ТОЙМ: Монголын спортын 2023 оны ОНЦЛОХ 10 үйл явдал

С.Гандэлгэр
2023/12/26

2023 он Монголын спортын салбарт алдаа оноо дэнсэлсэн жил байлаа. Тэгвэл улиран одож буй 2023 онд манай тамирчид ямар ямар бахдам амжилт гаргасан болон ямар алдаа дутагдалтай нүүр тулсан талаарх үйл явдлуудыг онцлон хүргэе.

Байт харвааны спортын түүхэн амжилт

БНХАУ-ын Ханжоуд зохион байгуулагдсан Азийн наадмын Байт харвааны төрөлд Б.Отгонболд өрсөлдөж, алтан медаль хүртсэн нь Монгол Улсын хувьд түүхэн амжилт болов. Тодруулбал Монголын байт харвааны тамирчин анх удаа азийн наадмаас медаль хүртсэн амжилт болж, тэмдэглэгдэн үлдсэн юм. Мөн Б.Отгонболд 2023 оны шилдгийн шилдэг тамирчнаар тодорсон нь түүний амжилт ямар үнэ цэнтэй байсныг илтгэх биз.

Монголчууд PUBGM тоглоомоор дэлхийд ноёрхов

Туркийн Истанбул хотод зохион байгуулагдсан PUBG MOBILE тоглоомын ДАШТ-ий шигшээ тэмцээнд /Global championship  final/-д Монголын гурван баг оролцож, “IHC E-Sports” баг түрүүлж, “Stalwart Esports” мөнгөн медаль хүртэж, “4Merical Vibes” дөрөвдүгээр байрт орон дэлхий нийтийг гайхшрууллаа.


Дэлхийн шилдгийн шилдэг 16 багийн тэмцээнд Монголоос гурвын гурван баг оролцож, гурвуулаа шилдэг дөрөвт үлдсэн нь маш том амжилт бөгөөд түүгээр зогсохгүй эхний байруудыг эзлэнэ гэдэг тус тоглоомоор дэлхийд ноёрхож буйгийн илрэл биз. Түүнчлэн, шилдэг тоглогчоор аварга багийн ZYOL тодорсон нь түүхэн үйл явдал байсан юм.

Азийн наадмаас Пара тамирчид ганзага дүүрэн буцлаа

Азийн наадмын пара төрөлд манай улсын тамирчид өрсөлдөж, хоёр алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн юм.


Тус наадмаар эрэгтэйчүүдийн +90кг жинд  ОУХМ Д.Ганбат, Таеквондогийн төрөлд МУГТ Г.Болор-Эрдэнэ нар алт, Пауэрлифтингийн төрөлд Хөдөлмөрийн баатар, МУГТ, Э.Содномпилжээ, У.Сүрэнжав, Зээрэнцэг шидэлтийн төрөлд Д.Саруултөгс нар мөнгөн медаль хүртсэн юм.

3x3-ийн шигшээ баг Азид аваргаллаа

Өнгөрөгч дөрөвдүгээр сард Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн шигшээ баг Азийн аваргад хүчээ сорин аваргалсан билээ. Ингэснээр манай шигшээ баг олимпод оролцох эрхийн төлөөх тэмцээнд оролцох боломжтой болсон нь том амжилт юм. Манай шигшээ баг финалын тоглолтод Австралийн багтай тоглож 21:18 харьцаагаар ялалт байгуулснаар Ази тивийн аварга болсон юм.


Тив дэлхийн томоохон тэмцээнүүдийг эх орондоо зохион байгуулав

Жүдо бөхийн их дуулга тэмцээн, Жюү жицүгийн ДАШТ, Пауэрлифтийнгийн ДАШТ, Хоккейн дөрөвдүгээр дивизионы ДАШТ, Зүүн азийн залуучуудын наадам зэрэг томоохон тэмцээнүүдийг эх орондоо амжилттай зохион байгуулж, багагүй амжилт үзүүлсэн юм.

