ОХУ манай улсад нийлүүлэх эрчим хүчээ 50 хувиар бууруулах бичиг ирүүлснээс хойш энэ салбар олон нийтийн анхаарал ороод байгаа билээ. Тодруулбал, жирийн ажилчид эрвийх дэрвийхээрээ ажиллаж, гал алдуулахгүй зүтгэж байгаа ч удирдлагын түвшинд хариуцлагагүйн зуд нүүрлэж, салбараа уруу татаж байгаа талаар хэвлэлүүд мэдээлж буй. Тэгвэл үүний нэгэн жишээ нь “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК болжээ.
Говь-Алтай, Завхан аймгийн хэрэглэгчид, тэр дундаа Монгол орны хамгийн хүйтэн цэг болох Завханы Тэс, Тосонцэнгэл, Тэлмэн суманд эрчим хүч түгээдэг тус компанийн ажилчид удирдлагын хариуцлагагүй байдлаас болж, авах ёстой ажилчид нь нормын өвлийн хувцсаа одоо болтол аваагүй байгаа аж.
Цаг агаар эрс тэс, ажлын онцлог нөхцөл байдлаас болоод тус компани ажилчдадаа өвөл, зуны хувцсаар хангадаг бөгөөд зуны хувцсыг тавдугаар сард, өвлийн хувцсыг арваннэгдүгээр сард багтаан олгодог аж. Гэтэл энэ жил хувцсаа шинэчлэх хуваартай ажилчид нь зун, өвлийн хувцсаа аль алиныг нь цаг хугацаанд нь авч чадаагүй байна. Тавдугаар сард ажилчдын гар дээр очих ёстой зуны хувцсыг өнгөрсөн долоо хоног тараасан бол өвлийн хувцас нь одоо болтол тараагдаагүй байгаа аж.
Ажилчдын хувцас хангалтыг “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэдэвсүрэн, ХАБЭ-н инженер Д.Бадамханд нар хариуцдаг. Өөрөөр хэлбэл, тэдний хариуцлагагүй байдлаас одоогийн нөхцөл байдал үүсжээ. Төрийн өмчит компани, төсөв хөрөнгийг нь цаг хугацаанд нь шийдсээр байтал тендерийг цаг хугацаанд нь зарлахгүй ийнхүү ажилчдыг хохироож байгаагийн цаана ашиг сонирхол байж болох вэ.
ХАБЭ-н инженер Д.Бадамханд
Өнөөдөр манай улсын эрчим хүчний салбар дарга удирдлага гэхээсээ эгэл жирийн инженер, ажилчдын нураан дээр тогтож байгаа. ОХУ-аас эрчим хүч хязгаарлахаа мэдэгдэж, онц байдал зарлахад ойрхон, онцгой нөхцөл байдалд ажиллаж байна. Монгол орны хамгийн хүйтэн цэг болох Завханы Тосонцэнгэл, Тэлмэн сумдын нутагт үйлчилгээ үзүүлдэг, ажилчид нь гадаа ажилладаг онцлогтой салбарт хүн нэг бүрийн хувцас хэрэглэл хангамж нь өвөлжилт, эрчим хүчний аюулгүй байдалтай холбоотой асуудал байдаг. Ажлаа мэддэг боловсон хүчин туйлын чухал. Ийм үед ажилтнуудаа хайрлаж, халамжилдаггүй юм гэхэд ядаж өмсөх ёстой хувцсыг өмсөх ёстой улиралд нь өмсгөчихдөг байхаас ажлын хариуцлага, салбарын аюулгүй байдал эхэлнэ.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Долгор нар энэ асуудлыг анхааралдаа авч, зохих арга хэмжээ авна гэж найдаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.115.37
Hariutslaga gej bhgui bolj dee
Хариулах