Цогтын хадны бичгийг ЮНЕСКО-д бүртгүүллээ

Х.Батсайхан
2023/12/28

"Чингис хаан" үндэсний музейд өнөөдөр “Халхын Цогт Хунтайжийн хадны бичээс”-ийг ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Олон улсын баримтат өвийн жагсаалтад бүртгүүлсэн батламж гардуулах ёслолын ажиллагаа, мөн хэлэлцүүлэг болно. 

Халхын Цогт хун тайж нь Манжийн эсрэг тэмцэж яваад амиа алдсан эх орончоос гадна бясалгагч, бичгийн хүн байсан бөгөөд Цогтын хадны бичигт долоон бадаг бүхий доорх шүлгийг сийлж үлдээсэн байдаг юм.  

Дээр тэнгэр хааны аху (оршихуй гэсэн утгаар) хийгээд

Дэлхий дахь хан богдсын аху газар

Дээр дорын ялгал (буй) боловч

Жаргал, хайрлал хоёрын агаар нэгэн буй.


Агинистайн агуй дахь бодиства нар хийгээд

Алтан дэлхий дэх бодь сэтгэлтэн хоёрын

Ахуй газар ангид боловч

Асрах нигүүлсэхийн агаар нэгэн буй.


Энд Хан Богдсын сайн түшмэл хийгээд

Эргүүлэгч эрлэг хааны их ноёд хоёрын

Ёс өнгө өөр боловч

Зөв бурууг ялгахын агаар нэгэн буй.


Олз идэш олон ядагч хүмүүн хийгээд

Уул модонд явагч араатан хоёрын

Аху бие ангид боловч

Алан идэхийн агаар нэгэн буй.


Хол ойроос хулгай хийгч хүн хийгээд

Хотыг эргэн гэтэгч чоно хоёрын

Илт бие дүр өөр боловч

Идэхийг хүсэх сэтгэлийн агаар нэгэн буй.


Онон мөрөнд ахуй Халуут эгч минь хийгээд

Орхон Туулд агч өвчит бид хоёр

Халх Онигуудын газар хол боловч

Хайрлан саналцахын агаар нэгэн буй за.


Энэ биендээн эс золголцвоос

Эгүүнээс хойш төрөл тутамдаан

Эх нь гагц хүүхнээн хайрлах мэт

Элдэв үйлээр туслалцах болтугай.

 

   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна