PDAC 2024-Н ЭРГЭН ТОЙРОНД

Х.Есү
2024/03/07

Дэлхийн уул уурхайн салбарын томоохон чуулган Prospectors & Developers Association of Canada conference (PDAC) амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Энэ удаад чуулганы эргэн тойронд юу болж, ямар үр дүн гарсныг сонирхоцгооё. 

  • PDAC-н талаар мэдэхгүй нэгэнд: Тус арга хэмжээ Канадын Торонто хотод зохиогдож BHP (BHP), Rio Tinto (RIO) зэрэг хувийн хэвшлийн томчуудаас эхлээд салбарын сайд нарын цугладаг өргөн цар хүрээтэй арга хэмжээ юм. 

Ганзага дүүрэн

PDAC-н үеэр томоохон хөрөнгө оруулалт, хамтран ажиллагааны гэрээ үзэглэж ганзага дүүрэн буцсан орнууд нэлээд их байлаа. Тэднээс хамгийн онцлог нь алт, мөнгө, зэсээр баялаг Эквадор байсан бөгөөд тэд 6 хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэж нийтдээ $4.8 тэрбумын хөрөнгө оруулалт татахаар болжээ. Цаашлаад Австрали болон Канад чухал ашигт малтмалын хайгуул, олборлолтын чиглэлээр хамтран ажиллахаар болов. Өөр юу болов? 

  • Зэсээс дэлхийн ирээдүй шалтгаална: Эрчим хүчний шилжилттэй холбоотойгоор уул уурхайн гол олборлолтын бүтээгдэхүүнүүдийн эрэлт 2035 он хүртэл жил бүр 3.7% өсөх төлөвтэй байна. Улмаар тус салбарын луугарууд ирээдүйд зэсийн нийлүүлэлт эрэлтээ давахгүй байх эрсдэл бий болж буйг онцлов. 
  • Хайгуулаа хий: Цаашлаад чуулганаар лити, кобальтын эрэлт нэмэгдэх нь ойлгомжтой байгаа тул Монгол шиг газрын ховор элементийн нөөцтэй улсууд хайгуулын ажлаа эрчимжүүлэх шаардлагатайг харуулах шиг. Сонирхуулахад, Rio Tinto ирэх жилүүдээс литийн олборлолт руу орох бололтой. Ер нь л EV эрчийг авч байгаа тул тэр зүгт хөдөлнө өө л гэнэ.

Монгол: Хайгуулаа эрчимжүүлэхэд нэг алхам ойртлоо

Тус чуулганд Монгол 2 дахь жилдээ оролцож байгаа. Чуулганы үеэр Монгол дахь чухал ашигт малтмалын хайгуулын компаниудын шаардлагыг хангасан дата бэлтгэх ажилд ₮40 тэрбумыг төсөвлөсөн гэнэ шүү. Улмаар геологийн суурь судалгааны ОУ-ын нээлттэй тендер зарлагдах гэж байгаа юм байна. 

Эцэст нь… Сүүлийн жилүүдэд хүлэмжийн хийн ялгаруулалтад хамгийн их оролцоотой уул уурхайн салбар хүртэл ногоорно гээд яриад байна. Эхнээсээ Канадын ЗГ-аас Rio Tinto-н Төмрийн хүдрийн компанид төмрийн хүдрийн боловсруулалтыг нь нүүрсгүйжүүлэхийн тулд  $18.1 саяын татаас олгосон аж. Нүүрс моодноос мөд гарахгүй гэж бодох ч том эндүүрэл болж дээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна