эрхшээж байгаа, өөрөөр хэлбэл төрийн өндөр эрх мэдэлд байгаа этгээдүүд Тавантолгойтой холбоотой асуудалд гүнзгий оролцсон гэдгийг батлах ноцтой үсийг ч тэрбээр нэг бус удаа хэлсэн байдаг.

Тухайлбал, “Би өнөөдөр эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажиллаж байгаа. Энэ эрх бүхий байгууллагын шийдвэртэй холбоотой сонгон шалгаруулалт, шаардлага хангасан бүх юмнууд нь байж байгаа. Энэ талаар нэг ч мэдүүлэг, дээр нь Удирдах зөвлөлийн шийдвэртэй холбоотой нэг ч мэдүүлэг авалгүй явж ирсэн”,  “Шүүгч ээ, таныг золиос болгочихлоо. Бид энд золиослогдоод, тэд тэнд Засагтайгаа, тамгатайгаа үлдэж болохгүй”, “Нүүрсний том төслүүд хаана байгаа юм бэ. Энэ төслүүдийн ард талын эзэн нь хэн юм бэ. Т.Аюурсайхан юм уу” гэх зэрэг үгсийг хэлж байв.  




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.114
    Өчигдөр

    Unen shuu dee !!!

    Хариулах
  • 202.21.107.10
    Өчигдөр

    Ganbaatar gishuun hurald gercheer oroltsuulah uureg huleesen biz dee Ih sanasan gazar 9 shene hooson gedeg shig gercheer ireed 9200 Dahin ih huntsel shig yum yariad baihgui l gej naidyaa

    Хариулах
  • 139.5.216.49
    Өчигдөр

    Асуугдахаараа хэлэхгүй, тэгээд сүртэй юм хэлэх гэж байгаа юм шиг сүржигнэх шаардлага юу вэ

    Хариулах