Дээрх тэмцээнүүдийг зохион байгуулснаар улсын төсөвт багагүй мөнгө төвлөрүүлсэн гэдгийг ч дурдах нь зүйтэй биз. Монгол Улсын эдийн засагт шууд болон шууд бусаар оруулсан орлогод үндэсний авиа компанид 4.9 тэрбум төгрөг орсон бол зочид буудал, ресторанд 5.7 тэрбум төгрөг, худалдаа үйлчилгээнд 3.2 тэрбум төгрөг нийт 14 тэрбум төгрөгийн эдийн засгийн орлого оржээ.

Монгол дугуйчин анх удаа Европын мэргэжлийн багт уралдахаар болов

Монголын үндэсний шигшээ баг, ЗХ-ний “Алдар” спорт хорооны тамирчин, Ази тивийн шилдэг дугуйчин ОУХМ С.Жамбалжамц 2024 онд Испани улсын мэргэжлийн дугуйн "BURGOS BH" багтай хамтарч ажиллах гэрээ хийсэн нь оны онцлох үйл явдалд гарцаагүй орно. 

С.Жамбалжамц үүнээс гадна Монгол Улсаа олимпын наадмын эрх авахад хамгийн чухал оноонуудыг цуглуулж, энэ цагийн шилдэг тамирчин гэдгээ баталсан юм. 

Снукер бильярдын ДАШТ-ий хүрэл медальтантай болов

Катарын нийслэл Доха хотод снукер бильярдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн зургаан улааны төрөлд Монголын тамирчин, ОУХМ Б.Нарантуяа хүрэл медаль хүртсэн.


Снукер бильярдын ДАШТ-ээс Монгол Улсын анхны медалийг хүртсэн Б.Нарантуяа нь өнгөрсөн жилийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөн анхны хүрэл медалийг хүртэж эх орондоо ирж байлаа.

Moon dance хамтлаг хоёр дахь удаагаа ДАШТ-ээс медаль хүртэв

2023 оны "Латин Формейшн бүжгийн ДАШТ’’-д Монгол улсаа төлөөлж “Moon Dance” хамтлаг оролцон хүрэл медаль хүртсэн. Энэ нь ДАШТ-д хоёр дахь удаагаа медаль хүртэж буй нь бөгөөд 2022 онд 4 махбодийн хүч буюу “The Power of the 4 Elements” үзүүлбэрээрээ ДАШТ-ий “Дэд аваргаар” шалгарч мөнгөн медаль цомын эзэд болсон юм. Түүнчлэн Moon dance хамтлаг ес дэх удаагаа ДАШТ-д өрсөлдөж байгаа нь юм.

Наадмын түрүү бөх дахиад л допингтой нэр холбогдов

Энэ жилийн Үндэсний их баян наадмын хүчит бөхийн барилдааны түрүүг Архангай аймгийн харьяат М.Бадарч түрүүлж, арслан цол хүртсэн. Харин Өвөрхангай аймгийн харьяат Ц.Бямба-Отгон үзүүрлэсэн юм. Үүний дараа М.Бадарчийн шинжилгээнээс допинг илэрч олныг цочирдуулав. Улмаар түрүү бөх М.Бадарч B сорьцоо шинжлүүлсэн ч допинг нь баталгаажсан юм.

Эргэн сануулахад 2019 онд Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны түрүү бөхөөр тодорч байсан Э.Оюунболдоос допинг илэрч байсан юм.

Азийн наадмын аварга болсон Б.Чинзоригоос допинг илрэв

ДАШТ-ий мөнгөн медальт тамирчин Б.Чинзориг Ханжоугийн  Азийн наадамд амжилттай оролцож алтан медаль авсан. Харин түүний Азийн аваргын шинжилгээний сорьцоос допинг илэрсэн юм. Сагсанбөмбөгийн холбооноос Б.Чинзоригийг шигшээ багаас хассан. 


Тэрбээр допингийн асуудалтай холбогдуулан “Би допинг хэрэглээгүй гэдэгтээ 100 хувь итгэлтэй байна. Тэр бодис яаж миний биед орсон юм бүү мэд” хэмээн арбитрын шүүхэд хандана хэмээн мэдэгдэж байсан юм.




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.5.206.28
    2023/12/26

    юун сагсан бөмбөг вэ бокс тамирчин байхад

    Хариулах
  • 66.181.191.153
    2023/12/26

    Oilgoloo

    Хариулах