Олон жил баригдалгүй "царцсан" цахилгаан станцын төслүүдээр нийтийн сонсгол явуулья

Х.Батсайхан
2023/12/15

Сая ОХУ цахилгаан хязгаарлана гэж мэдэгдэхэд дээр дооргүй зогссон төслүүдээ эргэж санасан ч яагаад зогссон, баригдаагүй байгаа талаар хэн ч ярьсангүй. УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын чуулган дээр “Эрчим хүчний төслүүдийг нэг л хүн зогсоодог. Тэр хүн хэн гэдгийг бүгд мэднэ” гэж битүү хатуу зүйл ярив.

Нийгмийн сүлжээнд ч тэр, “Англи 800 МВт-ын станц барья гэхэд нэг нөхөр зогсоосон” гэх маягтай. Товчхондоо, эрчим хүчний гацсан, зогссон төслүүдээр нэг сонсгол хийх болчихжээ гэж харж байна. Ялан хайхдаа биш, яагаад бариагүй вэ, тэр нь үнэхээр гаднын нөлөөтэй байв уу, дотоодын дайснууд байв уу гэдгийг мэдэх хэрэгтэй байна.

Хууль, эсвэл гэрээний яг ямар заалт сөргөөр нөлөөлөв. Тэр зүйл заалтыг хэн “зүтгүүлсэн бэ” гэх зэргийг дэлгэж тавих цаг нь болж.

Миний санаж байгаагаар, 2014 онд “Оюутолгой” ХХК-тай байгуулсан Тавантолгойн цахилгаан станцыг хамтарч барих төсөлд хамтарч ажиллах гэрээнд 1.3 дугаар зүйлийн 1.3.1, 1.4.1 дүгээр заалт Монгол Улсын эрх ашигт харшилсан заалт байсан.


Энэ мэтээр бүх төслүүдийн талаар мэдээлэл өгъё. ИРгэд хэн нь хэн бэ гэдгийг мэдэж аваг. Жижиг улс төр биш, үндэсний аюулгүй байдлын асуудал болоод олон жил болчихлоо шүү дээ. Хамгийн аюултай нь, ОХУ дайн хийж, өөрөө эрсдэлтэй байдалд орчихлоо.  

Монгол Улс жилийн жилд л өвөл хэрэглэх эрчим хүчнийхээ тодорхой хэсгийг ОХУ-аас худалдаж авдаг байсан. Одоо уул уурхай хөгжихийн хэрээр байдал улам дордож, эрчим хүчний гуйлгачин улс болж хувирч байна. Улс мөнгөө бодоод Өмнөговь болон бусад аймгуудад нээгдэж байгаа уурхайнуудад эрчим хүчээ нийлүүлж, орон сууцны хорооллуудын эрчим хүчийг хязгаарлах бодлого бариад удлаа. Цаашдаа улам олон уурхай ашиглалтад орно. Өмнөговь аймагт л гэхэд ашиглахад бэлэн 90 шахам Х лиценз А болохоо хүлээж байгаа гэсэн тооцоо байна.  
Эрчим хүчний өлсгөлөнд ороод байгаа урд хөрш бидэнд илүүчлэхгүй. Горьдож бүтэн жил хэлэлцээр хийгээд бодитой үр дүн алга байна. Эрчим хүчнээс болоод нийслэлд барилга байшин, ер нь эрчим хүч хэрэглэх ямар ч байгууламж, үйлдвэр нэмж баригдах нөхцөлгүй болж байна. Хөгжлийн гоё, гоё төлөвлөгөө хэрэгжихгүй ээ л гэсэн үг. Өөрөөр хэлбэл, таван жилийн дараа гуйлгачин царайлчихаад сууж байхад улс төрчдийн хэлэх шалтаг, шалтгаан эрчим хүч байх болно.

Тавдугаар цахилгаан станц гэж дуусдаггүй төсөл байна. 2004 оноос эхэлсэн ажил зөвхөн газрын асуудлаас болоод 20 шахам жил сунжирсан гэхэд хэн ч итгэхгүй боллоо. Саналаа ирүүлсэн 30 гаруй компани нь цөөрсөөр зургаа болсон нь эхний оролдлогын ганц хийсэн ажил нь. Сүүлд тунаж үлдсэн компаниуд нь III цахилгаан станцыг түшиглэж барих тооцоо хийсэн байсан ч байршил өөрчлөгдсөн гэх мэтээр явсаар 20 шахам жил болсон. Тиймээс одоо сонсгол хийе.

Өргөдлийн системд өргөдлөө оруулаад дэмжчихэд болох асуудал.  Хамгийн гол нь, одоо төлөвлөөд байгаа станцууд яг ашиглалтад орох уу гэдэгт иргэд итгэлтэй болох хэрэгтэй байна.     



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна