Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй “Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол”-ын хоёрдугаар шатны сонсгол өнөөдөр сүүлийн өдрөө үргэлжилж байна.
Тавантолгойн бортээгийн ордын гэрээт олборлогчоор шалгарсан МТАС түншлэлийн асуудлыг хэлэлцэж байна. Түншлэлийн гишүүдээс ХШТХ-ны дарга, гишүүд асуулт асууж байна.
Түншлэлийн нэг гишүүн “Админерал” ХХК-ийн дэд захирал Ц.Ламжаваас энэ асуудлаар тодруулахад “Бид энэ хуурай аргаар баяжуулах үйлдвэрийг яг Бортээг дээр зориулж хийгээгүй юм. Манай компани өндөр технологи дээр л ажилладаг. Пассив хаус гэх мэт төслүүд дээр одоо ч ажиллаад явдаг.
Баяжуулах үйлдвэрийн тухайд, Монголын нүүрсний ордууд говьд байдаг, ус ховор гэдэг утгаар хуурай баяжуулах технологи олж өгөөч гэж Германы эрдэмтэнтэй анх холбогдож байсан. Ингээд нэг компанитай холбосон, бид туршилт хийгээд болж байвал Монголд нэвтрүүлэх санамж бичгийг байгуулсан. Монголд “ЭТТ” болон бусад хувийн уурхай руу санал явуулсан.
Энэ үед “Монголиан контракт майнинг сервис” ХХК Бортээгийн тендерт хамтрагч хайж байсан. Бид ТЭЗҮ-ээ хийчихсэн байсан. Ингээд оролцохоор болсон” гэсэн мэдээлэл өглөө.
Шинэжээч тус компанийг "Нийгмийн даатгалд мөнгө төлж байгаагүй" гэж танилцуулсныг тэрбээр баримтаар үгүйсгэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна